Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/

Twitter Print
2017 оны 10-р сар 16-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм. Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн, устах аюулд орсон/ Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-3: Улаан номонд орсон шувууд

Хар тогоруу

Хар тогоруу /Grus Monacha temminck/ нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монгол оронд Архангай, Өвөрхангай аймгийн нутаг, Орхон голын сав, урд Тамир голын адгаар зусдаг, агнахыг хориглосон, ховор зүйлийн нэг. Гүвээ толгод, нуур намагтай, хүн ам олонтой газар байх дуртай хэдий ч  ойн бүсэд ус намагтай газар үүрээ засна. 1971-77 онуудад Архангай, Өвөрхангайн зарим нутгуудад хэд хэд үзэгдсэнийг тухай бүрд нь бүртгэж байсан байна. Дэлхий дээр нэн ховор зүйлд тооцдог. Алаг тогоруу нь Сибирь болон Монголын зүүн хойд нутгаар томоохон нуур намаг, элсэрхэг голын хөндийд зусдаг.

Монголчууд Япон тогоруу, манжуур тогоруу гэх зэргээр нэрлэдэг. Өндөр нь 140 сантиметр, биеийн жин нь 7.7-10 килограмм. Нас бие гүйцсэн нь цагаан өнгийн зүстэй ба толгой дээрээ улаан судалтай байдаг. Намган доторхи газар хуурай довцог дээр зэгсээр үүрээ засаж голдуу хоёр өндөг гаргах боловч нэг нь л эсэн мэнд бойждог. Жижиг биет хоёр нутагтан, хорхой шавьж, намаг цөөрмийн ургамлаар хооллоно. Намар орой болохоор Солонгос, Хятад, Япон, Тайван руу өвөлжихөөр буцна. 1973 онд хуулиар агнахыг хоригложээ. 

Реликт цахлай

Реликт цахлай /larus relitus lonnberg/ нь шувууны хөхчүү хэлбэртний баг, цахлайн овгийн шувуу бөгөөд олон улсын улаан ном, Монгол орны улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувууны нэг юм. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. 

Орон улсын Улаан ном, устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 1 хавсралтад зэрэгт орсон.

Үржил

2-3 настайгаасаа үржилд орж, цуглаанаар үүрлэн 2-3 өндөг гаргаж, 24-26 хоног дардаг байна. Дэгдээхэй нь 40-45 хоноод нисэх чадвартай болно. Манайд Дорнод аймгийн Хөх, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул, Хөх нуур, Булган голд нутагладаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тоо толгой нь ховордож байгаа.

Цэн тогоруу

Цэн тогоруу /Grus vipio pallas/ нь шувууны аймгийн нэг тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монгол орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн голын сав газрууд, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг газраар зусдаг, агнахыг хориглосон, нэн ховор зүйлийн нэг. 1973 оны конвенцийн 1-р хавсралтанд оруулсан.

Амьдрах орчин 

Аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдрах дуртай. Хар толгойтой, нүүрэндээ улаан толбо бүхий хацартай, хөх саарал нуруутай, саарал ба цагаан алаг судал бүхий хүзүүтэй, ягаандуу өнгийн урт хөлтэй. Өндөр нь 130 сантиметр, биеийн жин нь 5.6 килограмм. Хорхой шавьж, үр тариа, ургамал, жижиг амьтдаар хооллоно.

Монголд 4 дүгээр сарын эхний 10 хоногт нүүдэллэн ирж зусдаг бөгөөд намрын шувууд шиг сүрэглэн шуугидаггүй. Хосууд шууд өөр өөрсдийн урьд нь өндөглөж байсан газраа очдог. Хэрэв тэнд өндөглөх боломжгүй бол шинэ газар сонгоно. 5 дугаар сарын эхээр өндөглөж, 1 сар орчим өндгөө дарж дэгдээхэй болгоно. 9 дүгээр сарын дунд үе гэхэд дэгдээхэй нисэх чадвартай болчихсон байна. 8 дугаар сарын сүүлчээс эхлэн 10 дугаар сарын эхэн хүртэл нүүдлийн өмнөх цуглаан болдог. Цугларах газраа сонгохдоо аль болох идэш тэжээл элбэг байх тариан талбайд ойрхон нуур намаг, нуга бүхий газрыг сонгоно. Дараа нь Япон Солонгос руу өвөлжихөөр явдаг. 

