Ц.Дашдондов: Чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш

Twitter Print
2015 оны 05-р сар 01-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовтой хөөрөлдөв. Түүнийг чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэдэг.

-Чөлөөт хэвлэл бас сэтгүүлч гэж хэнийг хэлээд байна вэ. Эндээс яриагаа эхэлье?

-Чөлөөт хэвлэл гэдэг чинь хүн рүү дайраад, юм юм руу үсчиж ноцоод, урж тасчих гээд байдаг галзуу нохой биш. Харин хоточ нохой байх учиртай. Сэтгүүлч ч гэсэн тэр. Яллагч биш. Сав л хийвэл бусдыг буруутгаж, зөвтгөхийг урьтал болгож, юу юуны туханд хүрэлгүй тэр тийм, энэ ийм, тэрний зөв, үүний буруу гэхчлэн яаран оношилж ял зэм тохох гээд байхын хэрэггүй. Тэгэхийн оронд аливааг алсуур сэтгэж, уужуу ухаарч, хөдөлбөргүй баримт нотолгоог иш үндэс болгож, машид үнэн зөв, маргашгүй цэвэр ёс зүйтэйгээр бичиж мэдээлэх үүрэгтэй. Хэнийг ч болов гэмт хэрэгтэн мөн эсэхийг хэлдэг хүн нь сэтгүүлч огтоос биш. Тэрнийг гагцхүү хууль, шүүхийнхэн л тогтооно. Сэтгүүлч өөрөө туйлаас хүнлэг байх нь чухал. Ер нь хэн ч болов хүн байх гэж төрдгөөс биш сэтгүүлч болох гэж төрдөггүй. Сэтгүүлч хүнд шингэсэн байвал зохих шинж гэвэл тэдэнд бүргэдийн хурц хараа, шонхрын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж чухал. Би сэтгүүлч гэж биеэ дөвийлгөхийг урьтал болгомгүй. Сэтгүүлч алдрыг ард түмэн хайрлана. Тэрнээс бус өөрөө өөртөө өгчихдөг ч юм биш.

-Таны бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа байна уу?

-Миний бодоход гэж яримгүй байна. Хэрвээ миний бодлоор гэж яриад байвал хэн ч, юу ч бодож болно. Тэгэхийн оронд би бүрэн хүчин төгөлдөр баримт сэлтэд тулгуурлаж байр сууриа илэрхийлье. Манай гаригийн сэтгүүлчдийн маш том хамтын нийгэмлэг болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны баримт бичигт: “Хэрвээ сэтгүүлчид авлигал, ядуурал, айдас болгоомжлолын нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэсэн. Тэгвэл авлига, ядуурал, айдас хүйдэс манайд бий юу.

-Бий юу?

-Байгаа. Ингээд бодохоор хэвлэлийн эрх чөлөө байна гэхэд хэцүү. Та асуултдаа жинхэнэ утгаараа гэсэн айхавтар үг дайж тавьсан нь хариулахад бүр ч амаргүй болгочихлоо. Жинхэнэ утгаараа гэдгийг англиар in genuine sense гэх байх л даа. Хэлээд баймаар хэрсүү үг. Тэгсэн чинь МҮОНТВ-д хүртэл нөгөө муухай цензур гэдэг чинь багагүй хэмжээгээр бугшиж байна. Ингээд бодохоор Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа эсэхийг их эргэлзээтэй болгочихлоо.

-Тэгэхдээ үүний үнэнийг нотлох өөр баримт танд байна уу?

