Пингвин шиг алхах нь унаж гэмтэх эрсдлийг бууруулдаг

Twitter Print
2022 оны 12-р сар 19-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Газарт хүчтэй унах нь гэнэтийн үхлийн шалтгааны гуравдугаарт бичигддэг. Цас орж, хальтиргаа гулгаа эхэлсэн үед унах эрсдлийг багасгахын тулд пингвин шиг алхахыг эрдэмтэд зөвлөж байна.

Халтирч унаж байгаагийн гол шалтгаан нь хүмүүсийн алхах, гишгэх арга барилд байна гэж тэд үзэж буй юм. Дэлхийн олон эрдэмтдийн судалгаагаар пингвин шиг алхах нь халтирч унахаас сэргийлэх хамгийн аюулгүй арга гэдэг нь батлагджээ.

Тэгэхээр цас мөсөн дээр унаж, гэмтэж бэртэхгүй байхын тулд пингвин алхааг сурах хэрэгтэй болох нь. Пингвин шиг алхах гэхээр танд инээдтэй сонсогдож магадгүй. Гэсэн ч өөрийгөө аюул ослоос хамгаалахын тулд доорх гурван аргыг хэрэглэж заншаарай. 

1. Өвдгөө суллаж, гараа кармаанаасаа авч биеийн дагуу сул байрлуулна. Гар сул байх нь унахад гараараа тулж, түлхэж эрчийг сааруулснаар хүчтэй унаж, бэртэж гэмтэхээс сэргийлэх юм. Хөлөө энгийн үеийнхээс хооронд нь ялимгүй салгаж, биеийн тэнцвэрээ олж явах явдал чухал юм. 

2. Цас мөсөн дээр алхахдаа биеийн тэнцвэрийг аль болох урд хөлд дээр авч алхана. Ердийн алхалтаас ялгаатай нь гэдийж биш урагш бөгцийсөн байдалтай алхана. Мөн ердийнхөөс алхамаа ойртуулж, жижиг алхам хийж явж занших нь тустай. Хөлийн өлмийг ялимгүй гадагш чиглүүлсэн байх нь.

Хөлийн өсгий, өлмийгөөр биш хөлийн улыг бүтнээр нь газарт зэрэг гишгээрэй. Ингэснээр халтирах эрсдэл багасна. Тэгээд яаралгүй, сандралгүй бага багаар урагшлан алхана. 

3. Хэрэв халтирч хойш савж унавал эрүүгээ аль болох цээж рүүгээ нааж өгөөрэй. Чингэвэл толгойгоо газар савахаас сэргийлж, тархины гэмтлээс аврагдах юм. Мөн биеэ аль болох бөмбөг хэлбэрт оруулан хурааж, булчингуудаа суллаж өгвөл гэмтэх эрсдэл буурдаг.

Унахдаа биеэ суллавал гэмтэх эрсдэл тэр хэрээр буурна. Мөн зузаан дулаахан хувцас өмссөн бол жийргэвч болж гэмтэх эрсдлээс сэргийлэх болно. 

Эцэст нь, пингвин алхаа гэдэг нь ердөө л гараа хоёр талдаа ялимгүй гадагш сунгасан байдалтайгаар, өвдгөө ялимгүй нугалж, хөлийн өлмийг ялимгүй гадагш тавьсан байдлаар жижиг жижиг алхам хийхийг хэлж буй юм. Ингэснээс өөрийгөө унаж бэртэх эрсдлээс аварч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж буй явдал юм. 

Эх сурвалж: https://publicnewsupdate.com/

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.