Сэкиваки Тэрүнофүжи нутгийн аварга Хакухог амласан башёгийн банцүкэ гарлаа

Twitter Print
2015 оны 04-р сар 30-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн 2015 оны нацү башё тавдугаар сарын 10-наас 24-ны хооронд Токио хотод болно. Энэ удаагийн тэмцээний банцүкэ гарсан байна. Зүүн жигүүрийг 69 дэх ёкозүна Хакухо, баруун жигүүрийг 70 дахь ёкозүна Харумафүжи манлайлан барилдах аж.

Мөн 71 дэх ёкозүна Какүрюү, озэки Кисэносато, Котошёогикү, Гоэйдо, сэкиваки Тэрүнофүжи, Миёогирюү, комүсүби Ичиножёо, Точиоозан цолтой бөхчүүдийн байранд бичигдэж байна. Эдгээрээс Монголын залуу бөхчүүд олны анхаарлын төвд орсон.

Тэмцээний өмнө бөхчүүд дэвжээн дээр хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнгөрсөн башё түрүү байр булаалдсан сэкиваки Тэрүнофүжи сэтгүүлч нарт хэлэхдээ “Түрүү башёгоос ялгарах юм байхгүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгч маань ёкозүна Хакухо. Энэ жилдээ багтаж озэки цол авах зорилготой” гэсэн юм. Харин Хакухогийн багш Миягино ояката “Одоогийн гурван озэки түрүүлж чадахгүй. Сэкиваки Тэрүнофүжи л хамгийн сайн барилдах байх. Бас Ичиножёо жингээ бага зэрэг хасвал их аваргуудад хүчтэй эсэргүүцэл үзүүлж магадгүй” гэж ярьжээ.

Ирэх тавдугаар сард 14 давах буюу түрүүлэх хэмжээнд барилдвал сумогийн холбоо Тэрүнофүжид озэки цол олгоно гэж амласан. Гэхдээ манай бөх том цол бодож сэтгэлийн дарамтанд орохгүй, өөрийнхөөрөө барилдаж чадвал озэки болох нь цаг хугацааны асуудал юм. Ер нь сумогийн ертөнцөд Монгол бөхчүүдийн дараагийн үе гарч ирсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Ёкозүна Хакухо, Какүрюү 30, Харумафүжи 31 нас хүрч байна. Их сумод энэ бол хөгшин нас. Харин дараагийн залгамж халаа  Тэрүнофүжи 23, Ичиножёо 22 настай байгаа учир ойрын арван жил Монголынхоо нэрийг арлын Японд цуурайтуулах нь дамжиггүй юм.

Нацү башёгийн дээд зиндаанд Монголын 9 бөх эрэмблэгдсэн. Өмнөх башёд маэгаширагийн наймд бичигдсэн Токитэнкү 3 даваа, 12 унаатай тэмцээнээ тун хангалтгүй дуусгаж, ирэх сард жюүрёогийн нэгээс барилдахаар болсон. Харин ахмад бөх Кёкүтэнхо м-14 буюу дээд зиндаандаа үлдсэн аж. Сэтгүүлч нар түүнээс зодог тайлах тухай асуухад “Жюүрёод унавал зодог тайлна гэж боддог. Гэтэл нэг сард нь сайн барилдаад, дараагийн сар муу барилдаад дээд зиндаандаа л бичигдээд байна. Тийм болохоор зодог тайлж болохгүй байна” гэсэн юм.

Сумо бөхийн тавдугаар сарын башёгийн дээд зиндааны банцүкэ

Монгол бөхчүүд нэр нь: Hakuho-Даваажаргал, Harumafuji-Бямбадорж, Kakuryu-Ананд, Terunofuji-Ган-Эрдэнэ, Ichinojo-Ичиннорёов, Tamawashi -Мөнх-Оргил, Arawashi-Дөлгөөн, Kyokushuho-Эрдэнэбаатар, Kyokutenho-Цэвэгням

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.