Хип Хопын амьд домог Др.Дре дахин ялалт байгууллаа

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Реп хөгжмийн алдарт продюсер Др.Дре саяхан шүүхэд нэгэн ялалт байгуулжээ. 50 Cent, Eminem, Snoop Dogg, The Game, Mary J. Blige зэрэг олон супер одуудыг дэлхийд таниулж чадсан Андре Ромэл Ионг буюу Др.Дре нэрээрээ олонд танигдсан тэрээр Америкийн Хип Хоп хөгжмийн анхдагчдын нэг билээ.

Ая зохиогч, реппер Др.Дре хип хопын Гангста-Реп урсгалыг төлөвшихөд гол үүрэг гүйцэтгэсэн N.W.A хамтлагийн гишүүн болж хөгжмийн гараагаа эхлүүлсэн юм. 1991 онд тэрээр N.W.A-ийг бутрахад өөрийн Death Row хөгжмийн компаниа Шуг Найттай хамтарч байгуулсан юм. Death Row Records компанид продюсер, уран бүтээлчээр ажиллаж байх хугацаандаа тэрээр 90-ээд оны хип хоп хөгжимд Америкийн баруун эрэгийг ноёрхоход үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүнээс гадна одоо сонгодог хип хоп хэмээн яригддаг "The Chronic" цомгоо Death Row records-ийн доор 1992 онд гаргажээ.

1996 онд санхүү болон бусад хэрүүлийн улмаас Др.Дре Death Row компаниас гарчээ. Гэтэл түүний нэгэн үеийн хамтрагч асан Шуг Найт "The Chronic" цомгийн зохиогчийн эрх болон компанийг нь авч үлдсэн байжээ. Др.Дрег явсны дараа Death Row records түүний цомог, дуунуудыг өөрийнх нь зөвшөөрөлгүй дижитал болон бусад хэлбэрүүдээр худалдаалж зохих төлбөрийг нь Др.Дред өгдөггүй байжээ.

Шуг Найт одоо хүн амины хэрэгт холбогдож шоронд ял сонсож байгаа юм. Death Row-ийг WIDEawake компани худалдан авч хөгжмийн каталогийг хариуцаж байна.

Өнгөрсөн жил реппер Доктор Дре Death Row рекордсийн эсрэг заргалдсан юм. Дрегийн хэлснээр Death Row-ийн зүгээс 1.1 сая доллар дижитал борлуулалт, 600 доллар механикийн үйлчилгээний нөхөн төлбөр олгогдоогүй гэжээ. Шүүх хурал дээр Андре Ионгийн оюуны өмчийг хууль бусаар худалдаж мөн зохих нөхөн төлбөрийг олгоогүй учраас АНУ-ын дүүргийн шүүх "The Chronic" цомгийн зохиогчийн эрхийг Др.Дред эргүүлэн өгчээ. Тэрээр "Шүүх хурал бидний талд шийдэж, Death Row рекордсын цаашид реппер-продюсер Др.Дрегийн хөгжмийг худалдах эрхийг хурааж авсанд таатай байна" хэмээн Доктор Дрегийн өмгөөлөгч Ховард Кинг хэлсэн байна.

Мөн түүний хөгжмийг зөвхөн CD, Стерео 8, пянзан хэлбэрээр зарж болох бөгөөд тухайн үед бүтээж байсан хөгжим 100 хувь Др.Дрегийн өмчийн доор онлайн худалдаалагдах юм.  

Death Row-ээс салсныхаа дараа Др.Дре Aftermath рекордсийг байгуулж түүний доор Eminem, 50 Cent зэрэг нэртэй уран бүтээлчидтэй ажиллаж олон амжилттай цомгуудыг гаргахад нь тусалсан юм. Мөн Monster компанитай гэрээ байгуулж дэлхийд тэргүүлж буй Beats by Dre чихэвчүүдийг үйлдвэрлэж байна.

Энэ зун кино театруудын дэлгэцнээ гарах N.W.A хамтлаг дээр үндэслэсэн “Straight Outta Compton” кинонд Др.Дре хамтран ажиллажээ. Кинонд хамтлагийн тухай, Гангста-Репийн тухай бүхий л зүйлийг өгүүлэх учир гар бие оролцон ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: VladTV, AllHipHop, HipHopDx

Г. Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.