Төрийн соёл мэдэхгүй бол сурч ав

2017 оны 02-р сар 20-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Хэдэн зууны улбаатай Монголын төрт ёс алдагдаж, хэсэг бусаг олигархууд төрийн албаны соёлыг уландаа гишгэчээд дууслаа. Бидэнд өвөг дээдэс маань хаанаас ч эрээд оломгүй нарийн чанд зохион байгуулалтай, төрийн тогтолцоог өвлүүлсэн. Харамсалтай нь Чингэсийн Монгол гэж цээжээ дэлдэх дуртай бидний монголчууд сонгож ч чадахгүй, сонгуулсан нь ч төрт ёсыг эрхэмлэн дээдлэх ухаан дутаж явна.   

Хэд хэдэн жилээр ээлжлэн төрийн эрхэнд гардаг улстөрийн намууд төрт ёсны боловсрол, соёл гээчийг сонсоо ч үгүй хэтэвчний сонирхолтой олон лидерүүдийг эгнээндээ багтааснаас Монголын төрд төрийн соёл гэдэг зүйл үндсэндээ байхгүй боллоо. Төрийн түшээ нэгнийгээ заамдаж аваад шанаадсан нөхрийг шадар сайд болгох, сайд нь албатуудаа дагуулаад гадаад оронд төрийн мөнгөөр казино тоглох, төрийн ордонд архидан согтуурах, УИХ дээр согтуу хөлчүү орж ирээд бусдыгаа дайрч доромжлох, сандал суудлаа олохгүй тэнэх, хууль хэлэлцэж суухдаа бохь зажилж, боорцог идэж, бусдын өмнөөс кноп даран хууль батлалцаж, өглөө унтаад хуралдаа ирэхгүй, уурласандаа салаавч гаргадаг хууль батлагч гээд байж боломгүй олон үйлдлүүдийг ард түмэн бид энгийн зүйл мэт хардаг болжээ. Тэр ч болоогүй, намаараа талцаж аваад хэрэлддэг байсан эрх баригчид одоо бүр байгаад нам дотроо уралдан стратегийн чухал ордыг хэрхэн хувааж идэх учраа олохгүй тэрсэлдэж, өөрсдийн болоод үр хүүхдийнх нь шахааны бизнес хаагдана гэхээс шээс нь гоожих шахаж хувийн өмчийг төрийн мэдэлд улайран авч суугаа нь түмний нүдэнд ил боллоо.

Өнгөрсөн онд Америкийн худалдааны танхимаас Монголын 1500 иргэний дунд судалгаа явуулсанаа танилцуулсан. Судалгаанд хамрагдагсдын 48 хувь нь улс орныг буруу чиглэлд явж байна, төрд итгэхгүй байна гэдгээ илэрхийлжээ.

Эрх барьсан нэг нь сөрөг хүчний нэр хаягтай бүхнийг төрийн албанаас хуу хаман зайлуулснаар төрийн албыг “улс төрийн өс хонзонгийн талбар” болгодог байдал өнөө цагийн төрд цадигаа алджээ. Энэ асуудал хэдэн арвантаа яригдаж байгаа ч эрх баригчид одоог хүртэл ямар нэгэн дорвитой шийдвэр гаргахгүй байгаа нь өөрсдийн эрх ашиг ч гэсэн хөндөгдөх гээд байгаа болохоор тэр биз. Төрийн албан хаагч намын харъяалалтай байх эсэх маргаан 1996, 2000 оны сонгуулийн дараа улам хурцаар тавигдсан боловч тухайн үед эрх барьж байсан МАХН /одоогийн МАН/ хүний эрхтэй холбон эсэргүүцсэнээр энэ асуудал орхигдсон. Ийнхүү бид төрд гарсан хэсэг бусаг олигарх, люмпэнүүдэд, өөр хэн ч байдгийн адгийн муугаар хэдэнтээ дуудсан ч тэдэнд төрийн эрхээ, төр ёстой нь алдчихаад яаж ч чадалгүй ангайж суудаг болоод удаж байна. Тэд биднийг сонгуулийн үеэр л эргэн нэг санаж, тархи толгой угаах ажлаа эрчимжүүдэг. Өнгөрсөн оны сонгууль болдогоороо болж, сонгогчдын боловсрол дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Нөгөө ханардагаараа ханарч бор халзан хонь байсан ч сонгогдохоор сонголт хийв. Бахь байдгаараа ялсан нам төрийн албыг өмчилж, сандал ширээгээ дээдсээсээ доодохдоо хүртэл хуваарилж, сөрөг намын хэн ч байсан гудамжинд хөөж гаргав.

