Хэнтий аймгийн 9 гайхамшиг

2016 оны 08-р сар 05-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг.

Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг манай www.mongolcom.mn сайт уншигч таны оюуны мэлмийд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 18:  Хэнтий аймгийн 9 гайхамшиг

1. Бурхан Халдун уул

Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.

Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.

13-р зуунд Их хаадыг оршуулж эхэлснээр хүн очихыг хориглож, “Хоригууд” бий болгосон нь Бурхан Халдун уулыг тахидаггүй байсан гэсэн үг биш. Очсон нь Дунд овоонд бөөгийн болон бурханы шашны зан үйлүүдийг үйлдэж, очоогүй нь сэтгэл байвал, газар холдохгүй хэмээн Бурхан Халдунаа гэж бодон түүний бараа харагдах өөр бусад тахилгат уул, овоог сүсэглэн тахидаг байжээ.

Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдөн дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа: 

Бурхан Халдуныг өглөө бүр тахия

Өдөр бүр мөргөе  

Ургийн урагт мэдтүгэй . . .  гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за. 

Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг.

Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий.

Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. 

1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ.

1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслолыг нийтдээ 5 удаа үйлдсэн бөгөөд хамгийн сүүлд 2010 оны 5-р сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн удирдлагууд, уул усаа бахдан шүтэж байдаг ард түмэн уламжлалт тайлгыг үйлджээ.

2. Балдан Бэрээвэн хийд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. 

Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийхан хуучилдаг.

Тус хийд нь цагтаа 8000 ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв.

Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон. Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм. 

1900 оны үед тахал гарч лам нарын тэн хагас нь өртөж үрэгдсэн байна. 1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн хоёрдугаар дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм.

1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ.

Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ.

Гэвч эдгээр бурхад нь ихээр сүйтгэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан он жилүүдэд хэрхэн шашин соёлоо хайр найргүй устган эвдэж байсны гэрч болж байдаг. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг.

Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.

Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг. Өвөр хэсэгтээ сайхан нууртай.

3. Чингисийн гэрэлт хөшөө

Чингисийн гэрэлт хөшөө бол Монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны хөшөө юм. Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон цагаан гантиг чулуун хөшөө байдаг. 1961 оны хавар нэрт эрдэмтэн, улс төрч Д.Төмөр-Очирын санаачлагаар Намын төв хорооны Улс төрийн Товчооны шийдвэр гарч, уран барималч Л. Махбалын загвар, удирдлагаар 12 метр өндөр, 10м суурийн өргөнтэй, 4 метр зузаантайгаар хийж Монголчуудын эртнээс нааш галыг бадран мандахын бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбон, бадамлан асаж буй галыг бэлэгдэн дүрсэлсэн байна. 

Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг, төв шударгуу байдлаар ховилдуулан сийлж гаргасан байна. Чингис хааны хөргийн баруун дээд хэсгээс төрийн цагаан сүлдийг цухуйж байгаа байдлаар дүрслэн, Чингис хааны зүүн тал нь :

Алд бие мину алжааваас алжаатугай

Ахуй төр мину бүү алдартугай хэмээн хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Хөшөөний ар талд “ Монголын тулгар төрийг байгуулсан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулав” гэсэн бичээс байдаг.

Хүрэлээр хийсэн тус хөшөөг тусгайлан баруун хойд зүгт харуулан байрлуулсан нь Бурхан Халдун уулаа харж байгаагаар бүтээсэн бөгөөд хөшөөний баруун хойд зүгт Бурхан Халдун уулаас тусгайлан авчирсан чулууг байрлуулсан. 

4. Дэлүүн болдог

Хэнтий аймгийн Дадал сумын “Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг Дэлүүн болдог хэмээх газрыг монголчууд өдгөө ч шүтэн биширч байдаг. Учир нь тэнд Их эзэн Чингис хаан мэндэлсэн гэдэг. Түүхэнд энэ газрыг Есүхэй баатрын гэрийн буурь байсан Болдог толгой хэмээсэн байдаг аж.

Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нуур ус байгаагүй гэнэ. Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв. Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар “баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шаргагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ. 

5. Хар зүрхний хөх нуур

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.

Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна.

Хаадын сийлбэрийн өмнө тэдгээрийн Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи англи, монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

6. Хэрлэнгийн хөдөө арал

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / - оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг.

Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон. Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм. Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар бий.

