35 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэхээр боллоо

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 нь АНУ-ын Harvard,   Stanford, UC Berkeley, California-ийн их сургууль зэрэг Дэлхийн шилдэг их, сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авсан иргэд байлаа.
 
"Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Тус ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн, мөн шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-с дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.   
 
Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн  гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна.  
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.    
 
Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар  жилээс жилд өссөөр байна. Тиймээс суралцах урилга авсан сургуулийн чансаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр БСШУЯ төлөвлөж байна. Тодруулбал,  Улсын Их Хурлаас 2015 оны улсын төсөвт тодотгол хийн, гадаадад оюутан суралцуулах зардлыг нэмж баталсан тохиолдолд эдгээр иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх юм байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.