"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Ч.Сайнбилэг халагдах өргөдлөө өгчээ

Twitter Print
2015 оны 05-р сар 02-нд 20:11 цагт
Мэдээний зураг,

Сар хүрэхгүйн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-нд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Тэрбээр Г.Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод мөн л хэдхэн сарын нүүр үзэж байсан билээ.

Харин албаны эх сурвалжууд түүнийг өнгөрсөн Пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 30-нд энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн гэлээ. Чухам юуны учир ийнхүү дөнгөж томилогдоод байсан албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөх болсон нь тодорхойгүй байна.

Энэ асуудлыг эх сурвалжууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх дарга Я.Батсуурь нь хэдхэн хоногийн өмнө батлан даалтанд гарч, улмаар намын бүлэгтээ мэдээлэл хийсэнтэй холбон тайлбарлаж байна.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон захирал болгон асуудалд ордог. Өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орж, хил даван зугтсаны улмаас Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Харин дараагийнх нь хэдэн сарын турш хорих газар саатуулагдсаны эцэст арай хийн батлан даалтаар гараад буй. Тиймдээ ч хар мөртэй албан тушаал гэгдэж байсан. Харин өдгөө Тавантолгойн төслийг ид хэлэлцэж байгаа энэ үед шинэхэн дарга нь ажлаа гэнэт өгөх болсон шалтгаан удахгүй тодрох биз ээ.

Харин Ч.Сайнбилэгийн оронд ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд Г.Ганболдыг томилсон. Мөн Г.Ганболд дарга албан тушаалынхаа хүрээнд “Эрдэнэс-Таван Толгой” компанийн ТУЗ-ын даргын албыг хаших болсон.

Одоо харин "байнд ч үгүй, банзанд ч үгүй" болсон Ч.Сайнбилэг дарга хаачих бол... Түүнийг дэвшүүлэн зайлуулах шалтгаан байсан юм биш биз...

Ц.Мөнх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.