Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/

Twitter Print
2017 оны 10-р сар 21-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм.

Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн, устах аюулд орсон/ Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-5: Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид

Сибирийн гүлмэр

Сибирийн гүлмэр / Hynobius keyserlingii / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг болох гүлмэрийн овогт багтана. Тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар амьдарна. Шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгнэ.

Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн популяцийг хамгаалах, алж устгахыг хориглосон. 

5 дугаар сарын эцсээр түрс шахах ба эмэгчин гүлмэрийн гаргасан түрсний хос уут бүрд 30-60 өндөг байна. 2 сар орчим болоод түрснээс залуу амьтан гарах ба 8 дугаар сард хуурай газарт шилжиж амьдардаг.

Биологич Н.Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд Голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна. 

Сибирийн шивэр гүлмэр гэдэг нь Монголын улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгч юм. Шивэр гүлмэр буюу Сибирийн гүлмэрийг латинаар Hynobius keyserlingii, хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг, гүлмэрийн овогт багтана. Шивэр гүлмэр нь хоёр нутагтны бүлэг дотор хамгийн өргөн тархалттайд тооцогддог ажээ. Тэрээр дэлхийн хэмжээнд 12 сая м2 нутагт тархсан бөгөөд ОХУ, Казахстан, Хятад, Монгол, БНАСАУ, Японы нутаг дэвсгэрт амьдардаг. Манай орны умард нутгийн ой тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар зонхилон амьдардаг ажээ. Шивэр гүлмэр нь шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгдэг ажээ.

Монголд далайн түвшинээс дээш 600-2200м-ийн өндөрт тохиолдох бөгөөд энэ зүйлийн тархац манай орны 202,083 км2 талбайг эзэлдэг. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн тархалтыг хамгаалах, алж устгахыг хориглосон байдаг тухай Үндэстний нэвтэрхий тольд дурджээ.

Говийн Махир хуруут 

Говийн Махир хуруут Геккон / Gymnodactylus elongatus Blanf / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох Геккон гүрвэлийн овогт багтана. 

Биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг гүрвэл. Их биеийн урт 58 мм, сүүл нь 75 мм-ээс уртгүй, их биеийн уртыг сүүлний уртад харьцуулсан харьцаа 0,7-0,8. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай, тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагираглаж байрласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байна. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар. Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл 5-6, сүүлэн дээрээ 7-10 бор юмуу хүрэн хөндлөн судалтай. Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд нь тод, сүүлний үзүүр хэсэг цагаан. Эр гүрвэл 4-7 ширхэг сүвтэй тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг. Эм гүрвэлд эдгээр сүв байхгүй. 

Бүс нутгийн тархац

Алтайн өвөр говийн Шар хулсны баянбүрд, Ногоон цав, Ингэн хөөвөрийн хоолой, Цуглабарын нуруу зэрэг цөлийн хадархаг нутаг, Цувраа хар, Хэрмэн цав, Наран булаг, Хайч уулд тохиолдоно. Энэ зүйл Зулганайн баянбүрдэд байдаг. Монголд далайн түвшнөөс дээш 700-1300м өндөрт нутаглах бөгөөд түүний идэш тэжээлийн нөөц нэн хязгаарлагдмал, өвөрмөц орчинд амьдардаг.

Монголд 28,549км2 нутагт тархжээ. Чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газарт амьдарна. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөвөрийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ. 

Тэмээнсүүл могой

Тэмээнсүүл могой / Eryx tataricus lichtenstein / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн могойн салбар баг болох Аварга могойны овогт багтана. 

Тархац

Монгол орны говийн бүс нутаг буюу Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор элс ихтэй газар, заг зээргэнэ, хармаг, торлог, сөөг бүхий довцог, сухай, зэгстэй баянбүрдүүдээр амьдардаг. Аварга могойн овогт хамаарах боловч тийм том биетэй биш. Нутгийн иргэд Олгой хорхой гэж нэрлэдэг тал бий. Гадна төрхөөрөө бусад могойноос ялгардаг. Олгой шиг толгой, мухар сүүлтэй. Харагдах төрхөөс нь Тэмээн сүүл гэж нэрлэснийг шинжлэх ухаанд авч хэрэглэжээ.

Биеийн бүтэц

Биеийн урт нь 98 сантиметр, сүүлний урт нь 7-8 сантиметр. Их бие нь шаравтар бор өнгөтэй, түүн дээр бор хүрэн, хар хүрэн өнгийн торлосон толбууд нуруу болон хажуугаар байрлана. Хэвлийн өнгө нь цайвар боловч толбо нь нилүүн шигүү байрласан байдаг. Нүд яльгүй дээш чиглэсэн байдаг. Энэ могой ховорт тооцогдох учраас Монгол улсын “Улаан ном”-д орсон. Идээшиж дассан газрынхаа элсэнд түлэгдэж үхэх тохиолдол байдаг. Зуны ид халуунд говьд газрын хөрс 60 хэм хүрч халах тохиолдол бий. Ийм үед бутны сүүдэрт орох эсвэл аргал, модон дээр гарч халуун элснээс биеэ хамгаалдаг. Зарим үед элсэн доогуур гүрвэлзэн явна. Иймээс зуны ид халуунд өдрийн цагаар бараг л үзэгдэхгүй. Нарны эрч буурсан өглөө оройны сэрүүнд хөдөлгөөн нь идэвхжиж хоол тэжээлээ олж иддэг.

