Шотландчууд тусгаар тогтнол хүссээр байна

Twitter Print
2015 оны 05-р сар 19-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Их  Британийн парламентийн сонгуульд ялалт байгуулсан Дэвид Кэмерон Шотландад тусгаар тогтнолын дахин сонгуульд аль болохоор саад хийхийг зорьж байгаа бол харин Шотландын үндэсний үзэлтнүүд тусгаар тогтнолын төлөө харилцан яриаг төгсгөл болоогүй гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн зууны сүүлчээс тусгаар тогтнолын төлөө тэмцэх болсон Шотландын бүс нутаг өнгөрсөн хугацаанд Эдинбургт төвтэй автономит парламентийн засаглалтай болсон билээ.  Гэтэл өнгөрсөн 20 жилийн дотор нэгдсэн вант улсаас бүрэн тусгаарлагдах үзэл санаа газар авч Шотландын үндэсний намын дарга Никола Стержен тэргүүтэй үндэсний үзэлтнүүд бүх нийтийн санал асуулга явуулсан боловч амжилтад хүрээгүй тул одоо дахин санал асуулга явуулах зорилго тавьж байна.

Британийн ерөнхий сайдаар дахин сонгогдсон Дэвид Кэмерон харин үүнйи эсрэг байр суурьтай байгаа бөгөөд санал асуулга явуулахгүй гэж мэдэгдээд байна.  

Харин улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар, Британи улс Шотландыг алдах бүрэн боломж бүрдээд байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын  7-нд явагдсан парламентийн сонгуулиар Шотландын үндэсний нам (SNP) үнэмлэхүй ялалт байгуулж, Вестминстерийн ордон дахь Шотландын нийт 59 суудлын  56 авсан байна.  Британий парламентад өмнө нь ердөө зургаан суудал эзэлж байсан Шотландчуудын энэ амжилт Их Британиас Шотландыг бүрэн тусгаарлах өргөн боломж нээж өгчээ. Тиймээс ч Шотландын үндэсний намынхан тусгаар тогтнолын төлөө дахин санал асуулга явуулахад итгэл төгс байгаа аж.

Тус намын тэргүүн Никола Стержен дахин санал асуулгаар ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж,  "Санал асуулга олон сараар, бүтэн жилээр үргэлжлэх байлаа ч гэсэн Шотландчуудын 60 хувь тусгаар тогтнолын төлөө саналаа өгнө. Эс тохиолдолд дахин санал асуулгын тухай асуудал олон жилээр орхигдох учраас манай нам эрсдэл үүрэхэд бэлэн" гэж тэмдэглэжээ.

2014 оны есдүгээр сард явагдсан өнгөрсөн санал асуулгаар Шотландын тусгаар тогтнолын төлөө тус бүс нутгийн иргэдийн 55,3 хувь Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарахгүй гэсэн санал өгсөн бол 44,7 хувь нь бүс тусгаар тогтнох саналтай байсан билээ.

Энэ сарын дундуур явагдсан Британийн парламентийн сонгуулийн явц олон улсын тавцанд онцгой анхаарал татаж байсны дотор Британи улс Европын Холбооноос гарах тухай санал асуулга барууны орнуудын холбоонд ан цав гарч байгааг илтгэж, мөн Шотланд тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга дахин явуулах тухай асуудал яригдаж байсан билээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.