Ж.Энхбат: Замын цагдаагийн нэг ч албан хаагч бэлэн мөнгөөр торгохгүй

2015 оны 05-р сар 01-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, түүнээс үүдэн гарах зам тээврийн осол, хэрэг өсөх хандлагатай байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, аль 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хүлээлгэх хариуцлага сул, цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна хэмээн цагдаагийн байгууллагынхан үзжээ. Тиймээс олон жилийн өмнөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулсан боловч тусгалаа олохгүй өдийн хүрсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү болон бусад гишүүд санаачлан хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн мөн гадны улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ эхний хэлэлцүүлгээрээ шийдсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд 27491 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 1542 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үйлдэгджээ. Үүний 1001 жолооч, 366 явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад  зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна. Энэ оны 1 дүгээр сард согтуугаар  замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэгт 150 хүн /үүнээс тээврийн хэрэгсэл жолоодсон 102, явган зорчигчоор 48 хүн/ өртсөн байна. Дээрх хуулийн төсөл болон цаг үеийн асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах, цагдаагийн хошууч Ж.Энхбаттай уулзаж ярилцсан юм.

-Та бүхний хамгийн их хүсэж байсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн төсөл УИХ-аар орж эхний даваагаа давлаа. Гэтэл иргэд энэ асуудал дээр буруу ойлголттой байх шиг байна. Одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа иргэнд ямар хариуцлага ногдуулах хуулийн заалт мөрдөгдөж байгаа юм бэ?

-“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” анх 1996 онд батлагдаж Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хугацаанд 5 удаа өөрчлөлт орсон байдаг юм. Энэ удаагийн хэлэлцэгдэж байгаа хууль бол шинэчилсэн найруулга, шинэчилж найруулж байгаа. Өөрөөр хэлбэл цаг үеэ дагаад, хөгжлийг дагаад, дээр нь автомашинжиж байгаа байдал, зөрчил дутагдал, торгуулийн хэмжээ, санкц энэ бүхэнтэй уялдуулж тус хуулийн бүх заалтууд дээр шинэчлэх шаардлага байна гэж үзээд 2 жилийн өмнөөс ажил эхэлсэн. Ингээд бүх судалгаа, санал асуулга, ижил төстэй улс орнуудын хуулийг судлах гэх мэт шаардлагатай олон ажил хийгдэж дуусаад ХЗЯ, Байнгын хороогоор ороод, хэдхэн хоногийн өмнө УИХ дээр танилцуулагдаад хэлэлцэх нь зүйтэй гэж шийдлээ. Энэ хууль 7 бүлэг, 55 зүйлтэй хууль байгаа. Энэ хуулийг санаачлагч эхний ажлын хэсэг өөрчлөгдөж, УИХ-аар хэлэлцэхийн өмнө шинэ ажлын хэсэг байгуулагдсан. Шинэ ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдсон байгаа. Замын Цагдаагийн газраас Газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шинэчлэгдэн байгуулагдаж, шаардлагатай ажлуудыг хийгээд УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээж байна.

-Та түрүүн хэллээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль батлагдсанаасаа хойш 5 удаа өөрчлөгдсөн гэж. Одоо ч бас шинэчлэгдэж байх шиг байна. Ийм олон удаа өөрчлөгдөөд байхад замын хөдөлгөөний зөрчил буурахгүй байна. Энэ юутай холбоотой юм бэ, Замын цагдаагийн газар, зохицуулагч алба хаагчид хангалтгүй ажиллаад байна уу? Шинэ хууль батлагдвал хэрэг, зөрчил буурна гэсэн баталгаа бий юу?

