Ахмад дайчин С.Сумъяа: Би Л.Дандар баатартай дотно нөхөрлөж явлаа

2015 оны 05-р сар 06-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Өнөөгийн бидний энх амьдралын төлөө амь дүйж явсан Монголын олон мянган баатруудын нэг хэсэг нь 1939 оны Халх голын тулалдаан, 1945 онд өндөрлөсөн дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчид билээ. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан байлдаж явсан ахмад буурлууд өнөөдөр 70 жилийн өмнөх үйл явдлыг дурсан санаж байна.

Хэдийгээр Монгол улс Европ тивд эхэлсэн дэлхийн дайнаас газар нутгийн хувьд алс оршиж байсан ч бие сэтгэлээрээ ойр байж, хувьсгалт Монгол танкын цуваа болон олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Үүнээс заримыг дурдвал 1942 оны эцсээр Москвад 236 вагоноос бүрдсэн галт тэрэгний дөрвөн цуваа бэлэг, бэлнээр 2.5 сая төгрөг, 300 кг алт, 485 мянган морь худалдаж, 32 мянган агт бэлэглэж байжээ. Иргэд сайн дураар бэлэг хүргүүлж байсан бөгөөд улаан цэрэгт хувиасаа 5000 төгрөг, 16000 хонь, 6 тэмээ, 94 морь бэлэглэсэн эмэгтэй Бадам нь хожим "Фронт Бадам" хэмээн алдаршсан билээ. 

Монгол ардын армийн цэргүүд дайны хүнд жилүүдэд их ялалтын төлөө итгэл зүтгэлээ өргөж явсаны нэгэн тод жишээ болсон ахмад дайчин, Халх голын тулалдааны 31-р отрядын байлдагч асан С.Сумъяа гуайтай уулзлаа.

Өдгөө 97 нас хүрч буй С.Сумъяа гуай 1939 оны Халх голын байлдаанд хилийн цэрэгт алба хааж, цагтаа Монгол улсын баатар, ард олондоо “Сэлэмтэй баатар” хэмээн алдаршсан хурандаа Л.Дандартай ойр нөхөрлөж явсан төдийгүй улаан армийн эгнээнд багтаж, дэлхийн дайнд тулалдаж явсан монгол цэрэг гэсэн алдар хүлээсэн буурай билээ.

-Тарган тавтай сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна.

-Та Халх голын байлдаанд оролцож явсан тэр цаг үеийг дурсахгүй юу?

-Би Дундговь аймгийн уугуул хүн. 1939 онд цэрэгт татагдаж, зүүн хязгаарт алба хаахаар болсон. Яг тэр жил Халх голын байлдаан эхэлж, хилийн цэрэгт алба хаасан. Дайны жилүүд хүнд байсан гэдгийг би нүдээр үзсэн хүний хувьд хэлэх нь зүйтэй. Японы арми манай хил дээр ирж дөрвөн сар тулалдаж, цэргүүд нойр хоолгүй байлдаж байлаа.

-Дэлхийн хоёрдугаар дайны тухайд?

-Халх голын байлдааны дараа хилийн цэрэгтээ ажиллаж байгаад хойшоо сургуульд явсан. Намайг ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд суралцаад нэг жил болж байхад дэлхийн хоёрдугаар эхэлсэн. Энэ үед биднийг төв штаб дээр дуудаж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Тэгээд 43 хүн тэнцэж бэлтгэл фронт дээр очсон. Одоо надтай хамт явсан хүмүүсээс нэгэн нь ч үлдсэнгүй. Би ганцаараа амьд сэрүүн байна. Үнэхээр сайхан залуучууд, цэрэг эрс явсан. Тэд нарыгаа одоо ч сэтгэлдээ дурсаж явдаг.

-Дайны эхний жилүүдэд ЗХУ-д байдал ямархуу байсан бэ?

-Миний санаж байгаагаар Германы арми Москва хотод хамгийн ойр нь долоон км тулж ирсэн. Энэ үед Монгол цэргүүд бас байсан. Дайсны хүч тулаад ирэхэд бүгд фронтод явж байлаа. Зөвлөлтийн бүх ард түмэн фронтод бүхнээ дайчлан ажиллаж байсан. Монголын ард түмэн ч гэсэн эдийн засаг, армийн хувьд их дэмжлэг болж байлаа. Зөвлөлтийн ард түмэн шиг шударга, зоригтой тийм хүмүүс маш ховор гэж боддог.

-Дайны дараа хаана ажиллаж байсан бэ?

-Дайны дараа буцаж сургуульдаа үргэлжлүүлэн сураад төгссөн. Түүнээс хойш 38 жил цэргийн албанд зүтгэж, 1976 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хилийн цэргийн сургуульд багш, Монгол ардын армийн цэргүүдтэй хамт эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож явсан.

-Монгол улсын баатар Л.Дандартай нэг ангид алба хашиж явсан тухайгаа дурсахгүй юу?

-Л.Дандар бид хоёр хилийн цэргийн нэг ангид алба хаадаг байсан. Анх уулзаж дотно таницсан тухайд миний том охины бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн. Тэр үед Дандарын том хүү Ганбат бас бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж, бид нэг өрөөнд байсан. Түүнээс хойш нэгнийгээ мэддэг болсон. Дандар их зоригтой, Япончуудыг бут цохино гэж ярьдаг байлаа. Ард түмэндээ “сэлэмтэй баатар” гэж алдаршсан, үнэхээр баатар хүн байсан.

-Мөр зэрэгцэн тулалдаж явсан бусад нөхдийнхөө тухай хуучлахгүй юу?

-Би анх 1939 онд Халх голд цэргийн алба хаасан. Манай хилийн цэргийн ангиас олон “улсын баатар” төрсөн. Тэдгээрээс Монгол улсын баатар Гонгор, Чогдон, Шагдаржав нарыг таньдаг байлаа. Их олон сайхан залуучууд байсан. Би одоо ихэнх хүний нэрийг нь мартчихаад байна. Ямар ч байсан Г.Гонгор Хилийн цэргээс анхны “Монгол улсын баатар” цол хүртсэн.

-Их ялалтын 70 жилийн ой тохиож байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэхээр сайхан байна. ЗХУ дэлхийн тусгаар тогтнолын төлөө бүх хүчээ дайчлан олон мянган залуучууд алтан амиа өргөсөн. Энэ их дайнд Монгол улс маань гар бие оролцож, өнөөдөр эрх чөлөөт тусгаар улс боллоо. Надтай хамт тулалдаж явсан олон мянган анд нөхдөө дурсаж байна. Надад сайхан санагдааас гадна ард түмэнд нь бахархалтай сайхан байгаа гэж бодож байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.