Монголын анхны нийслэл их “Аураг” хотын балгас, нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө зэрэг биет дурсгал байхаас гадна Монголын бүх цэргийн хар сүлд энэ нутагт бүтээгдэн залагдсан, алтан ургийн томоохон хаадууд хаан ширээнд суусан, Хулан хатан, Тулуй эзэн, Өндөр гэгээн Занабазар зэрэг түүхэн хүмүүстэй холбоотой газар нутаг, уул ус олон байдгаас гадна нууц товчоо болон бусад сурвалж бичиг, ардын аман домог яриа зэрэгт тэмдэглэгдэн хадгалагдаж үлдсэн Арван гурвын овоо, Долоон болдог, Шилхэнцэг, Аураг, Ацаагийн хад, Цоож чулуу, Ар өвөр хүйтэн, Чингисийн зам, Гүүн зэл, Далту ам, Сайр хээр, Харилд нуур, Хөдөө бүрд, гүн бүрд, Сэнгүр горхи, Хэрлэн гол, Гуа дов, Бөөгийн хэвтэш, Цэнхэр ус, Ухаа хаяа, Тугийн хоёр цохио, Тангарагийн улаан чулуу, Улаан булш, Булшит дэрс, Хар тал, Хөх нуур, Хүннүгийн дарлага, Таван зэрэг олон арван газар усны нэр түүх, домог болон өнөөг хүртэл уламжлагдан иржээ.

Аварга тосон

Аварга тосон рашаан сувилал нь Монгол түмний буурал түүхийн алтан хуудаснаа мөнхөд бичигдсэн түүхэн үйл явдал, түүхт газар, түүх соёлын олон мянган баталгааг агуулсан үнэлж баршгүй түүхийн дурсгалт газарт тооцогддог “Хэрлэнгийн хөдөө арал” гэж алдаршсан эртний өлгий нутагт байрладаг нь онцлог давуу талтай юм.

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай. Харин дараах өвчний үед онцгой нөлөөтэй.

-Төрөл бүрийн арьсны өвчнүүд, харшил

-Хордлогын нөлөөлөлтэй өвчин

-Мэдрэлийн системийн өвчнүүд

-Бөөр, нуруу, эмэгтэйчүүдийн өвчин

-Элэг цөс, нойр булчирхай

-Нарийн бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчний архаг үе

-Гэмтэл бэртлийн дараах үе, ангина, үе мөчний архаг үед рашаан онцгой үр нөлөөтэй.

Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал бөгөөд байгалийн янз бүрийн нөхцөлд төрөл бүрийн физик-химийн процесс ба бичил биетний амьдралын үйл ажиллагааны дүнд тунамал комплекс бүтээгдэхүүн байдлаар үүсдэг.

Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, кобальтын ислүүд, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар, антибиотик, витамин зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Эмчилгээний шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Аваргатосонгийн анагаах шавар нь 12.851 г/л эрдэсжилтын агуулгатай. РН – 9.7 уусмалын орчин байгаа нь тогтоогдсон. Эмчилгээний шаврын нэг онцлог нь өөрт агуулагддаг бичил биетийнхээ амьдралын үйл ажиллагааны дүнд биологийн процесс явагддагт оршино. 

7. Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км, Баян гол өглөгчийн голд нийлэх бэлчирээс 8-10 км орчим зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг.

Ойролцоогоор гурван км орчим, урд, өмнө талдаа хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад түвэгтэй болжээ. Хэрмийн ханын өндөр 1926 онд Зөвлөлтийн эрдэмтэн С. Кондратьевийг үзэхэд янз бүрийн хэсэгтээ 2,5-4,5 м байсан бол одоо хамгийн өндөр хэсэгтээ 3,1 м өндөр, 2,5 м зузаантай байв. Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд "Чингисийн морины уяа" хэмээн домоглодог.

Өглөгчийн хэрэмд барилга байсан ор улбаа байхгүй бөгөөд хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж С.Кондратьев 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий. Харин түхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалж Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ. Гэвч өглөгчийн хэрэм нь Хятаны тухай сурвалж бичигт нэр гардаггүй бөгөөд Хятан улсын эзэлсэн Монгол аймгийн нутгийн заагаас гадагш, Хурхын голын савд оршдог дурсгал юм.

8. Рашаан хад

Рашаан хад нь Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм.

Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж. Уг хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлжээ. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаардаг нь гадны жуулчдыг ихээр татдаг байна.

Рашаан хадны бичиг үсгийн дурсгал: Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.

