Монгол Улс дахин 2.8 тэрбум ам.долларын зээл авна

Twitter Print
2015 оны 04-р сар 27-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын хаврын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд эхний хэлэлцүүлгээрээ дэмжигдлээ. Хуулийн төсөлд Сайншанд, Замын-Үүд, Хөөтөөс Бичигт чиглэлийн төмөр замыг 2 тэрбум ам.долларын зээлээр, Эгийн голын усан цахилгаан станцыг 800 сая ам.долларын зээлээр тус тус барихаар БНХАУ-аас нийт 2.8 тэрбум ам.долларын зээл авах тухай тусгажээ.

Дэлхийн банкны энэ оны эхний улирлын байдлаар гаргасан мэдээллээр Монгол улсын гадаад өр ДНБ-ний 58.3-д хүрснийг мэдээлсэн. Харин Сангийн сайдын оруулж ирсэн дээрх нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулцийн төслүүдэд гадаад өрийн хэмжээг ДНБ-ний 44 хувьтай тэнцэж байгаа хэмээн танилцуулсан. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Засгийн газар төрийн өмчит байгууллагуудынхаа өрийг улсын өрөнд тооцохгүйгээр оруулж иржээ хэмээн хэлж байна. Үүнээс Н.Алтанхуягын Засгийн газрын оруулж ирж байсан гадаад өрийн хэмжээг ДНБ-ийн 40 хувиас хэтрүүлэхгүй барина хэмээн анх оруулж ирж байснаас даруй хэд дахин илүү өрийг Шийдлийн гэх тодотголтой МАНАН-ын ЗГ бий болгох нь тодорхой  болоод байна. Ингэвэл 2012-2016 онд ажилласан Монголын Засгийн газар түүхэндээ хамгийн их өрийг авсан Засгийн газраар тодрох юм.

Монголын Үндэсний их сургуулийн дэд захирал, эдийн засагч Д.Нэргүй энэ талаар  “...Манайхтай ижил бусад хөгжингүй улс орнуудын гадаад өрийн хэмжээ ДНБ-ээсээ аль хэдийн даваад явчихсан л байдаг. Тэглээ гээд буруудаад, манайх шиг эдийн засаг нь хямраад байдаггүй. Гагцхүү улс орон зээлийг ямар зөв зүйтэй зүйлд зарцуулах вэ гэдэг л хамгийн чухал. Манайхан болохоор улс төржүүлээд л  олон нийтийн сэтгэл санааг хий сандаргаж, зохиомол хямрал үүсгээд байна” хэмээн ярилцлага өгсөн нь асуудлын нэг тал. Энэ нь маш энгийн ойлголт. Өөрөөр хэлбэл зээл авч болно, гэхдээ эргүүлээд төлөх эх үүсвэр бүхий зөв зүйлд зарцуулах хэрэгтэй гэдэг санаа. Гэвч энэ үнэхээр оновчтой шийдэл үү гэдэгтэй тийм ч олон хүн санаа нийлэхгүй байна.   

Нөгөөтэйгүүр МАН-аас томилогдсон Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оруулж ирсэн хуулийн төслүүд Н.Алтанхуягын Засгийн газрын үед сөрөг хүчний тэмцлийн бай болоод байснаа одоо яагаад гэв гэнэт оновчтой шийдвэр болоод хувирчихав гэсэн хардлага байна. Учир нь Н.Алтанхуягын Засгийн газар мөн л 2.1 тэрбум ам.долларын зээл авсан байсан юм. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газар 2013, 2014 онуудад “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны дансанд бэлэн байсан 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.долларийн зээлийг авсан байдаг.

Хэвлэлийнхний дэвшүүлээд байгаа бас нэгэн таамаг бол төмөр зам, усан цахилгаан станц барих мега төслүүдийг АН-ынхан хариуцаж байгаа, тэгэхээр хоёр нам зөвшилцөн нэг нам нь зээл авч, нөгөө нам нь бүтээж байгаа нэрийдлээр ирэх оны сонгуулийнхаа мөнгийг хийж байна уу гэх хардлага юм. Өр нэмэхгүй гэж амлачихаад өр нэмэх тухай хуулийн төсөл оруулж ирсэн МАН-ын жирийн 300 гишүүний эсэргүүцлийг ч тоолгүй нам нь хуулиа оруулж ирээд, дэмжүүлчихлээ. Үүнээс үзэхэд дээрх таамгуудыг батлаад ч байх шиг. Ямартаа ч дээрх төслүүдийг  УИХ-ын эрхэм гишүүд анхны хэлэлцүүлгээрээ АН, МАН гэлгүй уухайн тас товчлуураа дарахыг бодоход энэ хууль эцэслэн батлагдаж, Монгол Улсын гадаад  өр 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх нь тодорхой болоод байна.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.