
Өнгөрсөн бямба гарагийн орой Израилийн засгийн газраас санаачилсан шүүхийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтийн эсрэг жагсаалд олон зуун мянган иргэд нэгджээ.
Шүүгчдийн эрх мэдлийг бууруулах зорилготой тус хуулийн төсөл нь Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэлснээр төрийн агентлагууд хоорондын тэнцвэртэй байдлыг бий болгох бол сөрөг хүчнийхэн уг хуулийн төсөл нь ардчиллыг үгүй хийнэ гэж үзэж байна.
Бямба гарагийн жагсаалд Израиль даяар ойролцоогоор 500 мянган хүн оролцсон нь Израилийн түүхэн дэх хамгийн олон хүн хамрагдсан хамгийн том жагсаал болж байгааг зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.
Тель-Авив хотод болсон жагсаалд 200 мянга орчим хүн, хойд зүгийн Хайфа хотод болсон жагсаалд 50 мянган хүн тус бүр оролцсон ба жагсагчдын дийлэнх нь Израиль улсын төрийн далбааг барьсан байв.
Өмнөд зүгийн Беэр-Шева хотод болсон жагсаалын үеэр Израилийн сөрөг хүчний тэргүүн Яир Лапид, "Терроризмын давалгаа, эдийн засгийн хямрал, Иран-Саудын Арабын зөвшилцөл зэрэг ноцтой олон асуудал байхад засгийн газар Израилийн ардчиллыг үгүй хийх тухай л бодож байна." хэмээн мэдэгджээ.
Израилийн засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь эрх баригчдад шүүгчдийг томилох үйл явцад нөлөөлөх эрхийг олгохоос гадна эрх баригчдын эсрэг шийдвэр гаргах, эрх баригчдын баталсан хуулийг цуцлах шүүгчдийн эрх мэдлийг хязгаарлах тухай тусгасан байгаа аж.
Уг хуулийн төслийг Израилийн зэвсэгт хүчний гол тулгуур гэгддэг Израилийн армийн албан хаагчид эсэргүүцэж буйгаа илэрхийлж, алба хаахаасаа татгалзахаа мэдэгдээд байна.
Өнгөрсөн даваа гарагт Израилийн агаарын нисэх хүчний сөнөөгч онгоцны хэдэн арван нисгэгчид эсэргүүцлээ илэрхийлж, сургуулилтанд гарахгүй гэдгээ мэдэгдсэн бол өнгөрсөн пүрэв гарагт жагсагчид Ром руу нисэхээр явж байсан Ерөнхий сайд Б. Нетаньяхугийн замд саад болохыг оролдож, авто замыг хэсэгчлэн хаасан байна.
Израилийн засгийн газар 10 дахь долоо хоногоо үргэлжилж буй жагсаал цуглаан нь сөрөг хүчнийхний өдөөн хатгалтаар болж байгаа хэмээн мэдэгдэж, хуулийн төслөө эргүүлэн татахаас татгалзсаар байна.
Ажиглагчид Израилийн засгийн газраас санаачилсан дээрх хуулийн төсөл нь шүүх тогтолцоог улстөржүүлж, авторитар дэглэмд хөтөлнө гэж үзэж байгаа бол Ерөнхий сайд Б. Нетаньяху уг хуулийн төсөл нь шүүгчдийн эрх мэдлээ урвуулан ашигладаг явдлыг зогсооно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.