Ийнхүү төрийн соёлд суралцаагүй төрийн түшээдтэй Монгол улс дэлхийн шившиг болсоор удлаа. Тэр хэрээр Монгол улсын нэр хүнд олон улсад унаж, итгэж түншлэх нөхөргүй, хөрөнгө оруулагчгүй болов. Тиймээс энэ ангалаас гарья, улс шиг улсаа тордоё гэж байгаа бол биеэ засаагүй байж төрөө засаад эхэлсэн төрийн соёлыг мэддэггүй эрхэм түшээд эхлээд биеэ бэлдэж, төрийн тогтолцоо нь дэлхийд гайхагддаг улсын жишээнээс сурч ав.

Герман улсад Пруссын эзэнт улсын үеэс төрийн албан хаагчдадаа хүндэтгэлтэй ханддаг зарчим өнөөг хэрнээ хадгалагдаж байдаг нь үнэхээр биширмээр. Герман төрийн албан хаагч намын гишүүн байж болно. Гэхдээ улс төрийн үзэл бодлоо даруу илэрхийлэх, аль нам гэдгээ ил тод байлгах хэрэгтэй гэж үздэг. Улс төрийн намын гишүүн төрийн албан хаагчийн хувьд биеэ хэрхэн зөв авч явах эсэх нь тэр хүний соёлоос их хамаардаг аж. Германчууд намын харъяалалыг нууцлах нь сөрөг нөлөөтэй гэж үзнэ. 

Улс бүр өөр өөрийн онцлогтой төрийн албаны бодлого явуулдаг. Англид төрийн албан хаагч намын гишүүн байх нь хориотой төдийгүй тэднийг халж, солихыг зөвшөөрдөггүй бол Скандиновын орнуудад төрийн албан хаагч гэсэн статус байхгүй, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын харилцааг тарифын гэрээгээр зохицуулдаг байна.

Харин эртний соёлт Германд энэ бүгдийн алтан дунджийг барьсан насан туршийн төрийн албан хаагчийн номлол хэрэгждэг ажээ. “Төрөөс төрийн албан хаагчийн амьдрах боломжийн цалин хангамж эдлүүлнэ” гэсэн энгийн боловч, тодорхой хуультай учир тэр эрхээ төрийн албан хаагч насан туршдаа эдэлнэ. Төрийн албан хаагчаар томилогдсон л бол тэтгэвэрт гартлаа энэ статусаа хадгалж, чөмгөө дундартал зүтгэх төрийн жинхэнэ хар хүн болдог аж. Хэрэв хууль зөрчсөн, ёс зүйн алдаа эндэгдэл гаргахгүй бол хэн ч таны ажил, албан тушаалыг хөндөж чадахгүй.

Гэхдээ төрийн албан хаагчийг ажлаас нь халах ажиллагаа хэн эрх барьж байгаагаас их хамаарна. Удирдах алба хашиж байгаа буюу яамны төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар л энэ дайрлагад өртдөг. Гэхдээ халагдсан тэдэнд төрөөс цалингийн 72 хувьтай тэнцэх тэтгэмж сар бүр өгнө. Бас тэтгэврийн санд төрөөс 100 хувь шимтгэл өгнө. Насан туршийн төрийн албан хаагчийн баталгаа нь энэ юм.

Халагдсан төрийн албан хаагчийн оронд ажиллах хүн тангараг өргөсөн төрийн албан хаагч л байна. Төрийн албан хаагч намын гишүүн байж болно. Нам нь ялж түүний эгүүлэн томилох хүртэл авч байсан цалингийнхаа 72 хувьтай тэнцэх тэтгэлгээ аваад өөр ажил эрхэлж болно, намынхаа төрийн албан хаагчийн нөөцөд орно.

Германд өндөр ёс суртахуун, хуульт ёс нь хүний амьдралын хэм хэмжээ болсон байна. Тэнд том дарга нь хууль бус үйлдэл хийхийг төрийн албан хаагчаас шаардвал “уучлаарай, таны шаардлагыг хүлээж авах боломжгүй “ гэж хэлээд л гарна. Том даргын үгээр явсангүй гээд түүнийг ажлаас нь халах, өөрчлөх ахул том дарга өөрөө хэрэгт ордог тийм дархлаа бий болсон байна. Төрийн албан хаагч нь хуулийг шударгаар хэрэгжүүлэгч болохоос бус хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг хамелеон биш ажээ.

