Хулганын барилдаан /Япон ардын үлгэр/

Twitter Print
2021 оны 01-р сар 14-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Эрт урьдын цагт нэгэн тосгонд ядуу боловч сайхан сэтгэлтэй өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Нэг өдөр өвгөн урьдын л адил уул руу явж байтал “Алив, алив! Унаагүй шүү, унаагүй” гэх дуу сонсогдов. “Үгүй энэ чинь юуны дуу байдаг билээ?” гэж бодоод өвгөн түр азнас хийн эргэн тойрноо ажиглатал хоёр хулгана сумо барилдаж байна гэнэ.

“Энэ чинь манай гэрийн туранхай оготно, Баян айлын тарган оготно хоёр уу даа” хэмээн танив. Өвгөний гэрт байдаг туранхай хулгана хүч тэнхээ тааруу учир хэдэн ч удаа барилдсан тарган хулганадаа үргэлж ялагдаад байв.

Өвгөн гэртээ хариад сумоч хулгануудын талаарх болсон явдлыг эмгэндээ ярьж өгөв. “Хөөрхий минь, гэрийнхээ туранхай оготныг яаж ийгээд ялуулчих юмсан даа” хэмээгээд эмгэн нэгэн арга сэдэж “Тэгвэл гэрийнхээ туранхай оготнод цагаан будааны бялуу идүүлж үзвэл ямар вэ? Хүч тэнхээтэй болгоно доо” гэхэд өвгөн үүнийг нь дэмжин “Тийм бол хийж өгье байз” гэв. Өвгөн эмгэн хоёр тэр дор нь цагаан будааны бялуу хийж туранхай хулганын амьдардаг нүх рүү өнхрүүлж орхив.

Дараагийн өдөр нь тарган, туранхай хулганууд дахин сумо барилдаж эхлэв. Гэхдээ энэ удаа өвгөний гэрийн туранхай хулгана хэдэн ч удаа барилдсан дандаа ялж байв гэнэ. Ихэд гайхсан тарган хулгана туранхай хулганаас “Туранхай хулгана минь, гэнэт яаж ийм их хүч чадалтай болоо вэ?” гэж асуухад туранхай хулгана “Ээ хэхэхэ, үнэнийг хэлэхэд өчигдөр өвгөн эмгэн хоёр надад цагаан будааны бялуу өгсөн юм. Тэрийг идээд л ийм их чадалтай болчихлоо” гэв.

“Яасан сайхан хэрэг вэ, манай гэрийн эзэд баян боловч харамч учраас надад хэзээ ч цагаан будааны бялуу хийж өгдөггүй” хэмээн тарган хулгана гуньхран хэлэв. “Тэгвэл манайд хүрээд ир л дээ. Өвгөн ах өнөө орой ч бас цагаан будааны бялуу авчирч өгөх байх. Хоёулаа тал талаар нь хуваагаад идэцгээе” гэж туранхай хулгана уриалахад “Үнэн гэж үү? Маш их баяртай байна шүү” хэмээн тарган хулгана баярлав.

Үүнийг сонссон өвгөн цагаан будааны бялуунаас хоёрыг авчирч хулганын нүх рүү хийгээд, эмгэн хулгана тус бүрд бяцхан маваши(сумо бөхийн өмсгөл) оёж өгөв гэнэ. Гэртээ хариад хоёр хулгана цагаан будааны бялуу болон маваши-г олж хараад туйлын ихээр баярлав гэнэ.

Аз жаргалаар бялхсан тарган хулгана өвгөн эмгэн хоёрт алтан ембүү бэлэг болгон өгч хоёр хөгшин ч элбэг дэлбэг, баян сайхан амьдрах болсон гэнэ. Ядуу байлаа ч сайхан сэтгэлээ гээлгүй бусдад тусалж явбал хэзээ нэгэн цагт аз жаргал заавал хүрч ирдэг юм шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.