Тоо толгой

Сүүлийн 20 жилийн судалгаанаас үзвэл, жигд өсөлт байхгүй боловч зарим хуурайшилттай зун тоо толгой нь буурах хандлагатай байгаа аж. Монгол оронд нийтдээ 1200 гаруй цэн тогоруу бий гэсэн судалгааны тоо баримт байдаг. 

Борцгор хотон

Борцгор хотон /pelecanus crispus bruch/ нь шувууны аймгийн хотон хэлбэртний баг болох хотонгийн овогт багтдаг. Монгол орны Бөөн цагаан нуур, Орог, Айраг, Хар-Ус, Ойгон, Хяргас, Сантмаргацын Баян, Холбоож, Хар-Ус нуурын орчинд зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал,  тохой, голуудын цутгал хэсэгт нутагладаг. Хар ус нуурт өндөглөдөг. Монгол улсад ан агнуурын хуулиар хотонг агнах, устгахыг хориглосон. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад оруулсан.

Үржил

Маш гоёмсог шувуу бөгөөд Биеийн жин нь 12-14 килограмм. Цагаан өнгөтэй, нуруу далавч нь саарал ба хөх саарал, цагаан хүзүүтэй, уутан эвэрлэг хошуутай, дагз хүзүүний арын өднүүд нь урт бөгөөд буржгар, холоос харахад дэл маягтай харагдана. Гол идэш нь загас бөгөөд зэгс шагшуурга ихтэй, том нууруудын арал, тохой, голуудын цутгалан орчимд нутаглах дуртай. 3 нас хүрч үржилд орно. 5 дугаар сарын дундуур хос хосоороо үүрээ засч өндөглөнө. 40 орчим хоногийн дараа ангаахай болдог. 

Хотон

Хотон хэлбэртний баг болох хотонгийн овогт багтана. Том биетэй, хошуундаа хальсан ууттай, усны шувуу юм. Монгол орны усны шувуудаас хамгийн томд тооцогдох хотон шувууны алдалсан далавч нь 160-180 сантиметр, хүнд нь 9-12 килограмм хүрдэг, өргөн богино сүүл нь 24 ширхэг өдтэй. Богино хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлдэг, сарьсан хальсаар холбогдсон дөрвөн хуруутай.

Сүрэг сүргээрээ үүр засаж 2-3 өндөг гаргаад, эрэгчин эмэгчин ээлжлэн өндгөө 40 хоног дардаг. Ангаахайгаа өдөрт 2-3 загасаар хооллоно. Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нуурт ирдэг хотон шувууны тоо жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр байна. Хотонгийн үржил үндсэндээ зогсоод байгаа ажээ.  Хулгайн анчид хошууг нь өндөр үнэ хүргэхийн тулд агнаж, хотон шувууны хошуугаар хийсэн морины хусуурууд уяачдын ганган хэрэглээний нэг болсон учраас тийнхүү харамсалтайгаар цөөрч байгаа ажээ. Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг байна.

Хар өрөвтас

Хар өрөвтас /ciconia nigra/ нь шувууны аймгийн өвөрлөг хэлбэртний баг болох өвөрлөгийн овогт багтдаг. Нуур голын хөвөө, ойн захаар голчлон тааралддаг. Манай орны ойт хээрийн бүсэнд өргөн тархсан боловч ховор бөгөөд 1 м орчим өндөр, далавчаа дэлгэхэд 1,8 м, биеийн жин нь 3 кг болно. Цагаан хэвлийгээс бусад хэсэг нь хар бөгөөд хошуу, хөл нь улаан өнгөтэй. Алгуур удаан алхаж явна. Олон улсын Улаан ном ба устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон.