-Нэгдүгээрт, би баталгаа өгдөг хүн биш. Нөгөөтэйгүүр иргэдийн яриад байгаа хууль чангатгах шаардлагыг бид олон жил ярьж, өөрчлөх саналыг тухай бүрт нь холбогдох хүмүүст танилцуулж байсан. Харамсалтай нь олон Засгийн газрын үед энэ хуулийг хэлэлцэх боломжгүй байсан уу, эсвэл цаг үе нь болоогүй байсан уу хэлэлцээгүй. Харин энэ Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар өөрсдөө хуулийг шинэчлэн найруулах саналыг гаргасан нь маш их талархууштай хэрэг болсон. Ингээд шинэ хууль батлагдвал одоо гарч байгаа хэрэг, зөрчлийг багасгахад нөлөөлөхүйц хууль болно гэж бид үзэж байгаа. Жишээ нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар аж ахуйн нэгжийг 200 мянга хүртэлх төгрөгөөр, иргэний 50 мянга хүртэлх төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Шинэчилсэн найруулгаар энэ хуулийн заалтыг өөрчилсөн байгаа. Өөрчлөхдөө торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцох, заримд нь бүр 4 дахин ихэсгэсэн байдлаар торгуулийн арга хэмжээг тооцохоор заасан. Энэ нь зөрчил гаргагчийн гаргасан зөрчлийнх нь хэмжээнд тохируулж торгоно гэсэн үг. Энэ бол ололттой заалт. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил манай улсад их байгаа. Энэ зөрчил дээр авах арга хэмжээг чангатгаж өгсөн. Бэлэн торгодог, дээр нь эрхийг нь хасдаг, дахин давтан үйлдэх юм бол эрхийг хассан хугацааг нэмдэг, мөн торгууль нэмэгддэг зохицуулалт оруулж өгсөн. Бүр дахин үйлдээд байх юм бол албадан ажил хөдөлмөр эрхлүүлэх хүртэл арга хэмжээ авах зохицуулалт нь иргэдийн санаанд нийцэж байгаа гэж үзэж байгаа. Хөгжиж яваа дэлхийн бусад улс орнуудын жишгийг харж байхад манайх шиг үйл явц мөн л давтагдсан байдаг. Яг л адилхан торгууль нь бага, зөрчил дутагдал нь нэмэгдээд, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь хөнөөж байгаа байдал байсан. Тэгээд эрх зүйн орчноо чангатгаж өгснөөр зам тээврийн ослын 80 хувь буурдаг, нас баралтын 80 хувь буурдаг жишээнүүд байна. Тэгэхээр бид ч ийм нөхцөл байдалтай болно гэж харж байгаа.        

-Иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байдаг бас нэг асуудал бол замын цагдаа буюу зохицуулагч нартай холбоотой асуудал. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохицуулагч нар бэлэн мөнгөөр, баримтгүй торгосон тохиолдлуудыг мэдээлсэн байдаг. Яг одоогоор ийм хэрэгт шалгагдаж байгаа цагдаагийн албан хаагч бий юу?

-Замын цагдаагийн нэг ч албан хаагч бэлэн мөнгөөр торгохгүй. Торгосон тохиолдол ч байхгүй. Замын цагдаа бэлэн бусаар торгодог. Харин бусад анги байгууллагууд буюу хэв журмын албаныхан, цагдаагийн хэлтсийн албан хаагчид “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг зөрчсөн нөхцөл дээр арга хэмжээ тооцож, тасалбар бичээд бэлэн мөнгөөр торгож байгаа. Энэ нь Цагдаагийн нийтлэг үүргээрээ манай цагдаагийн байгууллагын аль ч албан хаагч зөрчил илрүүлсэн бол арга хэмжээ тооцох эрх хууиараа байдаг. Надад байгаа мэдээллээр бэлэн мөнгө авсан замын цагдаагийн албан хаагчийг шалгаж байгаа зүйл одоогоор алга байна.

-Саяхан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжүүдийн дотор цагдаагийн албан хаагч нар, тэдний нийгмийн асуудалд анхаарсан олон сайхан зөвлөмжүүд тусгагдсан байсан. Энэ асуудал мөн л олон жил яригдаж байна. Яг одоогоор цагдаагийн албан хаагчдад ямар урамшуулал, хангамж олгогддог юм бэ?

-Ер нь манай улсад хууль сахиулагч өөрөө хохирогч болох тохиолдол маш элбэг байгаа. Өөрөө хууль сахиулж явах үедээ хохирох, сэтгэл санаа, бие эрхтэн, амь насаараа хохирох тохиолдол байдаг. Ганц цагдаа ч гэхгүй, хууль хяналтын бусад байгууллагуудын ажилтан, албан хаагчид хохирдог. Үүнийг ХЭҮК-ынхон олж хараад, ийм ажил хийж байгаад бид таатай байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн албан хаагч бүрт урамшуулал олгож байгаа зүйл байхгүй байна. Өнгөрсөн онуудад ажлын үзүүлэлтээр цалингийн хувиар шагнаж урамшуулдаг байсан. Энэ жилээс ийм зүйл байхгүй болсон. Яагаад гэвэл эдийн засгийн хувьд улс эх орон хүнд байна. Тиймээс авах ёстой цалингаа л авч байна.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.