Тавантолгойн хөрөнгө оруулагчдад итгэж болох уу?

2015 оны 05-р сар 02-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Энэ орд коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагддаг. Таван толгойн Баруун болон Зүүн Цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх үүргийг хөрөнгө оруулагчид нь хүлээж байгаа. Мөн шаардлагатай хийж хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах олон ажлууд байгаа бөгөөд тэдгээр үйл ажиллагаанд  ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог албаныхан хэлдэг. Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай холбоотой олон баримтыг өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэжээ. Өөрөөр хэлбэл Тавантолгойн хөрөнгө оруулагчдын түншлэлд багтах гадаад, дотоодын хөрөнгө оруулагч компаниудыг их хэмжээний өртэй, бэлэн мөнгөгүй, ашиггүй ажиллаж байгаа зэргийг олон улсын үнэлгээний болон аудитын байгууллагууд баталсан байна.

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн түншлэлд багтсан “ММС” компанийн 49 хувь нь Хятадын төрийн өмчит “Шинхуа” группийн эзэмшилд багтдаг. Тиймээс ч анх Тавантолгойн “төслийн компани”-д “ММС” компанийн нэр байсан ч эцэстээ “Шинхуа” группийн нэр явдаг болсон. Олон Улсын үнэлгээний Мооdy’s агентлагын шинжээчийн “ММС” компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 26-ны өдөр дэлхийн мэдээллийн томоохон сайт болох Bloomberg.com мэдээлжээ. Энэхүү дүгнэлтэд “ММС” компанийг зардал ихтэй, ашиг багатай байгаагаас зээлийн хүсэлтэндээ үргэлж татгалзсан хариу авч байгаа, оны төгсгөл гэхэд бэлэн мөнгөгүй болно” гэсэн бол KPMG аудитын 2014 онд тус компанийн санхүүгийн тайланд хийсэн судалгаа үүнийг баталжээ. Мөн “Энержи ресурс” компани төрийн өмчит  “Эрдэнэс таван толгой” компанид 2014 оны байдлаар 14 тэрбум 360 сая төгрөгийн өртэй хэмээн жилийн эцсийн тайландаа тусгажээ. Энэ мэтчилэн Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцэх гэж байгаатай зэрэгцэн олон баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд ил болгосоор байна. Юутай ч Тавантолгойн хөрөнгө оруулагчдын түншлэлд багтсан гадаад дотоодын гурван компанийн бизнесийн түүхийг танилцуулъя.

Тавантолгойн ордын үндэсний хөрөнгө оруулагч “MCS

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан үндэсний уул уурхайн компани бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулдаг. 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 оны 10-р сард тус компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, 2013 оны эцсийн байдлаар Энержи Ресурс компанийн үндсэн ажиллагсдын тоо 2,200 гаруйд хүрсэн төдийгүй Ухаа Худаг цогцолборын хүрээнд 4,000 орчим хүн шууд ажлын байраар хангагддаг ажээ.