Германд хээл хахуультай тэмцэх хууль маш нарийн зохион байгуулалттай. Түүнээс бултана гэдэг хэцүү. Орлогын мэдүүлгийг маш нарийн, дэлгэрэнгүй авна. Тендерийн мөнгийг хэдхэн хоног өөр дансанд хадгалж байгаад шилжүүлэг хийн баригдсан нэгэн төрийн албан хаагч насан туршийн төрийн албан хаагч байх эрхээ хасуулаад зогсохгүй, 8 жилийн ял авсан байдаг. Ийм жишээ тэнд тун ховор.

Төрийн албан хаагч ажил хаях эрхгүй, тэтгэврийн шимтгэлийг төсвөөс 100 хувь төлдөг ба төрийн албан хаагчийн харилцааг зөвхөн хуулиар зохицуулна. Үүгээрээ төрийн албан хаагч тарифийн гэрээт албан хаагчаас ялгагддаг байна.

Германд төрийн албан хаагч байснаас хувийн хэвшилд ажиллах нь илүү цалин хангамж, эрх чөлөө эдэлдэг тэгээд ч төрийн албанд ороход тун хэцүү гэж үзнэ.

Хувийн хэвшилд төрийн алба шиг карьер хөөх тогтсон зарчим байхгүй, ажлын үр дүнгээрээ цалинжина, албан тушаал ахина, буурна. Компани ашигтай ажиллавал дагаад амьдрал дээшилнэ.

Германд хувийн хэвшлийнхэн улс төрийг маш их сонирхоно гэхдээ улс төрч болохыг эрс цээрлэнэ. Тэдэнд улс төрч болж олны өмнө ил байх нь бизнесийг нь бусниулж улмаар компаний хувьцааны борлуултад муугаар нөлөөлдөг тул “хөшигний ар”-ын ажиллагааг илүүтэйд үзнэ. Төрийн алба нь нэг талаас зарчимч, өндөр соёлын ажил учраас цаг үргэлж үр ашгийн төлөө тэмүүлэх ажил хэрэгч хүмүүст “зохиогүй чимэг” болдог аж.

Германы парламентын гишүүдийн бараг тал нь өмнө нь  төрийн албан хаагчаар ажиллаж байсан хүмүүс байдаг. Тэд улс төрийн албан хаагч болтлоо төрийн албан хаагчийн статусаа хадгална. Сонгогдох хүртлээ гэсэн үг. Парламентын гишүүнээр ажиллаад дараагийн удаа сонгогдохгүй бол эргээд төрийн албан хаагчийн статус нь сэргэдэг аж. Учир нь Германд төрийн албан хаагчийг насан туршид нь томилдог зарчимтай учраас тэр.

Хууль тогтоох байгууллагад боловсрол, туршлага, шударга зан чанар, эгэл олноо энэрэн хайрлах сэтгэл зүрхтэй хүмүүс очих нь зөв гэдгийг герман соёл харуулж байна.

Япон улс бол Германы Иргэний хуулийг үндсэнд нь хуулбарлан хэрэгжүүлсэн гэдэг. 60-70-аад оны япон эмч нар нэлээд нь герман хэлтэй, анагаах ухааны голлох сурах бичиг нь герман хэл дээр байдгийг хүмүүс мэднэ.

Германд төрийн албан хаагч хэдэн насандаа ямар албан тушаалд хүрэхээ төсөөлсөн байдаг. Жишээлбэл, хэд хэдэн хэлтэст ажиллах замаар салбарынхаа түвшинд универсаль мэргэжилтэн болж, хэлтсийн орлогч даргаар ажиллах шалгуур давдаг байна. Энэ зарчим л бүх албан тушаалд томилоход баримтлагдана. 40-45 насандаа рефератын дарга болохоо төрийн албан хаагч ажилд орсон өдрөө л мэдэж байдаг. Ийм улсад төрийн албан хаагч 50 нас хүрсэн бол яамны газрын даргын зиндаанд хүрлээ гэж үзнэ. Тэгээд тийм цалин хангамж олгоно, албанд нь томилно.

Улс төрийн намын гишүүн гэхээсээ илүү тэр хүн хэр чадвартай вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлдэг байна. Төрийн албанд орно гэдэг нь ч тийм амар хэрэг биш. Төрийн албан хаагч болох хүсэлтэй иргэдийг тасралтгүй сургалтад хамруулж, их дээд сургуулийн төгсөлтийн шалгалт лугаа хатуу чанга шалгуураар авч үздэг байна. Шалгалтыг улсын тусгай комисс авна. Шалгуурын оноонд хүрвэл ажилд орох эрх нээгдлээ гэсэн үг. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын даргын тодорхойлолт эсвэл түүнээс илүүтэйгээр хамт олны зөвлөлийн тодорхойлолтыг их анхааралтай авч үзнэ.
Германчууд төрийн албан хаагчдыг давтан сургах системийг гайхалтай нэвтрүүлж чаджээ. 3 жил хүртэл сургах хөтөлбөр ч байдаг аж. Засгийн газар нь хууль хэрэгжүүлэгч учраас төрийн албан хаагчдаас хууль зүйн мэдлэг их шаардана. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн бүх албан хаагчдын 60 хувь нь хууль зүйн, 14 хувь нь эдийн засгийн боловсролтой, үүн дотор төрийн нарийн бичгийн дарга нарын 31 хувь хууль зүйн боловсрол эзэмшжээ.