-Байлга гэвэл байлгая л даа. 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд сэтгүүлч Б.Оюунчимэг “Босоо хөх монгол” ч гэнэ үү нэг хөдөлгөөний зүтгэлтэн Э.Төмөрхуягтай ярилцахдаа үгээр ороож хэлэх зүйлд нь хаалт хориг тавьж, өөлчлөх өнгө аясаар хандсан ч өөрийнхөөрөө бус өөр бусдын түлхээсээр ажиллачих шиг болсон. Б.Оюунчимэг овоо зэгсэн сэтгүүлч. Тэгж тенденциозный аяглаж тэнэгтэхгүйг мэдэхтэйгээ юмсан. Р.Амаржаргалтай хийсэн ярилцлага нь ямар сүрхий байсан гэж санана. Хэдэн жилийн өмнө Ц.Мөнхтөрийг тоймч, хөтлөгчөөр ажиллаж байхад телевиз үзэж харах юмтай үнэхээр дориун сайн байсан биш билүү?! Одоо ямар ч болчихсон юм бэ дээ. Тэндээ л нэг ёозгүй дуу. Арай дөнгүүр авах юм гэвэл гадаад мэдээ нь л байна даа. Бусад нь ч дээ. Төрөөр дэмжүүлж, түмний татвараас хувь хүртэж шимпэндээд оршин тогтнож байдаг “Олон нийтийн” гэсэн статустай байгууллага ийм лоймол байх гэж. Би түүний хамгийн анхны зөвлөлд нь багтаж байсны хувьд ямар байх ёстойг гадарлана шүү. “Public service broadcasting” гэдэг ч эгээ ийм байдаггүй. Өөрсдөө мэддэггүй юм бол өөр бусдаас суралцахад яана. Өрнөдөд ийм үлбэгэр олон нийтийн телевизийг үзээд өгье ч олдохгүй. Үндэсний олон нийтийнх гэчихээд үзэгчдээс нүүр буруулж, эрх баригчдад ээнэгшиж элдэвлэх эвгүй л дээ. -Сэтгүүлчдийн хувьд ийм байдаг байж. Тэгвэл хэвлэл мэдээллийн шилдэг менежер, магнатууд гэдэгт та хэн хэнийг нэн томд тооцож нэр цохох вэ? -Би саяхан бүр тодруулбал дөрөвдүгээр сарын 26-нд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд сонин, сэтгүүл борлуулж суугаа С.Боловсон гуайтай уулзаж хэдэн үг солилоо. 17 жилийн туршид тогтмол хэвлэл зарж, борлуулсан гавьяатай нэгэн. Сайн, муу сонины тухайд сайхан ярьж өгсөн дөө. Арга ч үгүй биз дээ. Арав гаруй жил дан нэг чиглэлээр дагначихсан хүн чинь. Тэргүүнд нь “Өдрийн сонин”, тэгээд дараа нь ямар ямар сонин ордгийг нэг нэгэнгүй нэрлэсэн. Өнөөдөр бэлтгэсэн сонины тань хувь заяа маргааш нь хэрхэн шийдэгддэгийг хэлээд өгөх хүмүүс эд нар л юм шиг байна. Дахин хэлэхэд нөлөөлье гэвэл судлах ёстой. -Монголын сэтгүүл зүй өдгөө хаана хүрчихээд, хаашаа явж байна вэ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар руу их дайрах болж. Ямар засаглал хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ ингэж боордог вэ? -Яасан сүрхий догь асуулт вэ. Ашдын бэлгээс амны бэлгэ гэгчээр эвэр амлахыг урьтал болголгүй зориуд тэмдэглэхэд сэтгүүлчид, тэр дундаа Free-Lance-ууд ардчилал хүний эрх, ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний төлөө улстөр, иргэний чин зориг гаргаж, чимхлүүр үйлс бүтээхээр бор зүрхээрээ зүтгэж ирснийг туйлаас бахархаж тэмдэглүүштэй. Чөлөөт хэвлэл, мэдээлэл үүсч хөгжөөгүйсэн бол Монголын нийгэм өнөөдөр ямаршуу хөгийн муухай, яасан их бохир заваан байх бол оо. Ёстой л ялзарч, идээ бээртээ автаж, бусармаг явдал гаарч, буурч доройтож гүйцэх байлгүй. Тэгэхдээ амжилтаа ярихдаа алдсанаа санаж, ололтоо магтахдаа орхисноо үгүйлэх шаардлагатай. Гэмээ мэдэх-гээн ухаарна. Асуудалд энэ үүднээс ажил хэрэгч шүүмжлэлтэй хандваас бидэнд хэлж ярих, засч залруулах зүйл бишгүйдээ байгаа. Нэг мэдсэн чинь асуудлаар дүүрэн сэтгүүл зүйтэй болчихдог байгаа. Ухрах урагшлах тухайд гэвэл бараг л нэг байрандаа байх шив дээ.

-Өнөөгийн сэтгүүл зүйд өнгөтэй өөдтэй зүйл гэвэл байгаа даа?

