Халимагийн бүжиглэн буй зул цэцэгс

Twitter Print
2015 оны 04-р сар 23-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Их Монгол улсын баруун хил хязгаарыг түрж зүүн гар болж явсан Ойрадууд буюу Халимагууд. Одоо харьд үсэрсэн цус, тасарсан мах. Монгол цус, яс үс нь байгаа боловч өнөө тэдний ахуй заншил, хувцас маяг нь арай өөрчлөгдөж… Тухайлбал дөрвөн ойрдуудын дотор ёс уламжлал болсон биеэ зайчих биелэгээ бүжиг Халимагуудын хувьд одоо ондоошиж, эгээ Кавказын ард түмэн мэт янз маягтай бүжиглэдэг болжээ. Халимагуудын үндэсний алдартай гэгддэг "Чичрдг" бүжиг (Өнөөгийн бидний үг хэллэгээр бол “Чичэрдэг бүжиг” гэх ухааны юм уу даа) үүний нэг тод жишээ. Халимагт жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэж, уламжлал болсон тюльпан буюу алтан зул цэцгийн наадмаар өргөн дэлгэр бүжиглэдэг уг бүжгийг чухамдаа зул цэцэг дэлбээлэхтэй адил хэмээн зүйрлэдэг аж. Энэ жил дөрөвдүгээр сарын 25-26 –нд тэмдэглэх уг баяр наадамд зориулж, Халимагийн Онгон байгаль хамгаалах сан болон тус улсын Гэрэл зурагчдын холбооны тэргүүн Гари Лиджиев нийгмийн харилцааны сүлжээнд тавьсан дэлбээгээ нээх зул цэцгийн гэрэл зургуудаа “Чичрдг” бүжгийн ая дантай зүйрлэсэн байна.

 “Халимагийн тал нутаг энэ өдрүүдэд дэлбээлэх сая сая зэрлэг зул цэцэгсэд хучигдаж, өгүүлшгүй эрхэмсэг тансаг  үзэмж төгс дүр зургийг бүтээж байна. Давст нуур Манычаас эхлэн хөврөх зул цэцгийн алдартай хөндийг Оросын онгон байгалийн гайхамшигтай нэгэн хэсэг гэж хоосон нэрлээгүй нь тодорхой. Энэ гайхамшигийг хүн амьдралдаа нэг удаа үзэх ёстой” хэмээсэн тайлбарыг тэрээр дагалдуулжээ.

Тэнгисийн булан мэт үлэмж хэмжээтэй давст нуур болох Маныч далай тэнгисийн уснаас нэг дахин илүү давстай шорвог бөгөөд эрт цагт Каспийн тэнгисийг их далайтай холбож байсан их усан гэж үздэг байна. Кавказын нуруугаар бус чухам уг нуураар Европ, Ази тивийг заагласан газар зүйн хил хязгаар сунан тогтдог гэж зул цэцгийн наадам зохион байгуулагчид өнөө үзэж байгаа аж.

“Тал нутгийн тэнүүнд дэлбээлэх зул цэцэгс олж үзлээ. Цэцэгс бүжиж байна. Зураг буулгаж авлаа. Энэ зургаа "Чичердык бүжиглэн буй зул цэцэгс" хэмээн нэрлэв. (Гари Лиджиевийн  авсан гэрэл зураг)

Геснерийн (мөн Шренкийн) гэдэг зэрлэг зул цэцэгс өнөөдөр Оросын Холбооны Улаан номонд бүртгэгдсэн бөгөөд дэлхий дахинд тархсан зул цэцэгсийн төрөл зүйлсийн эрт өвөг хэмээн үздэг байна. Оросын хязгаар нутаг даяар Маныч нуурын хөндийд ургадаг зул цэцэг хамгийн том хэмжээтэйд тооцогддог бол сүүлийн үед аялан жуулчлагчдын үндэс үрээр нь зулгаан авахын зэрэгцээ зарж борлуулах арга ухаан болоод үр шимийг нь үзэхгүй хэрнээ тариалангийн талбай болгох зорилгоор үр дүнгүй хагалан сэндийчих орон нутгийн фермерүүдээс шалтгаалан тал нутгийн үзэмж төгс цэцэгсийн талбай хумигдаж байгаад нийгмийн анхаарал хандуулах зорилгоор хэдэн жилийн өмнөөс зул цэцэгийн наадам зохион байгуулах болсон байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.