Үлэмж марзан дүрэмт хувцас
Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэх үг бий. Цэрэгт татагдсан эрс бусдын тушаал заавар дор явж очихоо мэддэг бол мөн аль нэг дизайнеруудын "урласан" дүрэмт хувцас заавал ч үгүй өмсөх болдог. Цэрэгт очсон л бол харин хачин янзын хувцас өмсөхгүй гэх арга байхгүй, тийм танхайрал гэж хаа байхав. Гэвч дэлхийн улс орнуудын цэргийн дүрэмт хувцаснууд дотор зарим хаашаа гэмээр хувцас байдаг аж.
Грек
Энэ улсын цэргийн дүрэмт хувцас тун инээдтэй харагддаг аж. Гэхдээ энэ бол хүндэт харуулын дүрэмт хувцас. Тус улсын хамгийн ариун дагшин газрууд, тухайлбал Афин хотноо орших Нэр үл мэдэх дайчдын хөшөөний хамгаалалтад хөл тавьж байгаа эдгээр цэргүүдийг эвзонууд гэдэг. Хүндэт харуул зогсох эл цэргүүдийн хувцасыг шоолж инээсэн хүн дүүрчихсэн тэнэг байхаас зайлахгүй. Учир нь тэд дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хүндэтгэн хамгаалж байгаа цэргүүд. Гэвч тэдний хөл тавих донж маяг, алиалагчийн гэмээр хувцасыг харсан жуулчид тэсэж ядан жуумалзахгүй байхын аргагүй байдаг аж.
Энэтхэг
Энэтхэг улсын үндэсний баяраар Дели хотын төв гудамжаар сүр хүчээ илтгэн жагсах тэмээ унасан хилчид. Харамсалтай нь тэднийг хэн ч хилчид гэж мэдэхгүйн аргагүй. Тэр атугай хил зөрчигч мэт харагдаж ч болох тэд мөн цирк юм уу, театрчилсан шоуны жагсаал мэт харагдана.
Гаити
Хэл хальтирлаа гэхэд Гаити улсыг амар амгалан улс гэж хэн ч хэлэхгүй. Ямар ч үед дайтах шалтаг олж чаддаг энэ улсын зэвсэгт этгээдүүдийн дүрэмт хувцас ямагт цус нэвчиж, хир буртаг болсон заваан байдаг бол харин баяр ёслолын жагсаалд ханцуй шамлан гоёдог аж. Жишээ нь, энэ офицерийн гоёл үзэмж муутай чимсэн ёлкны мод мэт харагдана.
Франц
Францын армийн жагсаалын дүрэмт хувцас мөн инээдтэй олон зүйлээрээ онцлог. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь гэдгийн адил дизайнерууд доголдлыг нь жаахан засах гээд далбайсан цагаан малгай хийж өгчээ. Тогоочдын арми, эсвэл тэнгисийн цэргийн жагсаал эсэхийг ойлгохийн аргагүй. Малгай нь бол Итали маягаар дэлдсэн пиццаны гурил адил болсон байх жишээтэй.
Фижи
Хагас цэрэг, хагасаараа бол юу ч гэмээр юм салбарсан банзалтай, хөл нүцгэн эдгээр цэргүүдийг хүндэт харуул гэвэл хүн итгэхгүй. Энэ байтугай сүр хүчтэй эдгээр харуулууд тус улсын ерөхийлөгч асан Рату Камисесе Капаиваи Туимакилаи Марагийн шарилыг хүндэтгэл үзүүлэн хамгаалж байгаа аж. Улс орон даяар зарласан гашуудлын үед тэд хувцасныхаа өнгийг зохицуулан өөрчлөх эрхгүй аж.
Таиланд
Шашны номлол ёсоор бол Таиландын цаг тоололд долоо хоног бүрийн нэг өдрийг эрхшээсэн бурхан болоод, гараг, билэгдэл амьтан, тэр байтугай өнгө байдаг аж. Тийм ч учраас Таиландын иргэд хорвоод мэндэлсэн цагаасаа өдөр өдрийн өнгийг мэддэг төдийгүй долоо хоногт хэдэн өдөр байдгийг сайн мэддэг байна. Энэ зураг дээрхи хүндэт харуулуудын ёслолын дүрэмт хувцас ном ёсоор өдөр гарагуудын өнгөтэй байгаа нь энэ.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын гвардийн дайчдын ёслолын хувцас цэргийн дүрэмт хувцас гэхээс багт наадам, шоуны хувцас гэлтэй. Гэтэл энэ ширүүн төрхтэй, эрэлхэг дайчид байлдааны хүнд үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай элит анги, нэгтгэлийн урдаа барьдаг цэргүүд.
Энэтхэг, Пакистан
Пакистан, Энэтхэгийн хил дээр орших Амритсар хотын шалган нэвтрүүлэх цэгт өндөр урлаг шаардсан адармаатай нэгэн ёслол үйлддэг байна. «Үдшийн гэгээний ёслол» нэртэй уг "шоуг" үзэхээр жуулчид олноороо ирдэг бөгөөд хоёр улсын талаас хөлөө хэр өндөрт тавихаараа өрсөлддөг гээд бодоход ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг инээдтэй хэлц үгийн үнэний хувьтайг батлах аж.
Сэтгүүлч Л.Отгонбат
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.9.90.39) 2015-11-18 09:36chaavaasdaa
Хариулах
Зочин
(150.129.143.0) 2015-05-29 13:06Манай хүндэт харуулын марзан хувцас бас энд хамаарна
Хариулах
zochin
(150.129.143.149) 2015-05-16 16:34ha ha
Хариулах