-Байлгүй яах вэ. Шимт хөрс, шинэ хандлага, сэргэг уур амьсгал бүгд байгаа. Шимт хөрсийн шилдэг төлөөлөл болгож хэлэхэд хөдөлмөрийн баатар Л.Түдэв шинжлэх ухаан, уран зөгнөлийн “Дал” сонинг гаргасаар байгаа. Баялаг түүх, бадрангуй замналт “Үнэн” сониныг Б.Ганболд хэн ч хэрэгсч сонирхож унших хэмжээнд утга агуулга сайтай болголоо. “Өдрийн сонин” хэт нэг талыг барьж, өрөөсгөлдөхгүйгээр мэдээлэл бодитой, тэнцвэртэй, баримт нотолгоотой байх зарчмыг сайн сахиж ирлээ. Жамбалын Мягмарсүрэн, Сандагдорж, Бямбажавын Цэнддоо болон үүрэгтээ үнэнч гар ганзага нийлсэн бүтээлч нөхдийн гавьяа зүтгэлийн үр шимийг өргөн түмэн уншигч өдөр тутамд мэдэрсээр. “Зууны мэдээ”-г ороо бусгаа цагт, овилго муутай үед овоо зэгсэн түвшинд сониноо сайхны дайтай дажгүй сайн авч яваа хатагтай Д.Отгонбаярын харьшгүй зүтгэл, хатан тэвчээрт баярлууштай. “Өнөөдөр”-өөр овоглосон сонин өнгөтэй, өөдтэй хэвээрээ. Сэтгүүлч мэргэжилтэй Н.Шүрийн маань оролцоо ч бий биз. Энэчлэнгээр дурдаад байвал ихийг ярьж болох.

-Сэтгүүл зүйн шинэ хандлага, сэргэг уур амьсгал орж ирж байна гэх юм?

-Б.Ганчимэг “Open door”-оо цовоо, овоо чамбай гаргаад эхлэхэд олны анхаарал чиглэх шиг болсон. Сэтгүүл-зүйн сюрприз мэт санагдсан. Тэгэхээр улам л өндөр авч уншигчийнхаа эгнээг улам л тэлээд байх хэрэгтэй дээ. Өглөө хазаар, орой ташуурын үлгэр үзүүлж яавч болохгүй. Э.Долгион “Блүүмберг”-ийг Монголдоо оруулж ирж нутагшуулсан нь шинэ цагийн сэтгүүл зүй дэх жинхэнэ феномен. С.Батбаатар “Засгийн газрын мэдээ” гэсэн шинэ сонины шавыг тавиад удаагүй ч санаанд оромгүй сайхан юм, хэн болгонд хэрэгтэй зүйл их хэллээ. Г.Жамъян маань гандаж буураагүй хэвээрээ. Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа”-г сэдсэн нь цагаа олжээ. Хөндөх сэдэв, ярих эзнээ л олоод байвал болоод явчихна даа. Сэтгүүлчдийн өнөр бүл доторхи хамгийн сонин содон фигур хэн бэ? гэхэд Л.Мөнхбаясгалан гэж хэлэх хүн цөөнгүй байж мэдэх вий. Эргээд бодохноо Ц.Энхбат маань ТВ9-д санаж дурсахаар сайн өв их үлдээж дээ. Тэрнийг нь Т.Баасансүрэн зангараг зааж бататгах байлгүй. Ц.Энхбат маань эдүгээ NTV-д байгаа. Нэгийн тухай бодонгуут нөгөө нь санаанд ороод байх юм. Г.Пүрэвсамбуу англи хэл дээр гардаг сонин, сэтгүүлийн гаргааг нь эхэлж, хүрээг нь тэлсэн гавьяатай хүн. Нэг цагт нягт хамтарч явсан С.Амарсанаагийн ажил үйлс мандаж байгааг Б.Цогзаяабаатараасаа сонсоод баярлав. Чулуунбатын Эрдэнийг хэт үнэлэх хэрэггүй ч, дутуу үнэлж ердөө болохгүй. Түүнд хур мэдлэг хуримталсан мэдээлэл асар арвин Аккумулятор л гэсэн үг. Хатагтай Хашхүүгийн Наранжаргал Монголд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний үрийг цацаж, үндсийг тавихад үнэхээр үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Ондоо олон хүнийг нэрлэж болох нь цөмийг нь тоочих боломжгүй. Чөлөөт хэвлэлийн гэрэлт бамбарыг хөдөөд асааж бадруулагчдыг Дарханы Ө.Рагчаасүрэнгээрээ төлөөлүүлье. Бусад нь гомдчих вий дээ. Эрдэнэтийн С.Шаравдорж, Ж.Оюун, Дорнодын Б.Туяа, Сүхбаатарын Я.Түмэннаст, Дундговийн С.Пүрэвсүрэн гээд яривал ч ярих нөхөд байлгүй яах вэ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зөгнөл хосолсон “Дал” сониноо доктор Л.Түдэв мөн ч сайн гаргаж ирлээ дээ. Үүнчлэн удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүхийн эрхлэн гаргадаг онол, арга зүйн сэтгүүл ухаан эрдэм нэвт шингэсэн уншууртай, амттайгаараа ангид.

