Шудрага хөгжим буюу шанзны түүхээс

Twitter Print
2019 оны 02-р сар 23-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Монгол үндэстний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хөгжмийн нэгэн төрөл зүйл. Толь бичигт шудрагыг шулуун тэгш, эгц гэсэн санаагаар бичсэн байна. Үүнээс үүдэн зарим судлаачид урт шулуун хөгжим гэсэн утгыг илэрхийлнэ хэмээн үздэг хэдий ч шударч тоглох хөгжмийн зэмсэг гэсэн утгатай ажээ.

Шудрага хөгжим бүүр Өгөөдэй хааны үеэс Монгол хөгжмийн зэмсэг цэцэглэн хөгжиж байсан Тогоонтөмөр хааны үед ч өнөө үед ч тоглогдсоор байгаа хөгжим юм. XV зууны үед Тогоонөмөр хааны ордонд хэрэглэж байсан шударга хөгжмийн тухай перс сурвалж бичигт “шидургуй” нэрээр тэмдэглэж байсныг бодоход, уг хөгжим 6 зууны тэртээд буй болсон болов уу. Шудрага гэдэг нэг талаас шударч тоглох, нөгөө талаар шулуун эшээр нь нэрлэсэн байж болох бөгөөд шанагыг Монголчууд шудрага хэмээдэг байжээ. 

Шудрага гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" хэмээх Монгол - Хятад толь бичигт гардаг. XVII зуунд Халимагт хэрэглэж байсан шудрага гурван чавхдастай байжээ. Мөн ойрад Монголчууд "Модон шудрага" гэж хоёр чавхдастай шудрага хэрэглэж байсан нь товшуур, шудрага, бийбаа гурав гарваль нэг хөгжмийн зэмсгүүд болох нь батлагддаг. Хятадад шударгыг Манж дайчин улсын үе хүртэл "пипа" (бийбаа) гэж нэрлэж хойт хязгаарын цагаан хэрмийн харуулууд "бариулт хэнгэрэг" гэж нэрлэж байснаас үзвэл Хятад хөгжмийн зэмсэг биш болох нь харагддаг. 

Манж чин улсын үеэс шудрагыг хятадаар: "Сан сянь" буюу Турван чавхдаст" гэж нэрлээд хураангуйлж "Сяньз" хамээн нэрлэж нийслэл хүрээнд шудрага хэмээн нэрлэхийн зэрэгцээ "шанз" хэмээн хятад нэрийг ихээр хэрэглэх болжээ. Шудрага хөгжим нь толгой, иш, цар, чавхдас, чих (хөг тохируулагч), тэвх (чавхдас хөндийрүүлэгч), чавхдас уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэнэ.

Шудрага нь түүхэн хөгжлийн явцад 2, 4, 3 чавхдастай байжээ. Орчин үеийн нь гурван чавхдастай бөгөөд хөглөгөөний хувьд ардын хэмээх бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг хөг, сонгодог буюу соль-ре-соль - оор хөглөгдөг хөгүүдтэй. Шудрагын дуугарах цараа нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын соль хүртэл дуугарах ажээ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй нийлэн тоглох боломжтой, цоглог өнгө аялгуутай хөгжим юм.

Ардын хөгжмийн багш Х.Цэвэлгончиг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.