Монгол хэлгүй монголчууд

Twitter Print
2020 оны 01-р сар 19-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Монгол хэлгүй Монгол хүн байна гэхээр ихэнх хүмүүс гайхах л байх. Ялангуяа эх орондоо байгаа хүмүүс бол бүр ч ойлгохгүй. Монголд бол яажшуухан хүүхдүүдээ Англи хэлтэй болгож, гадаадад суралцуулж, дэлхийн иргэн болгох вэ гэж толгой гашилгаж, цаашлаад бүр өндөр төлбөртэй сургуульд байдгаа зориулан сургаж байгаа маш олон гэр бүлүүд байна. Зарим нэг нь чадал боломжийнхоо хирээр урт богино хугацааны сургалт дамжаанд мөнгө төлж хүүхдүүддээ Англи хэлний зах зухаас сургаж байгаа гэр бүлүүд ч байна. Бүр англи хэлний багш ч үгүй сургуульд хүүхдүүдээ чадан ядан явуулж буй нь ч байна. Монголдоо байгаа хүмүүсийн хувьд Англи хэл эсвэл аль нэг гадаад хэл сурна гэдэг тун чухал бол харин гадаадад амьдарч буй хүмүүсийн хувьд эсрэгээрээ.

Гадаадад буюу хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хувьд тулгардаг нэг том асуудал бол хүүхдүүдийн Монгол хэл. Тухайн амьдарч байгаа орныхоо хэлээр ус цас шиг ярих атлаа Монголоор нэрээ ч сайн хэлж чадахгүй хүүхдүүд олширсоор. Уул нь би хар амиа бодвол энэ надад нэг их хамааралтай ч асуудал биш л дээ. Гэтэл бүр хэлмээр болоод хэлээд зогсохгүй хиймээр болоод хийгээд зогсохгүй эмзэглэн барин энэхүү сэдвээр үзэг цаас нийлүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан нь хэсэг хугацаанд хүүхдүүдэд Монгол хэлний хичээл зааж нилээдгүй ажиглалт хийснээс үүдэв.

Ээж аавын хэн нэг нь гадаад хүнтэй гэрлэсэн гэр бүлүүдийн тухайд голлон нэг хэлээрээ ярьдаг. Америк аавтай, Монгол ээжтэй эсвэл Канад аавтай, Монгол ээжтэй г.м. Энэ гэр бүлийн онцлог ээж нь аавтай нь харилцахдаа ихэвчлэн англиар ярих учраас хүүхэд Монгол хэл сурах боломж тун бага, тэрийг нь ч бас буруутгах аргагүй. Майкл Жон Роналдс гэдэг овог нэртэй учраас тэднийг бараг Америк хүн, Канад хүн гэж ойлгож болно.

Харин аав ээж нь хоёулаа Монгол хүмүүс атлаа хүүхэдтэйгээ Монголоороо ярихгүй, ойлголцохгүй байна гэдэг тун харамсалтай. Хатуухан хэлэхэд харь хэлтэй, харь сэтгэлгээтэй, харь соёлтой хүүхэд өсгөж байна гэсэн үг. Уул нь Болд овогтой Номин гэдэг хүүхэд та төрүүлсэн л бол өөрийн хүүхэдтэйгээ эх хэлээрээ ярьж ойлголцдог байх нь таны үүрэг юм. Ялангуяа таны хүүхэдтэй адилхан гадаадад төрсөн атлаа Ким овогтой Сува Солонгосоороо, Ли овогтой Шован Хятадаараа, Сергей овогтой Лиза Оросоороо төвөггүйхэн ярьж байгааг хараад бүр нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй мэт.

Хүүхэдтэйгээ гэр бүлийн орчиндоо зөвхөн Монголоор ярьж байж Монголоор хэлд орно. Хүүхэд 5 нас хүртлээ ирээдүйд ямар хүн болох суурь хүмүүжил нь тавигддаг гэдэг. Тэгэхээр хүүхэд төрсөн цагаас эхлээд сургуульд орох хугацаа эх хэлний хөгжилд тун чухал байх нь.

Монгол хэл, эх хэл, соёл, зан заншил түүнийг дагаад Монгол хүмүүжил гэдэг зүйл бидний үр хүүхдэд уламжлагдаж байдаг. Тэр хүмүүжлийн үнэт зүйлс зөвхөн эх хэлээр л дамжиж үр хүүхдэд маань очно. Гэтэл тэр бүхнийг өнөөдрийн Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, амьдрах орчин, стресс бухимдал гээд цаг зуурын хүчин зүйлстэй нь хамаатуулж Монголоо үгүйсгэх сэтгэлгээг бий болгож цаашлаад энэ Монгол хэл ер нь хэрэгтэй ч юмуу үгүй ч юмуу гэж өрөөсгөл бодож байгаа эцэг эхчүүд олонтаа тааралдах. Бид өөрсдөө энэ хэлийг сайн сураагүй юм чинь хүүхдүүд маань ядаж сайн сураг гэж өөрийн дутууг нөхөх мэт нэг өнцгөөс бодох хүмүүс ч байх.

