Яруу тансаг, уян зөөлөн хөгжмийн эгшиг "Дуурь"

Twitter Print
2017 оны 03-р сар 02-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Дуурь нь хөгжим, дуу, шүлэг, жүжиг, бүжиг, хувцаслалт, дүрслэх урлаг, тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг.

Дуурьт речитатив, ариозо, ари, дуу, дуэт, терцет, квартет, квинтет..., найрал зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг. Өрнийн хөгжим-дуулаачийн урлагийн хамгийн том төрөл болох энэхүү урлаг нь 16-р зууны сүүл үед бий болжээ. 1597 онд онд зохиогдсон Якоб Перигийн "Дафна" дуурийг энэ төрөлдөө анхдагч нь гэж түүхэнд бичжээ (харамсалтай нь энэ дуурь нь бичлэгээрээ үлдээгүй). 1607 онд Италийн хөгжмийн зохиолч Клаудио Монтерверди өөрийнхөө "Орфей" дуурийг бичсэн нь хөгжмийн урлагийн түүхэнд томоохон нээлт болсон гэж үздэг.

Дуурь нь анхандаа орд, харшийн хүрээнд цөөхөн язгууртнуудын зугаа цэнгэл байсан бол 1637 онд Венец хотноо анх удаа олон нийтэд зориулагдсан театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлжээ. Ийнхүү дуурь нь түгээмэл болж эхэлсэн ба анхны театрын барилгаас хойш 65 жилийн дотор 7 театр байгуулж түүнд нь 40-өөд хөгжмийн зохиолчийн 357 дуурь тоглогдсон гэдэг. Энэхүү анхдагч хөгжмийн зохиолчдын тоонд Германы Генрих Шютц («Дафна», 1627), Францын Камбер («La pastorale», 1647), Английн Пёрселл нарын нэрийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Дуурь нь хөгжлийнхөө явцад "opera seria"(итал.), "tragйdie lyrique" буюу сүүлд "grand-opйra"(франц.), хошин маягийн дуурь болох "semiseria", хошин дуурь: opera-buffa (итал.), "opйra-comique"(франц.), романтик дуурь, түүхэн, утга уянгын зэрэг олон төрлөөр баяжин хүрээгээ тэлжээ. Дуурийн урлагт К.Глюк, В. Моцарт, Ж.Россини, Ж.Верди, Р.Вагнер, Ж.Пуччини, П.Чайковский, М.Мусоргский олон хөгжмийн зохиолчид авьяас хөдөлмөрөө зориулсан байдаг.

Дуурийн хөгжил

1637 онд Италийн Венец хотноо “Сан Кассиано” анхны дуурийн театр нээлтээ хийсэн хэдий ч дуурь тоглогдоогүй байсаар 1641 онд Монтивердигийн “Вангийн Өргөмжлөл” хэмээх дуурийг театрын тайзнаа анх тоглуулжээ. Тэр үед Венецид дуурийн 16 шинэ театр баригдсан нь дуурийн урлагийг Итали улсад маш өргөн хүрээтэй дэлгэрүүлж, ардын урлаг мэт хөгжүүлж чадсаныг түүх харуулж байна.

Италид хөгжлийнхөө оргилыг авч хөгжсөн энэхүү урлаг нь Европын олон оронд түгэн тархаж, нэрт хөгжмийн зохиолчид зохиол бүтээлээ энэ шинэ төрөлд бичиж өөрсдийгөө сорих болжээ. Жишээ нь: Герман, Австри, Англи, Франц,Орос, Португали улсуудыг нэрлэж болно.

Германд анхны нийтийн дуурийн театр 1700 онд байгуулагдаж, 1705 онд Жорж Фредрик Хандел (1685-1759)-ийн анхны дуурь “Алмира” тоглогдсоноор Хандел алдаршиж, тэрээр дуурийн эх орон Италийг зорин уран бүтээлээ туурвисан байна. Түүний 5-6 жил Италид хийсэн уран бүтээлүүд нь Европт өндөр үнэлгээ авч, улмаар Их Британы хаан Жорж I түүнийг Лондонд ирэхийг урьжээ. Ингээд 1711 онд Ханделийн дуурь “Риналдо” Лондонд тоглогдож өндөр амжилт олов. Хандел Английн дуурийн урлагийг хөгжүүлж, улмаар англи хэл дээр дууриа зохиож эхэлсэнээр Английн дуурийн урлаг хөгжлийнхөө шатыг олжээ.

