Украйны Ерөнхийлөгч сонголтоо хийлээ

Twitter Print
2013 оны 12-р сар 18-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Украйны Ерөнхийлөгч Владимир Янукович ОХУ-аас өчигдөр 15 тэрбум долларын зээл авч дөнгөв. За яахав, авдагаа авчихлаа гэхэд Европын холбоотой хийсэн гэрээ хэлцэл яахав. Бас хамгийн гол нь Украйны олон нийт Европын холбоонд нэгдэхийг тэсэн ядан хүлээж, шийдвэртэй зоримог алхам хийхийг түүнээс тулган шаардаж байгаа энэ цаг үед Оросуудын “атганд” ингээд шууд яваад орчихоор чухам яаж хүлээж авах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Янукович Украйны эдийн засгийг сэлбэн тордох арга замыг зүйл бүрээр хайж байгаа боловч горьдлого төрүүлчихээр ганц учиг олдохгүй удсаны эцэст нь ийм зам сонгосон байх. Тэрээр Хятадуудад нилээн найдлага тавьж  албан ёсны айлчлалаар “бадар” барьж очоод ч бүтсэн юм байхгүй ганзага хоосон ирсэн. Хөрш Белоруссын ерөнхийлөгч Хятадаас багагүй зээл тусламж салгасан болохоор тэр хэмжээнээс дутахааргүй зээл олж авахыг төлөвлөж албан ёсны айлчлалын бэлтгэлийг эртнээс хангаад байсан билээ. Гэвч Хятадууд юм хялайлгаагүй учраас Янукович Европын холбоо, ОХУ-ын дунд “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг хөөрхийлөлтэй болж хоцорсон.

Энэ онд найм дахь удаагаа уулзаж байгаа Владимир Путин, Виктор Янукович нар хоёр орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар энэ удаа нухацтай ярилцлаа. Уулзалтаар хэлэлцэх маш олон тооны баримт бичиг байсан бөгөөд эдгээрээс голлон ОХУ, Украйн улсуудын худалдааны бараа эргэлтийг өсгөх, бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулсан байна. ОХУ худалдаа, эдийн засгийн эргэлтийн хувьд Украины хамгийн ойр дотно түнш байсан хэдий ч сүүлийн жилүүдэд харилцаа хөндийрч хамтын ажиллагаа уналтад ороод байсан билээ. Владимир Путины тэмдэглэснээр эл нөхцөл байдлыг одоо өөрчлөх баримт бичигт хоёр талаас гарын үсэг зурсан байна. ОХУ дэлхийн эдийн засгийн хямралын улмаас хүндхэн байдалд ороод байгаа Украины эдийн засагт бодитой тусламж үзүүлэх тухай албан ёсоор мэдэгдсэн. Оросын холбооны нөөцийн сангаас гарч байгаа 15 тэрбум доллар Украинд үнэт цаас хэлбэрээр очно.

Харин энэ зээлийг өөр ямар ч болзол, нөхцөлгүйгээр олгож байгааг Владимир Путин онцолсон байна. Үүгээр хоёр улсын албан ёсны гэрээ хэлцэл дуусч Украйн улс Европын Гаалийн холбоонд нэгдэхээргүй  болж орхив. Харин энэ бүхний цаана сайнтай муутай олон асуудал нээлттэй үлдэж байгаа, сайн тал нь гэвэл юуны түрүүн байгалийн хий худалдан авах гэрээ Украйны талд ашигтай болж байх шиг байна. Нэг кубметр байгалийн хийг бүтэн хагас үнээр доош татаж 400 доллар байсныг нь 268 доллар хүртэл буулгасан нь одоохондоо боломжийн үнэ ханш болж байгаа аж.

Гэхдээ удахгүй урт хугацааны гэрээ хэлцэл хийхээр үнэ цэнд ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй. Муу тал нь гэвэл ойлгомжтой, Европын холбооноос тавьж байгаа олон шаардлагууд байна, дээр нь Оросуудыг эсэргүүцсээр ирсэн дотоодын сөрөг хүчин Киев болон бусад томоохон хот, суурингуудад засгийн газрын эсрэг эмх замбараагүй байдал үүсгэж, дэвэргэн хөөрөгдөх нь тодорхой байхаа.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.