Харин хавар, намрын улиралд өдрийн турш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг байна. Янз бүрийн мэрэгч амьтан хулгана, чичүүл, зусаг гэх мэт мэрэгч амьтдаас гадна шувууны ангаахай, дэгдээхэйгээр ч хооллоно. 9 дүгээр сарын сүүлээр ичээндээ орох бөгөөд нүх, ургамлын үндэс, хадны хонгил хөндий, орон байрны хонгил гээд дулаан ая тухтай газрыг сонгодог. Дөрөвдүгээр сарын дунд үеэс ичээнээс гарч, тавдугаар сарын эхээр үржилд ордог. 

Үржил

Үржилд орсноос хойш сар гаруй хугацааны дараа буюу зургадугаар сарын дундуур 7-9 зулзага гаргана. Мөлхөгчдийн зарим нь өндөг төрүүлдэг ч тэмээн сүүл могойны хувьд зулзага гаргана. Могойн зулзага нялзрай биш бөгөөд эхээс төрөнгүүтээ л хоол тэжээлээ олж идэхээр гадагшилна. Түүний гол дайсан бол зараа бөгөөд зараа нь могойны маханд маш дуртай ажээ.

Дорнодын мэлхий

Дорнодын мэлхий / Rana Chensinesis David / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлгүй хоёр нутагтны баг болох мэлхийн овогт багтана. Энэ мэлхий экологийн талаар өвсний мэлхийн бүлэгт багтана. 

Rana chensinensis буюу Дорнодын мэлхий нь 24 хромсомтой байдгаараа бор мэлхийн бүлгийн бусад зүйлээс эрс ялгагддаг (Боркин, 1975). Дарьганга болон Их Хянганы уулсаар тусгаарлагдсан хоёр тусдаа популяци манай оронд амьдарч байгаа бөгөөд тэд генетикийн хувьд хоорондоо ялгаатай салбар зүйл юмуу бүр бие даасан зүйл ч байх магадлалтай юм.

Биеийн бүтэц

Биеийн урт нь 6.4 сантиметр, хэнгэрэг сайж хөгжсөн, нуруу биеийн хажуу тал нь олон тооны жижиг мөхлөгүүдтэй, биеийн ерөнхий зүс нь бор, хажуу талын төвгөрүүдийг тойрсон бараан толботой. Гуяны дээгүүр хэд хэдэн хөндлөн хар судалтай. Нүдний өмнөд өнцгөөс эхлэн хамрын сүвийг дайрч хоншоорын үзүүр хүрсэн бараан судалтай. Мөн далны орчим бараан судалтай. Нурууны хажуугийн хуниас цайвар өнгөтэй, гуяны дотор тал ногоовтор, хэвлий цайвар.

Тархац

Дорнод Монголын бус нутагт Дагшийн гол, Хусын гол, Халхын гол, Азаргын гол, Хөх нуур, Дэгээ гол, Хонгорын гол, Матад сумын нутаг зэрэг Дорнод Монголын 9 газраас энэ зүйл мэлхийг тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ зүйлийн эзлэн амьдрах нутгийн талбай 19,995 км2. ажээ. Дорнодын мэлхийн тархац нутгийн 15 орчим хувь нь Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагджээ. Гол горхины хайргатай ёроолд шурган орж өвөлждөг. Хавар эрт усны гүехэн, наран ээвэр газар төрцөө шахдаг. Нэг мэлхий 1800 орчим төрц шахдаг байна. Шанаганцар нь элдэв зүйлийн замаг ургамлын ялзарсан үлдэгдэл, дээд ургамлын эд эрхтний хэсгээр хооллоно. Нас биенд гүйцэхээр төрөл бүхийн сээр нуруугүй амьтадыг барьж иднэ. Ган зуд хуурайшилт, цаг уурын эрс онцгой өөрчлөлтийн үед их мэдрэмтгий эмзэг байдаг байна.

Одоогоор Сүхбаатар аймгийн Дариганга сумын нутаг Ганга нуур, Дагшийн гол, Дуут нуур, Наран сумын нутаг, Дорнод аймгийн халх гол сумын нутаг Азаргын гол, Ар нөмрөг, Хусын гол зэрэг газар тэмдэглэгджээ. 

Толбот могой гүрвэл

Толбот могой гүрвэл / Eremias Arguta Potanini / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох жинхэнэ гүрвэлийн овогт багтана. Монгол орны ховор амьтан. Агь шарилж аруу таруу ургасан чулуут цөлийн ганга жалганы хөвөө дагаж оршино. Заримдаа дэрс, хялгана бүхий элсэрхэг газар тохиолдоно. Ховд аймгийн Алтай, Үенч сумын нутаг, Хонин усны говь зэрэг газраар тархжээ.

