Гудамжны хулиганаас Холливудын од хүртэлх замнал

Twitter Print
2016 оны 12-р сар 18-нд 19:03 цагт
Мэдээний зураг,

"Оскар"-ын хос алтан барималтай Роберт Де Нирог мэдэхгүй кино сонирхогч энэ хорвоо дээр байхгүй байх. Харин энэ нэр алдарт хүрэх гэж тэрээр ямар амаргүй зам туулсныг мэдэх хүн тийм ч олон биш.

Нью-Йоркийн Итали хороололд 1943 оны наймдугаар сарын 17-нд мэндэлсэн Роберт буюу Боббиг дөнгөж хоёр настай, хөлд орон хэд, гурван үг хэлж сурч байхад эцэг эх нь салжээ. Эхийнхээ асрамжинд үлдсэн тэрээр бага насныхаа тухай хожим ийн дурссан байдаг. "Яагаад ч  юм надад эцэг, эх нь салж сарнисан гэр бүлтэй энэ хорвоогийн цорын ганц хүүхэд би л юм шиг санагддаг байж билээ. Би үргэлж өөрийгөө үүнд буруутгаж, маш их ганцаарддаг байсан. Гэхдээ миний ирээдүйн амьдрал надад их гэрэлтэйгээр төсөөлөгддөг байсан шүү" гэжээ. Гэвч түүний гэрэлт ирээдүй рүү хүрэх замнал олон саад бартаатай, олон ч өлөн зэлмүүн он жилийг шаардсан юм. Ээж нь түүний боловсрол хүмүүжилд төдийлөн анхаарал тавьдаггүй байсан бөгөөд Бобби өглөөний мандах нарнаар гэрээсээ гарч гадуур тэнүүчлэн харуй бүрийд гэртээ ирэн шөнөжин үрчийж үнгэгдсэн комикс ном эргүүлдэгт ер санаа зовдоггүй байж. Харин хүүгийнхээ юу хийж хаагуур явдагийг үл хайхран түүнд багаас нь бүрэн эрх чөлөөг олгосон, бас гарын мөнгөөр дутаадаггүй байсан гэдэг.

Бобби ийнхүү гудамжинд өдрийг өнгөрөөн, өөрийн адил тэнэмэл хөвгүүдтэй дээрэмчид болон тоглосоор 14 насандаа Нью-Йоркийн Итали дүүрэгтэй залгаа Гринвич Виллэжид банди нарын дээрмийн бүлгийн гишүүн болсон байна. Бобби-Сүү хоч авсан гудамжны хулиган тэрээр намхан нуруутай, туранхай, царай зүс сайн биш хэдий ч гудамжинд хэнээс ч өөрийгөө хамгаалж дөнгөдөг нэгэн болжээ. Нэг удаа түүний бүлэглэл гудамжны ээлжит зодооны дараа томоохон төлөвлөгөө боловсруулж, нэгэн мухлаг ухахаар зэхжээ.

Харин энэ үед аз болж түүнтэй эцэг нь санамсаргүй таарч, гэмт хэргээс сэргийлж дөнгөсөн гэдэг. Роберт Де Ниро тэр үеийн тухай дурсахдаа, "Би амьдралдаа муу эсвэл сайн замнал сонгох нь зөвхөн миний өөрийн л дурын асуудал байв. Сэтгэлийн гүндээ би муу замналаар явах нь надад хэрхэвч тохирохгүйг мэдэрч байсан. Гэмт хэрэг миний хувь тавилан биш гэдгийг ойлгож байсан гэх үү дээ" гэсэн нь бий.

Арван долоон нас хүрэхэд дунд сургуулийн аттестат ч үгүй тэрээр ирээдүйнхээ талаар шийдвэр гаргасан аж. Дунд сургуульд байхдаа тэрээр хүүхдийн драмын дугуйланд элсч, бас ч гэж хэдэн жүжигт тоглон гайгүй үнэлгээ авдаг байжээ. Дээрэмчин болохыг хүсээгүй Боббид жүжигчин болохоос өөр сонголт байсангүй.

Холливудыг байлдан дагуулж нэр алдрын оргилд хүрснийхээ дараа тэрээр, "Бодит амьдрал дээр хэзээ ч хийж зүрхлэхгүй аливаа зүйлийг хийх боломж олгодог цорын ганц мэргэжил бол жүжигчин" гэж онож хэлсэн байдаг.

Гэвч зүс царай, бие бялдрын хувьд төдийлөн анхаарал татахааргүй түүнд Холливудын од болох магадлал тун бага байлаа. Жүжигчний замналынх нь эхэнд түүнийг нэгэн зоогийн газар тоглож байхад хоёронтаа "Оскар" гардсан од Шелли Винтерс анзаарч, анхны жүжиг, бас анхны кинонд нь тоглуулжээ.

