Д.Дорлигжав, Х.Тэмүжин нар нэг асуудлын хоёр талаас харамсал илэрхийлэв

Twitter Print
2015 оны 05-р сар 14-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа байхаар хуулийн төсөлд тусгасан юм. Мөн холбогдох бусад хуулийн хүрээнд олон зохицуулалт тусаад байгаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Тахарын албаны гүйцэтгэх ажиллагаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албатай хамааралгүй. Ардчилсан намаас байгуулагдсан Засгийн газрыг олонхи нь унагаж байхад, тухайлбал зарим нэг дараг нар унагаж байхад би харамсаж байна гэдэг үгийг гурван удаа хэлсэн. Одоо харин таван удаа харамсаж байна гэдэг үгийг хэлье. Шүүгч, прокурор нарын хамгаалалтыг шийддэг байсан байгууллагыг татан буулгаад шоронгийн харгалзагч нараар буцаагаад харуул хамгаалалт хийлгэх гэж байгаа юм билээ. Шүүх, прокурорын нэр хүнд ингэтлээ уначихсан юм уу. Гэрч, хохирогч нарыг ялтан харгалзагчаар хамгаалуулах гэж байна. Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай нийлүүлснээр Авлигатай тэмцэх газрын чинээний байгууллага бий болно.

Төрснөөсөө хойш үхэтлээ хяналтад байх шоронд суух тогтолцоог бий болгож байгаа. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан нам Засгийн эрхийг толгойлж байхдаа ийм орчин бүрдүүлж байгаад харамсаж байна. Тахарын албаны иргэний байдал үгүй болж, төрийн бус байгууллагуудтай түншилж хийх олон боломжийг үгүй хийлээ. Эрхээ зөрчүүлсэн иргэд, энэ намд итгэл үзүүлсэн юм шүү” гэлээ.

Үүнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “7 сарын 1-ний хэрэг явдлыг шалгах гэтэл цагдаагийн байгууллага шалгуулахгүй гэдэг нөхцөл байдал үүссэн. Энэ бол жинхэнэ утгаараа төрийн машин гацах хэрэгтэй нүүр тулсан. Ийм үндэслэлээр хуулийн шинэчлэл боловсруулах асуудал яригдаж, дээр нь нэмээд гэрч, хохирогчийг хамгаалах тухай асуудлыг нэмсэн.

Би бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол адаг нь юм, шүүх, прокурор нь дээд нь юм гэж ялгадаггүй, ялгаж болохгүй. Тэдний ажил албанд алдаа байгааг үгүйсгэхгүй, тийм ч учраас ажлыг нь сайжруулах шаардлага бий.

Би мөн Тахарыг албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэдэг муухай газар аваачаад хийчихлээ гэж харамсахгүй. Надад харамсаж байгаа ганцхан зүйл нь асуудлыг ойлгохыг хүсэхгүй байгаад харамсаж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Тахарын алба тахир дутуу болчих вий. Энэ бол хэрэгтэй алба. Хэдхэн сар ажиллахад нь хэрэгтэйг нь мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд нийлүүлснээр хэчнээн төгрөгийн төсөвтэй байх вэ, энэ чигээр нь ажиллуулахаар хэдэн төгрөг гараад байгаа юм. Энэ хуулийн эрх зүйн орчин яаж үйлчлэх вэ. Алдаа гарахгүй юу?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Ийм хуулиар ажиллахад ямар нэг доголдол бэрхшээл гарахгүй. 13 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байгаа, зорилтыг хэрэгжүүлээд явна гэвэл тоймгүй тоо гарна. Засгийн газар төсөв хасах тухай ярьж байгаа нөхцөлд ажиллах боломжгүй болно” гэсэн хариулт өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэзээ нэг энэ хоёр хүн дахин ингэж суух бол...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.