Үржил

Хар өрөвтас навчит болон шилмүүст модон ойн ойролцоо чийгтэй, намгархаг газар, мөн уулархаг газар нутагладаг. Өндөр модонд үүрээ засна. Гол идэш тэжээл нь хоёр нутагтан, шавьж хорхой зэрэг юм. 4-5 сард 3-5 цагаан өндөг гаргана. Тэд холын зайн нүүдлийн шувуу бөгөөд Африк, Энэтхэгийн дулаан бүсэд өвөлждөг. Иберийн хойгт амьдрах хэсэг нь суурин байна. Хар өрөвтас өдөрт 100-250 км туулах ба хамгийн дээд тал нь 500 км ниссэн бүртгэл бий.

Хуруут хун

Хуруут хун /Cygnus olor/ нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Европ болон Азиас гаралтай бөгөөд манай оронд Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ховд голд таарна. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.

Энэхүү том биетэй хун шувууны нас бие гүйцсэн нь 125-170 см урт, далавчаа дэлгэсэн нь 200-240 см, биеийн жин нь 12-15 кг байдаг. Хамгийн ойр төстэй зүйл шувуу нь гангар хун юм. Хунгийн дэгдээхэй цав цагаан биш байдаг. 1 нас хүртлээ хошуу нь хар сааралдуу өнгөтэй байх ба нас бие гүйцэхдээ улбар шар болдог.

Тоо толгой

Өдгөө дэлхий дээр нийт 500,000 хуруут хун бий гэсэн тооцоо байдаг.

/Хуруут хунгийн дэгдээхэй/

Хээрийн галуу

Хээрийн галуу /anser idicus latham/ нь Төв Азид нутагладаг шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Манайд Хэрлэн голын дундаас дээш, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсын нуур голууд, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ачит, өрөг, Цагаан нуур, хар ус нуур, Толбо, Дөрөө, Цагаан нуурт өндөглөн зусдаг.

Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгардаг.

Үржил

Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ зэрэг юм. Хээрийн галуу нь голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. 

Усны цагаан сүүлт бүргэд

Усны цагаан сүүлт бүргэд /haiaeetus albicilla/ Энэ амьтан нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Усны шувууд өндөглөдөг, гуужин зусдаг, загасаар баян, орчиндоо өндөр мод, хадан цохио, бүхий томоохон нуур, гол мөрний дагуу амьдардаг. Манай орны томоохон нуур, гол мөрөн ихтэй нутагт голдуу дулааны улиралд, заримдаа өвөл ч тааралддаг. Манайд тусгайлан хамгаалах арга хэмжээ аваагүй, ОХУ-ын Улаан номонд орсон.

Тоо толгой

Биеийн урт 69-92 см, далавчаа дэлгэсэн урт нь 182-244 см байдаг. Эм бүргэд нь 4-6.9 кг жинтэй ба эр нь арай хөнгөн 3.1-5.4 кг байна. Дунджаар 21-25 жил амьдардаг. Усны цагаан бүргэд нь загас, шувуу, улай сэг мөн зарим жижиг хөхтөн гээд олон төрлийн зүйлээр хооллоно. Нэг өдөрт 500-600 гр хоол тэжээл иддэг. Монгол оронд энэ бүргэд 60 орчим хос байдаг байна.

Бүргэд 

Бүргэд нь Харцагын овогт багтах, том биетэй махчин шувуу. Дэлхий дээр 60 гаруй зүйл байдгаас ихэнх нь Евроази, Африкт нутагладаг. Бусад махчин шувуудаас ялгарах онцлог нь бахим хошуу, хүчирхэг харагдах том бие юм. Өдрөөр ангуучилдаг махчин шувууны гол төлөөлөгч нь бүргэд юм. Бүргэд нь 40-100 сантиметр хүртэл өндөр, 500 граммаас 6.7 килограмм хүртэл жинтэй байдаг. Монгол оронд Бахим бүргэд, Бор бүргэд, Тарважи бүргэд, Цармын бүргэд, Хан бүргэд, Усны цагаан сүүлт бүргэд, Усны нөмрөг бүргэд, Уулын согсоот бүргэд хэмээх зүйлүүд амьдардаг. Бүргэд нь дунджаар 25-30 наслах бөгөөд эм нь арай илүү удаан амьдардаг.