-Сайн сэтгүүлч, шилдэг нийтлэлч гэхээр хүмүүс янз бүрийн тодотгол өгөх юм?

-Хэн муу сэтгүүлч байя гэж бодох вэ дээ. Цөм л сайн байхыг хүснэ. Гэвч зөвхөн хүсэл байх хангалтгүй. Хүссэнээр хүндийг олчихгүй. Санаснаар ч сайн болчихгүй. Суурь боловсролоос гадна олдмол олон шинж, заавал байх заяамал авьяас зайлшгүй хэрэгтэй. Учир зүйг ухаарах чадвар, ургуулан бодох шим шүлтэт чанар, ямарваад хандахдаа явцуу бус өргөн, ядмаг бус өндөр түвшинд сэтгэх сэргэлэн шинж энэ бүхнийг сэтгүүлч хүн өөртөө тээж, тэнгэрлэг золбоолог, тэгээд ч зогсохгүй хүнлэг байгууштай. Иргэний болон улс төрийн зориг зүрх байлгүй болохгүй. Чөлөөт хэвлэл гаргана, хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй үйлс, аюул эрс ихтэй зам. Аймхай хулчгар хүний хийдэг ажил, явдаг зам биш. Дээр өгүүлсэн зүйлийг арай илүү амтлаг байдлаар илэрхийлбээс сэтгүүлч хүнд бүргэдийн хурц хараа, шонхрын эр зориг, барын бадрангуй дүүлэлт, загасны соргог мэдрэмж, чонын хурдан хөл хэрэгтэй. Сэтгүүлчийн тухай яриа үүгээр дуусах ёсгүй. Авьяас гэдэг олдмол бус төрмөл, завсрын бус заяамал, олон бус цөөн тийм үлэмж дээд үнэ цэнэт ховор чанар, хосгүй шинж. Авьяасгүй бол амбан явахгүй. Юмаар юм хийнэ гэгчээр ямар ч сайхан сэдэв олдлоо гэсэн тэрнийг уншуур, амттай болгож, амь оруулахад авьяас л тусална. Авьяас гэдэг заавал ч гүй нэг лут аугаа хэлбэрээр илрэх албагүй. Ажиглаж мэдэрч л чаддаг юм бол аар саархан юмаар ч, бүр санаандгүй зүйлээр ч танигдаж тодрох тохиолдол зөндөө.

-Үүнийг нотлох боломж танд байна уу?

-Нотолж цөхөх юун. Санаанд хамгийн түрүүнд харван орж ирж байгаа зүйлийг хуваалцъя. Аугаа эрдэмтэн, академич Б.Ринчен гуайг таалал төгсөхөд Ц.Хасбаатар гэдэг лут судлаач, ланжгар шүүмжлэгч харамсахдаа юу гэсэн гээч.

-Юу?