1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедици Рашаан хаданд байх бичээсүүдийн нарийвчлан судалж байхдаа өөр нэгэн Түрэг бичээс байгааг тодруулсан. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, үсэг зурлагын өндөр нь 17-20 см. Бичээсийн хойд талд нь янгирын дүрс сийлжээ. Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.

Рашаан хадны зураг: Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Рашаан хаданд хуучин чулуун зэвсгээс дунд чулуун зэвсгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг, амьтдын зураг, олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Х.Пэрлээ 1943,1968 онд судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулууны нүүрэн талд 180, ар талд нь 40 гаруй, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлснийг олж тогтоосон байна. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан заануудын дүрстэй тун төстэй ажээ. Бас нэгэн хавтгай хаданд гурваараа сүрэглэн яваа савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр, соёо зэргийг онцлон зуржээ.

9. Дуурлиг нарсны Хүннүгийн булш

“Дуурлиг нарсны Хvннv булш” дурсгалт газар нь Улаанбаатраас зvvн хойд зvгт 500 орчим км зайд, Хэнтий аймгийн Баян-Алдрага сумын нутагт байрладаг. Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.  

Энэ дурсгалт газрыг 1974 онд нээснээс хойш дорвитой судлалгүй 40 шахам жил болж 2006 оноос Монгол Солонгосын хамтарсан “Мон Сол” төслийн баг 7 жилийн хугацаанд археологийн малтлага судалгаа хийж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулаад байна. Дуурлиг нарсны хүннү булшнаас морины хазаарын амгай зуузай, духавч, цагираг, сагалдраганы төмөр арал, төмөр зэв, хүрэл тогоо, малын яс, морины дүрст алт шармал, хүрэл чимэг, хүрэл бариул, алтан чимэгнүүд, төмөр бул, булны таг, том ваар, дэнгийн хүрэл цөгц, хүрэл таваг зэрэг эртний олдворууд олджээ. 

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • УРАНЧИМЭГ

      (202.179.4.122) 17 минутын өмнө
      • 0
      • 0

      ГОЁ МЭДЭЭЛЭЛ БАЙНА МАШ ИХ БАЯРЛАЛАА АМЖИЛТ ХҮСЬЕ

      Хариулах

    • Ганхүү

      (202.70.42.78) 2017-03-12 15:34
      • 0
      • 0

      Хүмүүсээ, хэнтийчүүдаа байгалийн унаган төрх, байгалийн тогтоцийг хүний гараар бүтсэн юмтай хольж хутгаад нэг төрөлд оруулах нь буруу шүү. Байгалийн гайхамшигт тогтоц гэж тусад нь ялгаад хүний бүтээлийг ёстой жинхэнэ гайхамшиг гэж нэрлэх нь зүйтэй. Чингисийн хөшөө, Бэрээвэн хийд зэрэг нь үүнд орж болох ба дээрээс нь Галшар адуу, Батноров хийц гэх мэтийг нэмэх хэрэгтэй. Эртний болон дундад зууны Дэлхийн 7 гайхамшигууд гэж зөвхөн хүний бүтээлүүдийг хэлдэг.

      Хариулах

    • Аялан т энэгч ах нь

      (202.21.100.210) 2017-02-07 15:28
      • 0
      • 0

      Золзаяа миний дүү өшөө олон мэдээлэл тавиарай Амжилт хүсье

      Хариулах

    • зочин

      (203.91.115.43) 2016-04-28 18:16
      • 0
      • 0

      Биндэр сумыг огт дурьдсангүй дээ. Рашаан хад чинь Биндэрьяа ууландаа байгаа. Биндэр сум чинь Биндэрьяа уулаараа нэрлэгдсэн сум. Өглөгчийн хэрэм хажууханд нь бий дээ. Нууц товчоонд гардаг Ононы Дэлүүн болдог Оно мөрнийхөө хөвөөнд л байгаа. түүхийг өөрчлөхгүй, хэвээр нь л үлдээхсэн дээ

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.26) 2015-09-28 14:41
      • 0
      • 0

      uznee bugdiig ni

      Хариулах

    • bataa

      (103.229.123.165) 2015-08-19 23:40
      • 0
      • 2

      goe gazar bna

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.165) 2015-08-19 23:39
      • 0
      • 1

      goe gazar bna

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.165) 2015-08-19 23:39
      • 0
      • 2

      goe gazar bna

      Хариулах

    • bataa

      (103.229.123.165) 2015-08-19 23:39
      • 0
      • 2

      goe gazar bna ochij uzheer yblaa bayrllaa

      Хариулах