Эм бүргэд ихэвчлэн 4 дүгээр сарын эхээр 2 өндөг гаргана. Эхний өндөг гарсны дараа 4-5 хоногийн дараа дараагийн өндөг гарна. Ангаахай бараг ой хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэж, өд сөд нь ургаж гүйцэхээр нисэж сурна. Ингэхийн тулд эцэг эх нь ангаахайгаа үүрнээсээ түлхэж унагаадаг байна. Ангаахай өөрийн эрхгүй далавчаа дэвж нисэж сурдаг байна. Анд сургахын тулд тарвага, туулай гэх мэтийг шархдуулан барьж авчраад түүнийг хөөлгөж бариулах дасгал хийлгэдэг байна. Бүргэд өдөрт 1 килограмм мах иддэг бөгөөд ан баригдахгүй үед 2, 3 хоног ч юм идэхгүй тэвчиж чаддаг. 

Бүргэдийн гол хоол нь үнэг, хярс, туулай, тарвага юм. Барих ангаа 2500-3500 метр өндөрт гарч харна. Хичнээн өндөрт байна, төдийчинээ барих ангаа сайн олж хардаг. Түүний ан руугаа дайрах үеийн хурд 100-150 метр секунд хүрдэг гэнэ. Талын бүргэд өдөрт 100 гаруй оготно иддэг гэсэн тоо бий. Бүргэдийн гуужсан өдийг Япон руу экспортонд гаргадаг бөгөөд тэрхүү өдөөр япончууд сумны гичир хийдэг ажээ. Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд тэдний нэг бол казакууд юм. Тэд ан хийх бүргэдээ ангаахай байхад нь үүрнээс нь хулгайлдаг байна. Гэхдээ ихэвчлэн эм бүргэдийг сонгох ба эм нь эрээсээ биеэр арай том, хүч чадал сайтай, зоригтой байдаг аж.

Эм Гургуул

Гургуул /phasianus colchicus/ нь шувууны аймгийн тахиа хэлбэртний баг болох гургуулын овогт багтдаг. Толгойдоо том улаан өрөвлөгтэй, өнгөлөг урт сүүлтэй, далавчаа дэвэн тахиатай адил гоогочих дуртай шувууг гургуул гэдэг. Гургуулын эм нь бүдэг цоохордуу бор саарал зүстэй. Элсэрхүү хөрстэй, бургас, зэгс, хусан төгөл, бут өвс, ундааны ус ихтэй, цас бага ордог нутагт амьдардаг. Монголд хоёр салбар зүйлийн гургуул байдаг. P.C.Pallasi Roth салбар зүйл тус орны зүүн хязгаар, Их хянганы салбар уулс, Халх голын шугуй, Буйр нуурын эрэг болон Гүү азарга, Шинэ гол, Эмнэгтийн гол, Хүйтэн булаг, Авдрантын булгийн зэгсэнд тархжээ. P.C.hagenbeski Roth салбар зүйл нь Ховд голын шугуй, Хар ус нуур, Зэргийн хөндий, Бөхмөрөн гол, Ачит нуурын хөвөөгөөр тархсан. Монгол улсын ан агнуурын хуулиар хориглон дархалсан.

Үржил

Ой шугуйн сийрэгт үе үе гарч бутнаас бутанд хоол эрэн гүйдэг. Өвлийн цагт сүрэглээд хавартаа эрэгчин эмэгчнээрээ салж явдаг. 1-1.7 килограмм орчим жинтэй. Газар хонхойлон ноос үс дэвсэж арав гаруй өндөг гаргадаг. Сайн чанарын мах, өнгөлөг өд сөдтэй энэ шувуу ихэд ховордож байгаа ажээ.

Хурган тутгалжин

Хурган тутгалжин /numenius minutus/ нь шувууны аймгийн хөгчүү хэлбэртний баг болох хараалжийн овогт багтдаг. Монголд хамгаалах арга хэмжээ авч байгаагүй, ОХУ-ын Улаан номонд нэр нь орсон. Устах аюулд орсон зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэр нь орсон. 

Амьдрах орчин

Хурган тутгалжин нь бор сааралдуу өнгөтэй ба гэдэс хэвлий нь цагаан, энэ төрлийн бусад зүйлтэй харьцуулахад богино, доош махийсан хошуутай. Энэхүү шувуу нь Сибирийн алс хойд хэсэгт амьдрах ба өвлийн улиралд нүүдэллэн Австралийг зорьдог. Маш ховор тохиолдолд баруун Европт таардаг. 

Голын хөндий нуурын эрэг, хөвөөгөөр нүүдлийн үедээ байршдаг. Манайд Халх, Хэрлэн, Улз гол, Буйр, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо, Ганга нуур, Орог, Өгийн, Холбоож нуур, Орхон гол, Завхан голын хөндий, Сангийн далай, Эрхэл, хар ус нуурт нүүдлийн үедээ тааралдана.

Жороо тоодог

Жороо тоодог /chlamydotis undulate jacquin/ нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Тэгшивтэр юмуу яльгүй гүвээ толгодтой, заг, хармаг, харгана, зээргэнэ, баглуур, бударгана, мөн сийрэг ургасан хялгана, таанатай говьд амьдардаг.

Гадаад төрх

Энэ шувуу 60 см урт, далавчаа дэлгэхэд 140 см байна. Ар нуруу хэсэг нь бор, доод хэсэг нь цагаан, хүзүүний доод хэсгээр хар судалтай. Нисэж байхад нь харахад урт далавч нь хар, бор өнгийн өдтэй байна. Эрэгчин, эмэгчин нь гадаад төрхөөр төстэй ч, эмэгчин нь арай сааралдуу нуруутай, үл ялиг биеэр жижиг юм.

Тархалт

Жороо тоодог нь Канарын арлууд, Хойд Африк, Иран болон Пакистан зэрэг улсын нутагт амьдарна. Говь цөлийн элсэрхэг газар голдуу таарна. Манай оронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас баруун зүгт Увс аймгийн Давст, Малчин сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын урд талын говиор мөн Алтайн өндөр говьд тааралддаг.

Үржил

Газар зассан үүрэндээ 2-4 өндөг гаргана.

Идэш тэжээл

Тэд холимог идэштэн бөгөөд ургамлын үр, шавьж зэргээр хооллодог.

Цагаан Тогоруу

Цагаан Тогоруу /Grus leucogeranus pallas/ нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монголд Төв аймгийн Бөхөг голын хөндий, Дорнод аймгийн Дашбалбар сумын Хайчийн цагаан нуур орчим нутагладаг. Дэлхийд 250-300 толгой байна гэж үздэг. Манай орны төв хэсэгт нүүдлийн, Дорнод хэсэгт зусч байх үедээ тааралдана. Якутын хойд хэсгээр өндөглөн зусна. Энэтхэг, хятадын зүүн урд нутагт өвөлдждөг. Монголд улсын ан агнуурын хуулиар цагаан тогорууг агнахыг хориглосон.

Таних шинж

Монгол оронд 6 зүйл тогоруу бий. Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.

Алс хол газар нүүдэллэдэг. Тогоруу богино хугацаанд хурдан нисч, нүүдэллэдэг бөгөөд хамгийн сонирхолтой нь маш өндөр уулан дээгүүр нисдэг байна. Нүүдэллэх хугацаандаа шөнийн гүн харанхуйд буудаллаж гэгээ оронгуут л нислэгээ үргэлжлүүлдэг.

Амьдралын онцлог 

Якутын тундр дахь үүрлэх биотоп үй түмэн жижиг, том нуурууд бүхий чийглэг тундр бөгөөд эргэн тойрон шилмүүст ойгоор хүрээлэгдсэн байдаг. Ихэвчлэн 2 өндөг гаргана. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.

Холбоотой мэдээлэл:

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-1/ 

http://mongolcom.mn/like/22247

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/ 

http://mongolcom.mn/like/22378

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/ 

http://mongolcom.mn/like/23177

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/ 

http://mongolcom.mn/read/23573

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Бэлтгэсэн:

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.