-Нэг их том номын сан шатчихлаа гэсэн. Нээрээ л одоо бодож байвал Ринчен доктортой эн зэрэгцэх эрдэм номтой хүн ховор шүү дээ. Бямбын Ринчен гэдэг чинь ёстой л нэг баялаг дэлгэр, бахдам сайхан номын сан байж дээ. Тэгж онож томъёолно гэж байх уу. Ц.Хасбаатар гуайн тэр үнэлэлт бол утга төгөлдөр, урнаар сэтгэх увидас авьяас мөнөөс мөн. Энэ талын жишээг эдүгээжүүлж нэгэн баримт дэлгэе. Баабар нэгэн нийтлэлээ “Архи уух сайхан” хэмээн гарчиглажээ. Яахаараа “Архи уух сайхан байх билээ” гэж ямар ч хүн бодно оо доо. Бодоод зогсохгүй заавал уншина. Бичсэн зүйлээ уншуулах гэдэг нийтлэлч хүний нэн түрүүний зорилго. Архины хор холбогдлыг дотор нь өгүүлснийг гаднах гарчигаар нь даллаад уншуулчихсан л байгаа юм даа. “Архи хортой” гэсэн улиг гарчиг өгвөл уншихгүйг Баабар тооцжээ. Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Дөнгөтийн Цоодол бусдаас ярилцлага авч “Өдрийн сонин”-д гаргахдаа “Лоохууз гэдэг онц сонирхолтой, үргэлжлэлтэй роман” гэж гарчигласан байж билээ. Д.Цоодолын бодож олсон тэр гарчиг нь өөр шиг нь өнгөлөг, өрнүүн бадрангуй болсон байв. Үүгээр үл барам Д.Цоодол хүний бодоогүйг бодуулж, санаагүйг сануулж, сайхнаар хэлдэг нь гайхалтай. “Хатгасан өргөсийг авахдаа хажуугийнх нь өвсийг бүү зулгаа”, “Ертөнцийг гоо сайхан аварна гэцгээдэг. Тэгдэг бол бид бараг хэтэртлээ гоёлоо. Авардаг юм бол аврахаар боллоо. Аварсан юм байхгүй л байна. Ертөнц улам л хүнээ алдаж дампуурч байна” гэх мэтчилэн. Зохиолч Ш.Сүрэнжав “Номоо уншдаггүй хүнд өгөхийг нохойд чихэр өгөхтэй” зүйрлэсэн, нас барахыг Б.Лхагвасүрэн “Ижийдээ очих томилолт” гэж тодорхойлсон. Доктор Л.Түдэв “Сэтгүүлчийн зэвсэг нь хэл. Тэр нь барагдашгүй олон сумтай. Тэр сум нь үг. Ам бол аюултай үүд” захын хүний толгойд ийм үг буухгүй. Авьяас баймааж нь төрнө. Эдгээрийг авьяас гэхгүй бол юуг авьяас гэх вэ дээ. Ямар “нилээдгүй”, “чамгүй”, “аягүй гоё” гэж чамирхаж чалчихыг, “Юу ч гэмээр юм”, “Юу ч гэх юм” гэхчилэн ээрч муурч элдэвлэж, аяглаж, аальгүйтэхийг “бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил”-ыг амьдралд харуулж, өөхөнд хучсан ч нохой тоож шиншихгүй, өвсөнд ороосон ч чихэр ирж долоохгүй хачин ярьж, сайхан явах гээд алцаганахын үлгэр үзүүлж аяглаж, маяглахыг авьяас гэлтэй биш. Заримдаа ч бүр залхаж гүйцмээр. Төлөөнөөс зовж нүүр халмаар. Хожмоо тэр нь хор уршиг тарих тул цаашдаа ярих дуртай нь бус ярих юмтай нь ярьдаг байвал зохимжтой. Би үгээ хэлэх ёстой, бусад нь сонсох үүрэгтэй хэмээн бодож хэт шижээргүйтэж яахан болох. Өнөө үеийг өмнөхтэй зүйрлэхийн аргагүй. Хүмүүс аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэдэг үе. Юм бүхэн харьцангуй, хүний мэдлэг хязгааргүй, танин мэдэхгүйг таашгүй. Гадаад хэл, даан ялангуяа алаг хорвоогийн хаан хэл гэж хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл хэл болох англиар арав, таван өгүүлбэр оруулсныг ад үзэх сэтгүүлч байхгүй байлгүй. Цуглах газраа хүртэл “PEN” клуб гэсэн байх чинь билээ. Шинэ цагийн шилдэг сэтгүүлчдийн нэг гэж болох Б.Ганчимэг маань гаргадаг сониноо нэлэнхийд нь монголоор бэлтгэсэн хэрнээ нэрийг нь “Open door” гэсэн байв уу. Мөчөөгөө хэнд ч өгөхөөргүй Л.Мөнхбаясгалан хөтөлдөг нэвтрүүлгээ “Цензургүй яриа” гэж нэрлэхдээ цензур гэсэн харь үгэнд “үгүй” дагавар залгажээ. Оросоор цензура гэдэг боловч угтаа sensura гэсэн латин хэллэг л дээ. Утга нь хянах, цагдах гэх мэт. Дээрх байдлаас харахад манай сэтгүүлчид харь үг хэрэглэхдээ хачин их дуртайдаг. Бусад нь ч ялгаагүй. Хүүхнүүд хоршоо дэлгүүр хэсэхийгээ шоопэн хийнэ гэх шиг. Дарга даамлууд болохоор ложийстог, терминаль, ипотек энээ тэрээ ч гэх шиг. Насаараа парламентад суучихсан нэг эрхэм 2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд Их хурлын чуулганд оролцохдоо компенсаци, унитарный гэхчилэн харь үг хэрэглэснээр барахгүй, компенсаци гэдгээ нэг суудал дээр гурвантаа давтсан. Даяаршлын үед гадаад үг хэллэг хэрэглэх нь муугийн ёс биш Монголын, Монголын ёсоор барахгүй дэлхийн жишиг болчихоод байх шив дээ. Тэгэхээр үзэг нэгт нөхдөд, үүний дотор МҮОНТВ-ийнхэнд санаа авахуулах үүднээс ахиад нэг зүйл нэмж толилуулъя.