Энержи Ресурс ХХК нь MCS группийн охин компани гэдгийг Монголчууд бүгд мэднэ. MCS-ийн бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, магадгүй “эцэг компани” нь гэж багагүй хугацаанд нэр дурдагдаж байгаа Хятад компанийг Керри групп гэж хэвлэлийнхэн нэр дэвшүүлээд байгаа. “Керри группын өмнөх төслүүд Хонг Конг, Сингапур, Бэйжин, Шанхай болон Хятадын томоохон хотуудын өнгө зүс нүүр царайг харуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг нь үндэстэн дамнасан нэр хүндтэй корпораци, дотоодын компаниудын нэрийн хуудас болсон Хятадын алдарт Дэлхийн Худалдааны Төв (China World Trade Center) юм” гэж centraltower.mn  сайтад бичжээ. Мөн “Энержи ресурс” ХХК Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхлэхэд уг компанийг Ройтерс агентлаг 2010 оны 10 дугаар 5-ны өдрийн мэдээгээрээ “Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч MCS болон Керри группын эзэмшилд байдаг” хэмээн мэдээлж байсан юм.
12.5 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Forbes сэтгүүлд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 88 настай эрхэм “Керри групп” хэмээх үндэстэн дамнасан агуу корпорацийг үндэслэгч юм. “Керри групп” чихрийн нишингэ тариалалт, элсэн чихэр, хүнсний тос, гурил, малын тэжээл, газрын тос, уул уурхай, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, тээвэр зуучлал, зочид буудлын сүлжээ, хэвлэл мэдээлэл зэрэг маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гонконг, Хятадаас Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Ази тэр чигээрээ төдийгүй Австралиас Англи хүртэлх орон зай бол энэ группын бизнесийн талбар гэж хэлж болно.  
Олонхи хэвлэл Куокийн нэрийн өмнө “Элсэн чихрийн хаан” гэдэг цол байнга бичдэг. Роберт Куок 1961 оноос эхлэн Энэтхэгээс Засгийн газартайгаа хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан бол өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгаж байна. Малайзийн хамгийн баян хүн Гонконгт амьдардаг бөгөөд  тэрээр 100 жилийн өмнө эх газрын Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү юм. Одоо түүний мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь бий. Мөн дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая доллараар түүний гэр бүлийг баян болгодог билээ. Үүн дээр Монгол дахь бизнесийн оролцоог, тухайлбал  MCS дэх хөрөнгө оруулалтыг бас нэмэх нь зүйтэй. Мөн Роберт Куокийн компани Хятадын зах зээл дээрх Coca Cola брэндийн патентыг эзэмшигч бөгөөд MCS түүгээр дамжуулан Монголд үйлдвэрлэн борлуулах эрх авсан байдаг.

MCS групп үнэхээр энэ группын дэмжлэг, хөрөнгө оруулалтыг авдаг нь үнэн бол дотоодын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаа шиг өрөө төлж чадахгүй болтлоо дампуурлын ирмэг дээр очих ёсгүй.

Урд хөршийн хөрөнгө оруулагч буюу “Шинхуа”

Тавантолгойн хөрөнгө оруулагчдын түншлэлд багтсан бас нэг томоохон компани бол Хятадын “China Shenhua Energy” компани юм. Тус компани нь “ММС” компанийн 49 хувийг эзэмшдэг. Нүүрс үйлдвэрлэлээ Хятадад нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог компани. Нүүрсний олборлолт, худалдаа, түүнчлэн Хятадад эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажилладаг тус компани 1995 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 62 286 ажилтантай.

China Shenhua Energy нүүрсний нөөцөөр баялаг орнуудын зах зээлд байр сууриа эзлэхийг байнга хичээдэг. 2013 оны сүүлээр Казахстаны нүүрсний салбарт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Шинхуа групп нь хөрөнгө оруулах анхны жилдээ 2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Мөн ОХУ-ын “En+” болон Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болсон. Эл ордын талбайд хайгуул, олборлолт хийх лицензийн төлбөрт 246,9 сая рубль буюу 7,4 сая ам.доллар төлсөн байна. Нүүрсийг ил аргаар олборлох бөгөөд жилд 6 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. Төслийн хүрээнд ойролцоох төмөр замын станц хүртэл 100 км авто зам барихаар төлөвлөсөн байна. Зашуланскийн нүүрсний орд нь 252 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй бөгөөд Орос-Хятадын хилээс 500 км зайд оршдог. Олборлолтыг 2018 оноос эхлүүлнэ. Зашуланскийн нүүрсний ордоос олборлосон нүүрснийг Забайкалийн хязгаар нутгийн эрчим хүчний хэрэглээнд нийлүүлэхээс гадна БНХАУ-д экспортлох зорилготой.

Түүнчлэн China Shenhua Energy нь Америкийн зах зээлд гараад амжсан бөгөөд Пенсильвани мужид сланц нефтийн олборлолт явуулахаар тохиролцсон. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 146 сая ам.доллар байснаас 90 саяыг нь Хятадын тал гаргасан байна.  China Shenhua Energy компани АНУ-д 2,5 км-ийн гүнд олборлолт явуулах бөгөөд 30 жилийн дотор 3,8 тэрбум метр куб сланц нефть олборлох төлөвлөгөөтэй. 