XVIII зууны үеэс эхлэн дуурийн урлаг нь хоёр том төрөл ангид хуваагдах болсон. Үүнд: Оpera-seria буюу Жинхэнэ дуурь. Энэхүү дуурийн төрөл нь эрхэмсэг хүндэтгэлт, гоёмсог сайхныг үзүүлдэг бол Оpera-buffa буюу Хошин дуурийн төрөлд тухайн нийгмийнхээ үзэл суртал, болж бүтэхгүй зүйлсийг хошин аргаар илэрхийлж хаад ноёдуудын буруу үйлдлийг ард олонд илчилж харуулдаг байсан Гудамжны дуурь гэсэн нэртэйгээр хөгжиж байсан түүхтэй.

Монгол дуурь

1942 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг (Д.Нацагдоржийн зохиол, Ц.Дамдинсүрэнгийн цомнол) зохиосон нь манай улсын хувьд анхдагч бүтээл болсон юм. Түүнээс хойш монголын хөгжмийн түүхэнд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав зэрэг олон хөгжмийн зохиолчид дуурийн урлагт уран бүтээлээ зориулсан билээ. 

Жүжигт тоглодог, дуулдаг хөгжимддөг, жүжигчдын дийлэнхи хувийг эмэгтэй хүмүүс эзэлдэг байсан нь Дорнын театрын хөгжилд төдийгүй Өрнийн театрт нэн ховор үзэгдэл байжээ. Учир нь XVII зууны үед ч Өрнөдийн театрын тайзнаа эмэгтэй хүний дүрд эрэгтэй хүн тоглодог байсныг харьцуулан үзэхэд Равжаа бол дэвшилтэт үзэлтэй хүн байсан нь илт байна. Тэгээд ч улааны талыг баримтлагч лам нарын номлол шарын шашныг бодвол зарим талаараа арай давуу талтай байжээ. Ер нь Равжаа хайр сэтгэл монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, ертөнцийн амьдралын сайн сайхныг дээдлэн магтаж байсан нь шашны ёс дэглэм хүлцэнгүй номлолтой зөрчилдөж байжээ.

“Саран Хөхөө”-ний жүжгийг дуулалт жүжиг байсан гэдгийн учир нь жүжигт ярьж хөдлөхөөс дуулах нь их байсан гэж нутгийн хөгшчүүл нотолж байна. Аялгууны ярих, гоцлох хоёрол (дует), гурвал (трео), дөрвөл (квартет)-аар дуулах, найрал дуучдын хэлбэр байсан байна. Жүжгийн дүрүүдийн дуулах дууг “Аврал бүхний хураангуй”, “Найман арслан”, “Арын өндөр мод”, “Зээргэнтийн шил” зэрэг Монгол ардын дууны аяар дуулна гэж тэмдэглэжээ.

“Саран Хөхөө” дуулалт жүжгийн аялгууг эндээс үзэхэд ардын дуунаас авч тоглуулдаг байснаас гадна Равжаа өөрөө аялгуу зохиожээ. Үүнд: “Хурмаст тэнгэр”, “Тэргэл сарны гэрэл”, “Галбын магтаал”, “Төрж өссөн гөрөөс ээж”, “Молор Эрдэнэ”, “Урьхан хонгор”, “Үлэмжийн чанар” дуунуудаа зохиосон байна. ”Үлэмжийн чанар”-ыг Хужиртын халуун рашаанд биеэ сувилуулж явахдаа Дадийшүрийд зориулж зохиосон гэдэг домогтой” гэж бичжээ.

Орон орны дуурийн театрууд

Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Унгар улсын Будапешт хотын дуурийн театр

Civic House гэгддэг АНУ-н Чикаго хотод орших театр

Оросын алдарт Большой театр

Германы Муничд орших Бавариа дуурийн театр

АНУ-н Калифорнид орших дуурийн театр

Германы Мунич Cuvillies театр

Шведийн Stockholm, Drottningholm Palace театр

Чех улсын Праг хотноо байрлах Estates дуурийн театр

Италийн Венец хотын La Fenice дуурийн театр

Италийн Милан La Scala дуурийн театр

Германы Bayreuth Margravial Opera House

ОХУ-ын Санкт-Петербург хотод орших Mikhailovsky дуурийн театр

АНУ-н Нью-Йорк хотноо байрлах Metropolitan дуурийн театр

Монте Карлогийн дуурийн театр

Норвеги улсын Осло хотын дуурийн театр

Францын Парист орших Palais Garnier театр

Испани Барселон хотноо орших Palau De Musica Catalana театр

Румин Bucharest Romanian Antheneum театр

Англи Лондон хотын дуурийн театр

Шведийн Стокгольм хотноо орших төв дуурийн театр

Бэлтгэсэн: Г.Ганчимэг, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.