Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд үнэгүй хамрагдах иргэд эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана

Twitter Print
2020 оны 01-р сар 03-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын чуулганы (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

эрт илрүүлэг зурган илэрцүүд

Ийнхүү хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хууль ямар журмаар, хэрхэн зохицуулагдах талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас товч тодрууллаа.

- Иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хуулийн дагуу хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хууль батлагдахаас өмнө Эрүүл мэндийн сайдын Хүн амын эрсдэлд суурилж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тухай А/420 дугаар тушаал 2018 оны аравдугаар сарын 18-нд гарсан байсан. Тэрхүү тушаалд 18-аас дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах талаар дурдсан байдаг бөгөөд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар хуваасан байсан.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлтээр батлагдсан долоон төрлийн үзлэг шинжилгээ нь Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал дээр суурилсан гэж хэлж болно. Хуулийг хэрэгжүүлэх журмаар бол илрүүлэг үзлэгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага хийнэ гэж заасан. Үүний дагуу тухайн иргэн өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвдөө хандан хуульд заасны дагуу насны ангиллаараар үзлэг шинжилгээнд орно гэсэн үг.

- Та хуульчлагдахаас өмнө нь эрт илрүүлгийн үзлэг хамруулах сайдын тушаал байсан гэж хэллээ. Тэгвэл хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө иргэд эрт илрүүлэгт хэр хамрагддаг байсан юм бэ?

- Мэдээж хүмүүсийн хамрагдалт нь маш бага хувьтай байсан. Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 79,800 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас хорт хавдрын 912 шинэ тохиолдол илэрсэн. Үүнээс элэгний хорт хавдар нь 530, умайн хүзүүний хорт хавдар 55, ходоод 48, уушги 2, түрүү булчирхайн хорт хавдар 219, улаан хоолойн хорт хавдар 58 илэрсэн.

Насны бүлгээр нь авч үзвэл 45-аас дээш насны иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд маш идэвхтэй хамрагдсан байна. Харин бидний хүсээд байгаа зүйл бол энэ хамрагдалтыг 100 хувь болгох юм. Тиймээс ч эрт илрүүлэгт заавал орох ёстойгоор хуульчилж өгсөн нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.

- Хуулийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 30 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэн 2020 оны Улсын төсөвт суулгасан. Энэ нь тоног төхөөрөмжид зарцуулагдана гэж байсан?

- Улсын төсөвт суусан 30 тэрбум төгрөг бол зөвхөн тоног төхөөрөмжид л зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, аль нэг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд ходоодны дуран, рентген аппарат байхгүй, эсвэл дутуу бол түүнийг нь нийлүүлэхэд зарцуулагдана гэсэн үг. Харин үзлэгт Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой.

- Ямар дарааллаар үзлэгт хамрагдана гэсэн үг вэ?

- Дээр дурдсанчлан Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд орох хүсэлтэй хүн өрхийн эмнэлэгтээ хандаж, эхний шатлалын үзлэгтээ орно. Хэрвээ үзлэгээр ямар нэг эрсдэл байгаа гэж эмч үзсэн тохиолдолд лавлагааг дараагийн шатлал руу илгээнэ.

Харин үзлэгээр эрүүл гэсэн оноштой гарсан бол Z гэсэн оноогоор дүгнэгдэж, дараа жил хүртэл зөвлөгөөгөө аваад явна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын эмнэлгүүдээс гадна магадлан итгэмжлэл авсан хувийн хэвшлийн эмнэлгүүд ч хийх боломжтой.

- Иргэдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

- Хорт хавдар бол өнөөдөр гэнэт үүсчихээд маргааш таныг өвтгөдөггүй. Жилд нэг миллиметрээр нэмэгдэж байдаг. Хорт хавдрыг эхний хоёр шатанд илрүүлбэл маш хурдан хугацаанд, бага зардлаар эдгээх боломжтой. 

Эх сурвалж: ikon.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.