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой 2014 оны нэгдүгээр улиралд компаний цэвэр ашиг бараг 10 хувиар буурсан  буюу 1,66 тэрбум доллар болжээ.

Хэл аманд өртөөгүй хамгийн "цэвэр" хөрөнгө оруулагч

Тавантолгойн хөрөнгө оруулагчдаас одоохондоо хэл аманд өртөөгүй хамгийн “цэвэр” байгаа хөрөнгө оруулагч “Sumitomo Group” нь Японы хамгийн том компани юм. Тус групп нь санхүү, машин үйлдвэрлэл, электрон техникийн аж үйлдвэр, хар ба өнгөт металлын үйлдвэр болон бусад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг олон тооны компаниудыг өөртөө багтаадаг. 

Sumitomo 1630 онд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Масатомо Сумитомо гэгч хүн ном, эмийн зүйлийн дэлгүүр нээснээс компаний түүх эхэлжээ.  Компанийг нэрд гаргасан зүйл нь зэсийн олборлолт байв. Сумитомагийн эгчийн нөхөр Риэмон Сога зэс хайлуулах шинэ технологи боловсруулж, харин том хүү Томомоти Сумитомо түүнийг нь хэд хэдэн үйлдвэрт нэвтрүүлжээ. Чухам энэ үеэс Сумитомогийн үйлдвэр байрласан Осака хот нь Японы зэсийн үйлдвэрийн төв болсон байна.  Удалгүй компани санхүү, тээвэр зэрэг олон салбарт ажиллаж эхлэв.

Мэйдзийн сэргэн мандалтын үед Сумитомо компани зэс боловсруулах гадны технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэв. Үр дүнд нь 19 дүгээр зууны эцэс гэхэд тус компани Япон дахь хамгийн том зэс олборлогч, боловсруулагч компани болж хувирав. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үндсэн компани татан буугдаж өнөөгийн Sumitomo Group байгуулагджээ. Өнөөдөр тус группын охин компаниуд бие даасан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ч үндэслэгчийн бичиж үлдээсэн «Мондзюин сиигаки» номын үзэл санаанаас гаждаггүй. Sumitomo Group нь маш олон салбартай компани. Түүний нэг хэсэг болох худалдааны компани Sumitomo Corporation л гэхэд дэлхийн 65 оронд 116 салбартай, Японд 24 офистой, 11,484 их наяд иений хөрөнгөтэй. Харин Sumitomo Group өөрөө 42 толгой компани, тэдний дор харьяалагдах 800 орчим охин компанитай томоохон компани ажээ. 

Ийнхүү Монголчууд хөрөнгө оруулагчиддаа эргэлзэн коксжсон нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдсан Тавантолгойн ордоо ашиглаж чадалгүй эдийн засгийн хямралд улам бүр шигдсээр сууна. Гэтэл хөрөнгө оруулагчдын түүх тийм ч бүрхэг биш. Манайхаас өөр олон ч улс оронд хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллаад, ашигаа хүртээд ирж.   

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар төсвөөс цалинждаг албан хаагчдын цалинг тавих мөнгөгүй болсон тухай мэдээлэл цацагдаж байсан. Төр засаг цалингаа тавих мөнгөгүй болсон мөртлөө төрийн гурван өндөрлөг нь өөр хоорондоо эвдрэлцэж эдийн засгийг сэргээх учиртай томоохон ордуудаа урагшлуулж чадахгүй сууна гэдэг гутамшиг. Дээр нь ард түмэнд өөр өөрийн гэсэн утга учиргүй мэдэгдлүүдийг хойно хойноос нь тавьж ард түмний тархийг угаана. Үүнээс болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баримттай, баримтгүй янз бүрийн мэдээллүүд цацагдаж байна. Монголоос хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулж байгаа энэ хүнд хэцүү цагт наашаа гэсэн хэдэн компаниа амбицтай хэдэн улс төрчдөөсөө болж тавиад туучихгүй юмсан.

Н.Уранзаяа  www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.