Хэдий Роберт Де Ниро арван жил урлагийн ертөнцөд чанагдсан ч 29 насандаа нэр алдаргүй, мөнгө төгрөггүй залуу жүжигчинд тооцогдсон хэвээр л байв. Гэвч ямар ч бүтэлгүй эрийн гарт хувийн тавилан хөзрийн түүз гэнэт атгуулдаг нь цөөнгүй шүү дээ. Робертод ч тийм аз тохиосон. Нью-Йоркийн кино сургуулийг дөнгөж төгссөн залуухан кино найруулагч Мартин Скорсезтэй санамсаргүй таарснаар Роберт Де Нирогийн хувьд ёстой л од шүүрэх үе нь эхэлсэн юм. Зэргэлдээх дүүрэгт өссөн энэ хоёр эр багадаа 14 дэхь гудамжны бүжгийн талбайд үе үе таарч, гэмгүй үерхэж явсан гэдэг. Гудамжны амьдралыг биеэрээ мэдэх тэр хоёрын анхны кино "Харгис гудамж" нэртэй байсанд гайхах зүйлгүй. Энэхүү кино шууд л Америкийн дараа дараагийн жилүүдийн кинонуудад нэг ёсны дээд хэмжүүр эталон болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Хоёр анд улмаар "Таксины жолооч", "Галзуу бух", "Айдсын тохой" гээд шуугиулсан кино ар араас нь бүтээжээ. Бусдын зүгээс үл ойлголцлын хэрэмтэй байнга тулгарч, ганцаардлын зовлонг амссан ч тэд бие биенээ маш сайн ойлголцдог уран бүтээлчид. Гэхдээ хэрэв Скорсез хэзээний өөрийн авьяас билэгт итгэж ирсэн бол азгүйтлийг цөөнгүй амссан Де Ниро нөр их хөдөлмөрөөр л амжилтад хүрнэ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрч, цаг наргүй ажиллаж, авъяасаа хурцалдаг байсныг олон хүн тэмдэглэдэг.

Роберт Де Нирогийн авъяас, чадварын хүрээ үнэхээр өргөн. Түүнийг хамгийн сайн хөрвөх чадвартай жүжигчин ч гэж тодохойлдог. Тэр 80-аад оноос инээдмийн кинонд тоглох болж, “Бразил”, “Midnight Run”, “Meet the Parents” зэрэг бүтээлд амжилттай дүр бүтээсэн. 

Тэрээр 1993 оноос кино найруулах талбарт хүч үзэх болжээ. Түүний анхны найруулагчийн бүтээл нь “Bronx Tale” юм. Харин үүний дараа кино найруулагчийнхаа ажлаас түр завсарлаж, дараа нь дахин 2006 онд Мэтт Дэмон, Анжелина Жоли нарын гол дүрд нь тоглосон “The Good Shepherd” киног найруулж, чадварлаг найруулагч гэдгээ батлан харуулсан юм.

Кино шүүмжлэгчид түүнийг жинхэнэ техниктэй жүжигчин гэдэг. Тэр дүр бүтээх бүртээ судалгаа хийж, уусч, мэдэрдэг өөрийн гэсэн арга барилтай жүжигчин.

Алдарт "Таксины жолооч" кинонд бэлтгэхдээ хотын гудамжаар өдөр шөнөгүй машин барьж дүрдээ орж байсан бол "Галзуу бух" кинонд тоглохын тулд даруй 24 кг-аар жингээ нэмсэн гэдэг. Дээрх кинонуудад тоглож зүй ёсоор үнэлэгдсэнийхээ дараа ч түүний хамгийн их айдаг зүйл нь бүтэлгүйтэл байв. Тэрээр, "Өнөөдөр би Холливудын од байж болно. Гэвч маргааш гэхэд бүх зүйл эргэж болно шүү дээ. Тэр цагт би 20 насандаа мацаж байсан шигээ эргээд оргил руу тэмүүлнэ гэдэг хэцүү" гэж ярилцлага өгч байжээ.

"Сэрэлт" киноны зураг авалтын үеэр түүнтэй хамт тоглож байсан Робин Вильямс санамсаргүйгээр хамрыг нь хуга цохиж л дээ. Хэдий тийм ч Де Ниро есөн дубль хийсний дараа л эмнэлэг хүргүүлсэн аж. Тэрээр, "Залуудаа хамраа хугалуулж л байлаа. Харин Робин нөгөө талаас нь цохиж харин ч тэгшилчих шиг боллоо" гэж наргисан гэдэг.

Холливудад анх ирэхэд нь түүнийг киночид төдийгүй бас хүүхнүүд тоодоггүй байж. Нэг удаа хүлээн авалт дээр ухаангүй дурласан царайлаг бүсгүйгээ удаан хүлээж, өөртөө анхаарлыг нь хандуулах гэж эр хүний "арван гурван мэх"-ээ хэрэглээд ч үл ойшоогдсон Де Ниро чимээгүйхэн ариун цэврийн өрөөнд өөрийгөө түгжээд, гараа цусандаа хутгатал хана цохисон гэж ярьдаг.

Ер нь тэр хэзээний нууцлаг, өнөөг хүртэл хэвлэл мэдээллийнхнээс хол явдаг. Түүний хувийн амьдралыг шар сонинууд төдийлөн уудалж чаддаггүй. Ямар ч байсан гурван удаа гэрлэхдээ дандаа хар арьст эмэгтэйг сонгодог байсан бөгөөд таван хүүхдийн эцэг аж.

70 нас шүргэж яваа алдарт жүжигчний ажлын ширээн дээр "Оскар"-ын хоёр алтан барималаас гадна, зэс хавтас дээр бичсэн "Аливаа бүтэлгүйтэл аугаа суу билгийн эх байдаг" гэх Наполеон Бонапартын ишлэл байдаг. Үүнтэй холбоотой найз нөхдийнхөө хошигнолд амьдралдаа бишгүй бүтэлгүйтэж явсан тэрээр, "Би өөрийгөө Францын агуу жанжинаас дутуугүй суутан гэж боддог. Түүний энэ үг намайг хүнд үед ирлэдэг юм" гэж нэгэнтэй хэлсэн юм гэнэ лээ.

Ардчилсан намын гишүүн Роберт Де Ниро Америкаас гадна Италийн иргэншилтэй. Аав нь Итали хүн байсан учир түүнийг Итали хүү хэмээн тодорхойлдог.

Де Ниро 2003 онд түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдож байсан ч хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн одоо урьдын адил эрүүл саруул амьдарч буй.

Д. Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.