
Энэ сарын 2-ноос эхлэн Их Британийн Нэгдсэн улс даяар Хатан хаан Элизабетын хаан ширээнд суусны 70 жилийн ойг тэмдэглэж байна. 96 настай Хатан хаан Элизабетын хувьд Английг 1000-аад онд захирч байсан I Вильгельм хаанаас хойш Их Британийн Нэгдсэн Вант улсын хаан ширээнд хамгийн олон жил заларч байгаа анхны язгууртан болж байгаа юм.
Хатан хаан Элизабетын хаан ширээнд суусны 70 жилийн ойн арга хэмжээ 4 хоног үргэжлэх бөгөөд Их Британи даяар энэ пүрэв, баасан гарагийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлажээ. Пүрэв гарагт эхэлсэн баярын эхний арга хэмжээ нь Хатан хааны цэргүүдийн Букингемийн ордноос Лондон хотын төв, Лондон хотын төвөөс Букингемийн ордон хүртэлх ёслолын жагсаал байв.
Өглөө 10 цагаас эхэлсэн тус ёслолын жагсаалд 500 орчим цэрэг офицерууд, 350 морь оролцсон байна.
Жагсаалын дараа уламжлал ёсоор агаарын шоу болсон ба тус шоунд Их Британийн Агаарын зэвсэгт хүчний 70 орчим онгоц оролцжээ. Онгоцнууд Букингемийн ордны дээгүүр ниссэн ба агаарын шоу "Улаан сум" агаарын отрядын үзүүлбэрээр төгссөн байна.
Эрүүл мэндийн асуудлаас болж хатан хаан Элизабет сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй байсан ч ойн баярт нь зориулсан агаарын шоуг үзэж сонирхохоор Букингемийн ордны тагтан дээр гарч ирсэн байна.
Букингемийн ордноос хатан хаан Элизабет баасан гарагт Гэгээн Полын сүмд болох талархлын хуралд оролцохгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн Хатан хаан Элизабет ирэх бямба гарагт болох Дерби морины уралдааныг үзэх эсэх нь тодорхойгүй байна. Бямба гарагт Букингемийн ордны гадаа ойн баярын тоглолт болох ба тоглолтонд дэлхийн алдартай одууд оролцох аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ромын пап лам Францис, Их Британийн өмнөх Ерөнхий сайд нар хатан хаан Элизабетад баярын мэндчилгээ илгээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn