Занабазарын бүтээлийн үзэсгэлэнг гаргана

Twitter Print
2015 оны 04-р сар 25-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаар тусгай үзэсгэлэн гаргах гэж байна. Сарьдагийн хийдэд хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй үзмэрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 28-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн үзүүлэх юм.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос эхлэн бариулж, 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв “Төгс баясгалант Номын Их хүрээ” мөн хэмээн түүхчид үздэг.

Өндөр гэгээн Занабазар бурханы шашныг дэлгэрүүлэхээр Монгол нутагт Баруун Хүрээ, Төвхөн, Номын Их Хүрээ, Зүүн Хүрээ зэрэг сүм хийдийг байгуулсан юм. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвүүн болон мэндэлжээ. 1639 онд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой тэргүүтэй Халхын ноёд Ширээт цагаан нуурт чуулж, түүнийг 5 настай байхад нь Халхын бурхны шашны тэргүүнээр өргөмжилж, өөрсдийн харьяатаас 108 бандийг шавь болгож байв.

Өндөр гэгээн нь Чингис хааны алтан ургийн язгууртан бөгөөд XVII зууны үеийн улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтэн юм. Тэрээр ном эрдэмд гэгээрсэн хуврага төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн төрлөөр мэргэшсэн уран бүтээлч юм. Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх”, “Цагаан, ногоон дара эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг бурхны баримлууд нь Монголд төдийгүй дэлхийд “Занабазарын хийц” гэдгээр алдаршжээ.