Биеийн бүтэц

Биеийн урт 95 мм, сүүл богино. Зүс цайвардуу бор хүрэн. Нурууны хоёр талаар үргэлжлэн эгнэсэн цөөн хүрэн толботой. Хэвэл цайвар. Духны хайрс гүн ховилтой, шилбэний дотор талын гадна эгнээний хайрс жижгэвтэр зэрэг шинжээрээ монголын бусад гүрвэлээс ялгаатай.

Амьдралын онцлог

Цох, эрвээхэй, шоргоолж, бясаа, царцаа, ялаа зэрэг шавьжаар хооллоно. Ү дугаар сард ороо хөөцөлдөө болж, YI сарын эхээр YI хүртэл өндөг гаргана. IX сарын дундуур зулзаган гүрвэлийн урт 43 мм, жин 1090 мг хүрдэг.

Нэг га талбайд 3-29 бодгаль байдаг. Судалгаанаас үзэхэд, зараа, үнэг, хярс, дэглий, харцага, шонхор, cap, элээ, бүргэд, тоодог, хэрээ, сум могой, бамбай хоншоорт могой зэрэг амьтдаар хооллоно. Монгол дахь нутаг энэ гүрвэлийн дэлхийн тархацын хамгийн зүүн зах хязгаар учир амьдрах орчныг доройтуулахад тоо толгой хорогдох аюултай. 

Нарийхан могой

Нарийхан могой / Coluber Spinalis Peters / ньмогойн салбар баг болох хар могойн овогт багтана. Монгол улсын ховор амьтан.Бутлаг ургамал, тачирхан ургасан чулуут цөл, элстэй нутаг, хуурай хээрт амьдарна. Монгол алтайн өмнөд бэл, Аж богд, Захуй, Их богд, Орог нуур, Хоолойн гашуун, Холбоолж нуур, Тост, Буур, Дэлгэрхангай, Өвөрхангай аймгийн урд тал, Дорноговь аймгийн Сулинхээр зэрэг газраар тархжээ. Алж устгахыг хориглосон.

Бүтэц

Их биеийн урт 86 см хүрдэг дунд зэргийн хэмжээтэй могой. Сүүл нь их биеийхээ уртаас 3-4 дахин богинохон. Маш нарийхан биетэй. Их биеийн өнгө цайвар бор дух зулайн хайрснаас эхлэн нурууны тууш дагууд цагаан шаргал өнгийн тод судалтай. Энэ судлын 2 талаар нэлэнхий үргэлжилсэн юмуу тасархайтсан нарийхан хар зураас эмжин байрлана. Дээд уруул, нүдний өмнөх болон нүдний арын бамбай хайрсууд цайвар шар юмуу цагаан өнгөтэй. Хоншоор дугуйвтар бөгөөд дээд талын нь хавтгай. Нүдний өмнөх хайрс 2-1. Нүдний арын хайрс 2, дээд уруулын хайрс 7-8. Их биеийн нэг эгнээ хайрс 17 хэвлийн хайрс 188-207 Сүүлний доод хайрс 91-101 хос хайрстай байна.

Амьдрах төлөв

Цөл, цөлөрхөг хээр, хуурай хээрийн бүсийн хад асгатай уулсын энгэр, бэл, дэрс, хармаг, бударгана зэрэг бут, сөөг бүхий элсэрхэг хөрстэй газар амьдарна. Алтайн өвөр говийн Захуй, Зарман, Аж Богд, Тост, Ноён, Говь Алтайн нурууны Их Богд, Нууруудын хөндийд Орог нуур, Холбоолж нуур, Хангай нурууны зүүн өмнөд үзүүр, Умард говийн Дэлгэрхангай, Баян дов, Талын худаг, Алашань говийн Буурын нуруу, Ханбогд, Зурамтай уул, Хоолойн гашуун, Дорнодговь, Дарьганга Сулинхээр зэрэг газраас тэмдэглэжээ. 

Хоололт

Хулгана зурам болон жижиг мэргэчид, шувуу болон мөлхөгчдын өндгөөр хооллоно. 

Ховордолтын шалтгаан

Жил дараалсан ган гачиг, говийн баян бүрдүүдийн доройтол, булаг шандын ширгэлт зэрэг нь энэ зүйлийн тоо толгойг бууруулах үндсэн шалтгаан болно. Түлээ, түлшний зорилгоор мод бутыг түүх, ашигт малтмалын хайгуул, олборлолт зэрэг аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчны хомсдол бий болж, тархац нутаг нь хумигдан, нягтшил нь буурах магадлал нэн өндөр юм.

Холбоотой мэдээлэл:

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-1/ 

http://mongolcom.mn/like/22247

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/ 

http://mongolcom.mn/like/22378

Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/ 

http://mongolcom.mn/read/22613

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/ 

http://mongolcom.mn/like/23177

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.