Ялалтын 70 жилийн ойд зориулсан концерт болно

Twitter Print
2015 оны 05-р сар 04-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ойг хэрхэн тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/83 дугаар тушаал гарсан. Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Ой тэмдэглэх тухай” А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталж, Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, амьдрал ахуйд нь туслах залуу хойч үеийнхний эх оронч – үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх  ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, Чөлөөлөх дайны  70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг нийслэлийн салбар комисст даалгасан.  
 
Батлан Хамгаалахын яам, Нийслэл хамтран Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч, баатарлаг үйлсийг залуу хойч үедээ өвлүүлэх, олон улсын найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
5 дугаар сарын 8-ны өдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг угтсан Хүндэтгэлийн чуулга болон баярын концерт болох бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр буюу Бямба гарагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө, Г.К. Жуковын нэрэмжит дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм.  Мөн Их эзэн Чингисийн талбайд цэргийн хээрийн гал зуух иргэдэд халуун хоолоор үйлчилж, баярын концертыг зохион байгуулах бөгөөд Москва хотын Улаан талбайд болох ёслолын жагсаалыг Улаанбаатар хотын төв дэлгэцүүдээр орчуулгатайгаар шууд дамжуулна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.