Үл үзэгдэх эрээн

Twitter Print
2015 оны 05-р сар 13-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Монгол орны Өвөрхангай аймгийн Богд сумын Их, Бага богдын хярд нэгэн амьтан хамгийн их тархжээ. Зэрвэсхэн харахад нохой, эсвэл мууртай андуурмаар шилүүс гэдэг амьтанг нутгийн иргэд "эрээн" гэж нэрлэжээ.

Шилүүс нь агнах олзоо салхины хурдаар буюу цагт 110 км, заримдаа 140 км хүртэл хурдлан агнадаг аж. Харамсалтай нь түүнд салхи татуулан хурдалж ид шидээ үзэх боломж тэр бүр гардаггүй. Учир нь "эрээн" авхайтны өргөө янгир л дүүлэх цавчим хадан цохион дунд байдаг тул гэрээ тойроод л хоолоо олоод идчихдэг байна.

Гэхдээ заримдаа дөрвөн мөчнийхөө шар усыг тэнийлгэмээр болсон үедээ тал руу бууж, зээр, бөхөн зэргийг хөөж зугаагаа гаргадаг. Бас түүний хараа бүргэдийнх шиг гайхалтай хурц. Довцог, толгод, цаашлаад өндөр хадан хясаан дээрээс талд бэлчээрлэж буй зээрийн сүрэг, зарим үед туулайг хүртэл олж хардаг гэнэ. Үүний дараа олзоо хараандаа тусгаж аваад алсаас мяраан бараг л хэвтээгээрээ мөлхөж гарна. 20-100 метрийн зайнаас үсэрч олз руугаа дайран агшин зуурт урд савраараа цохин унагаж, тэр дор нь хоолойг нь тас хаздаг аж.

Шилүүсний садан төрлүүд дэлхийн олон газарт тархжээ. Үеэл ах арслан, бар хоёр нь Африкийн ширэнгэн ойд, эцэг өөртэй ирвэс, мануул дүү нар нь Тэнгэр уул, цаст Гималайн ноён оргил, Тагна, Саяны нуруу дамжин Төв азид тэр дундаа Ар Халхын цаст Алтайн өндөр ууланд нүүдэл суудал хийсэн шигээ амьдралаа залгуулдаг.

Шилүүс бусад төрөл садныхаа адилаар цус сорох, нүүрээ угаах хоёрыг л өвлөжээ. Өглөө сэрүүт биеийнхээ чилээг гаргаж нэг сайн суниачихаад нүхнийхээ ойролцоох чулуу сандайлан урд хоёр хөлнийхөө тавхайг шүлсдэж байгаад л хошуу, хамар, нүд, чихний араа нямбай гэгч нь угаана. Эм шилүүс бүхнээс урьтан өөрийнхөө нүүрийг угааж ариун цэвэр сахичихаад зулзагануудынхаа хошуунаас аваад хошного хүртэл долоож, цэвэрлэнэ. Бас үсийг нь самнахаа мартахгүй. Орой ч мөн адил бүгдийнх нь нүүр гарыг угааж өгчихөөд хэвтэнэ.

Сүүлийн жилүүдэд зурд турхан нүүрлэснээс хотон дахь янгир нь өсөж үржих нь бүү хэл сүйрлийн ирмэгт хүрээд байна. Зарим газар янгиргүй болсон тул аргагүйн эрхэнд тал руу бууж, малчны хоттой хонинд мяраасан ч тохиолдол гарчээ. Монголчууд бид аливааг цээрлэдэг. Шилүүсийг ч бас сайнгүй гэж ярьдаг. Хэрэв малчны хотонд эрээн орж ирвэл хүний амины гарлагатай гэж үзэн тийм тохиолдол гарвал нэн даруй нүүдэл суудал хийдэг гэсэн юм.

Өвлийн эхэн сар гармагц зулзаганууд нас биед хүрч оноолт тавилангийнхаа зам мөрийг хөөнө. Мөн энэ үеэр өөрийнхөө гоо төрснийг гадарлах болсон шилүүс авхай орон гэртээ тогтохоо больж эр сүвтнүүдийг хуйлруулах шиг л болно. Эртэй чадалтай нь түүнийг өөрийн болгохын тулд арьсан дээлээ уралцах нь энүүхэнд. Тэднийг ийн уралцуулж байж гэмээнэ сая нэг юм бах нь ханаж, ид хавтайд нь өөрийгөө тушаана. Эм сүвтний төлөөх тулалдаанд ялсан баатар өөрийн отгыг буй болгож сүргийг ахлах агаад хүч чадал муутайханууд нь хос хоёрын нөмөрт багтдаг аж.

Эр, эм болсон хосууд гурван сарын дараа дөрөв хүртэлх тооны зулзага төрүүлж бүл нэмнэ. Эх нь тэднийгээ хоолоо залгуулахуйц хүртэл буюу найман сар хүртэл дагаж гүйнэ. Эх шилүүс зулзаганууддаа нүүр гараа цэвэрлэж сургахаас гадна мярааж, мөлхөх, ан хийж сурах зэрэг биеэ даагаад амьдрах хүртэл бүгдийг зааж өгдөг байна.

Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд эрээний тоо толгой эрс цөөрсөн. Үүний шалтгаан нь нутгийн иргэд хавх, буугаар олонтаа агнана, ялангуяа гэрийн мал, ямаа идсэн бол хөөж заавал агнахыг хичээнэ. Монгол Алтайн нурууны өвөр бэл Баянбулаг хавийн 600 км2 талбайд есөн шилүүс агнасан хэрэг гарч байжээ. Гантай жил зээр, гөрөөс, ногтруу алс нүүдэллэж, туулай ховордоход идэш эрж, арзгар хад чулуу, хайргат говиор тэнэсэн шилүүсний тавхай хагарч урагдан цус алдаж, үхэж хорогддог тохиолдол ч бий. Иймд устаж үгүй болох амьтны тоонд оруулж, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ddddd

      (112.72.13.60) 2015-05-13 18:58
      • 0
      • 0

      yamar ih ug usgiin aldaatai um be, mongol helnii zuv bichgiin damjaand suugaachee malaa

      Хариулах