-МҮОНТВ гэхээр хүмүүс гайхах байх л даа?

-Дэлхийд цуутай ВВС-гийн идеал зорилтуудад “The BBC name is associated with independent, reliable news. The BBC governors recognize that this global value is a pre¬cious asset for the BBC” гэсэн үгс байдгийг АНУ-ын толгой том мэдээллийн агентлаг “Associated Press” хийгээд өөр бусад бараг бүх агаарын долгионы агентлагуудын мэдээлэл цацах үйлчилгээнд бодитой байхыг “A charac¬teristic feature of AP and all other wire service news is its objectivity and detachment. Its reporters do not take sides in reporting the news, and they try not to inject their opinions” гэж тусгагдсаныг, тэрнийгээ бататгаж “This policy is followed because the service has a large number of client newspapers. If one paper preferred one bias, another paper might prefer a different bias. It is best then, to have no bias”. Санаа авч юу магад. Ийнхүү янз янзын тодорхойлолт томъёолол, үзэл баримтлалыг яг эхээр нь орчуулгагүй толилуулаад байна вэ гэхээр өчүүхэн миний үг биш шүү, өөр ланжгаруудын үзэл баримтлал шүү л гэх гэснийх. Тэгэх нь айхавтрын дүр эсгэж аархахыг урьтал болгож, алдрын тогоо долоох гэснээс дээр ээ. Монголд чөлөөт хэвлэл сонгодог утгаараа хөгжиж ирсэн уламжлал байхгүй болохоор бусдаас, дан ялангуяа өрнөдөөс суралцах нь яалт ч үгүй чухлыг ярилцлагын эхэнд хэлснийгээ хэрэг болгон дахин нэг сануулъя юу. Р.Амаржаргал гишүүний хэлсэнчлэн, орчуулсныг нь гэхээс илүүтэйгээр эхээр нь харж байж сая нэг санаа нь амарч, ханамж авдаг болсон хандлагыг харгалзан сав л хийвэл цаад эх хэлээр нь давслалгүй дамжуулахыг хэрдээ л хичээлээ.

-Ингэдэг нь ер нь зөв үү?

-Өөрөөс тань лавлаж асуугаадахъя. Юуны тулд та бид хоёр ташаа сүвээгээ нийлүүлэх нь холгүй зэрэгцэн тавтай гэгч нь ярилцан суугаа билээ дээ. Тэгэхдээ бид хоёр тэгш эрхтэйгээр ярилцана шүү. Би илүү эрх эдэлж элдэв тийш залж нөлөөлөх гээд байх ч хэрэггүй.

Эх сурвалж: Д.ГАНСАРУУЛ, Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.