Герман улс холбооны хэмжээндээ төрийн албаны шалгаруулалт хариуцсан нэгж байдаггүй, шалгаруулалтыг тухайн субъект өөрөө хариуцна. Дотоод яам нь төрийн албаны хууль эрх зүй, нийтийн тусын эрхэм дээд ажил үүргээ л хариуцдаг аж.

Төрийн нарийн бичгийн дарга нь яамыг сайдтай, парламенттай холбож өгдөг чухал албан тушаал. Германд нэг яам 2-3 төрийн нарийн бичгийн даргатай байдаг.

Яамандаа ажил үүргээ гүйцэтгэх төрийн нарийн бичгийн даргаас гадна Засгийн газраас нь томилсон парламент дахь тухайн салбарын асуудлыг хариуцсан депутат-төрийн нарийн бичгийн дарга ажиллана. Сайд нь цаг үргэлж парламентад дуудагдан хайран цагаа үрдэг учраас депутат төрийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоог бий болгожээ. Депутат-төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамны сайдын өмнөөс мэдэгдэл хийх, байнгын хороодын хурал дээр яамаа төлөөлөх, бас ч ирээдүйн сайд болох “замаа засах” зорилготой захиргааны гэхээсээ илүү улс төрийн ач холбогдолтой албан тушаал юм.

Депутат төрийн нарийн бичгийн дарга нь депутатын цалин хангамжаа эдлэхээс гадна төрийн нарийн бичгийн даргын цалин давхар авна. Манайх шиг хоёр албан тушаалын нэг цалинг нь өгвөл боллоо гэсэн хоосон шударга дүр огт хэрэггүй бөгөөд цалингийн цаана хариуцлага байгаа гэдгийг тэд илүү хардаг байна.

Төрийн нарийн бичгийн дарга нар ихэвчлэн сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг. Түүнээс биш манайхан шиг “би хуулийн дагуу сайн ажилласан” гээд хичнээн зүтгээд ч нэмэргүй.

Төрийн нарийн бичгийн дарга тухайн яам, салбараа хэрхэн зөв оновчтой, чадварлаг удирдахаас сайдын ажлын үзүүлэлт, улмаар Засгийн газрын нэр хүнд шууд хамаардаг тул энэ хариуцлагатай албанд “өөрийн хүн”-ээ тавьдаг байна. Гэхдээ яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн заавал төрийн албан хаагч байна. Манайх шиг үүрэг гүйцэтгэгч төрийн нарийн бичгийн дарга томилсныхоо дараа төрийн албаны шалгалт “өгүүлэн” жинхэлдэг ёс энд алга.

Ялсан нам төрийн албан хаагч бүхий намын гишүүдээсээ л төрийн нарийн бичгийн даргыг томилно. Тоглоомын дүрэм тодорхой байгаа биз. Энд насан туршийн төрийн албан хаагч гэдэг зарчим хэн ч Засгийн эрхэнд гарсан адил үйлчилнэ. Чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга ажилтай болтлоо хэл ам гаргалгүй цалингийн 72 хувийн тэтгэлгээ аван, төрөөс тэтгэврийн санд 100 хувь шимтгэл төлөн ажилд орохоо хүлээн суудаг бас хувийн хэвшилд ажил хийхийг нь зөвшөөрдөг аж.

Төрийн нарийн бичгийн даргын цалин түүнээс доод эсвэл дээд албан тушаалын жишиг цалин нь болдог. Төрийн нарийн бичгийн даргын цалин өсвөл бусдынх нь дагаад өснө гэсэн үг. Цалинг өсгөхдөө эхний 2 жил дараагийн 3 жил гэх зэргээр үе шаттай авч үздэг байна. Төрийн албан хаагч 65 нас хүрч тэтгэвэрт гарснаар насан туршийн төрийн албан хаагчийн статус дуусгавар болно. Тэтгэврийг зөвхөн үндсэн цалингаас боддог тул нэмэгдэл үүнд хамаарахгүй. Гэхдээ цалин ба нэмэгдэл нь татварт хамаарагдана.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.