Дийлэнх нь өдөр тутмын завгүй хэмнэлдээ хөтлөгдөн, Монгол хэлээр ярих ёстой гэдэгт онцын ач холбогдол өгөхгүй байсаар нэг л мэдэхэд яалтчгүй орчны нөлөөгөөр хүүхдийнхээ эх хэлийг орхигдуулсан байх нь олонтаа.

Ямар ч шалтгаантай байсан таны хүүхэд эх хэлээрээ ярихгүй л байгаа бол нэг далавчтай шувуунаас өөрцгүй гэж бодож, дүгнэж, оройтсон гэж бодолгүй одооноос ямар нэгэн алхам хийх нь чухал.

Нэг талдаа үр хүүхдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө л гадаадад ингэтлээ зүтгэж байна даа гэх атлаа нөгөө талдаа хүүхэдтэйгээ эх хэлээрээ харилцахгүй байхаар хамгийн чухал зүйл буюу Монгол хүний үнэт зүйлийг нь юу юугүй баллуурдчихаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ чинь яаж үр хүүхдийнхээ төлөө гэсэн үйл байж чадах билээ дээ.

Хатуухан хэлэхэд таны өнөөдрийн энэ үйл эцэг эхээ үл тоомсорлосон, тэр бүү хэл өтлөхийн цагт өөрийг чинь асрамжийн газар хээвнэг хүргээд өгч мэдэхээр өөр сэтгэлтгээтэй өөр хувь хүнийг бий болгож байж ч мэдэх юм. Тэр сонголтыг хийж буй хүүхдийн буруу биш шүү гол нь хэлээр дамжиж ирдэг уламжлал, соёлын ялгаа гэж айхтар том юм байгаа юм. Эцэг эхээ хүндэлж, элгэн саднаа хайрлаж, ахас ихэсээ дээдэлж, Монгол хүн Монголоороо сэтгэж, Монголоороо үлдэх шиг чухал зүйл гэж үгүй.

Яг ижил насны хүүхдүүдтэй, яг ижил орчинд амьдарч байгаа хирнээ хүүхдүүдтэйгээ Монголоороо ярьдаг гэр бүлүүд бас зөндөө байнаа. Тэднийг харахаар өөрийн эрхгүй бахархахын сацуу улам дэмжмээр санагдах. Бидний цөөхөн Монголчууд чинь хэдүүлээ билээ дээ.

Image may contain: one or more people and text

Англи болон бусад гадаад хэл дээр боловсрол эзэмшихийг энд огтоос буруутгаагүй бөгөөд харин ч Монгол хүмүүжилтэй, Америк, Канад, Англи, Австрали, Швед, Япон боловсролтой иргэн бэлдвэл бид жинхэнэ үр хүүхдийнхээ ирээдүйд том хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үг.

Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын маань хүүхдүүд бүгд эх хэлээрээ ярьдаг, эх хэлээрээ чөлөөтэй ойлголцдог, эх хэлээрээ бүр бичгийн түвшний чадвартай байж, цаашлаад эх орноо гэсэн сэтгэлтэй болж төлөвшвөл эцэг эхчүүд бидний тэдний ирээдүйд оруулж буй томоос том хувь нэмэр билээ. Хүүхэддээ ирээдүйд Монгол хүн байх уу эсвэл гадаад хүн байх уу гэдэг сонголтыг бид үлдээх ёстой юм. Хожим харамсахгүйн тулд эцэг эхчүүд бид хүүхдээ төрсөн цагаас нь Монгол хэлээр нь харилцах үүрэг хүлээх ёстой юм.

Цаашид ч энэ чиглэлээр сайтар судалж гадаадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд хувь нэмэр оруулах бүхий л боломжийг хамтын хүчээр эрэлхийлж тодорхой алхмууд яаралтай хиймээр юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсоор.

Англи хэлгүй Монгол хүн байж болноо. Харин Монгол хэлгүй Монгол хүн л байж боломгүй.

А.Амгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (80.210.185.210) 2020-01-09 00:53
      • 0
      • 0

      Huuhedteigee mongol heleer yariad udurt gants Han ug zuw bicuuleed l bhad tsewer mongol heleer yaridag bichdeg boldog.Manai ohin gadaadad tursun gadaadad amidardag mongol heleer mash tsewerhen yaridag.Harin zuw bichgiin durem deer jaahan asuudaltai yag duudlagaaraa bicheed baihiim yah yostoi we?

      Хариулах