Калифорнийн супер охины амжилтанд хүрсэн түүх, өсвөр насны мөрөөдөл шиг амьдралынх нь тухай

Twitter Print
2014 оны 09-р сар 21-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Калифорнийн жижиг хот Санта Барбарад амьдардаг 17-хон настай охин Кейт Хадсон анх бурханы магтуу дууны цомог гаргажээ. Харамсалтай нь төдийлөн амжилт олсонгүй. Шантрана гэдгийг мэддэггүй өсвөр насны жаахан охин Лос Анжелес хот явж азаа үзэхээр зориг шулуудсан гэдэг. Түүнээс хойш 12 жил өнгөрч, энэ хугацаанд хөгжмийн ертөнцийн гялалзсан од Кейти Перри бий болжээ. MTV-н шагналт, Биллборд чартын Hot 100-г түүний дуунууд тэргүүлж байсан бөгөөд Грэммийн 11 удаагийн эзэн тэрээр дэлхий даяар 11 сая цомгоо борлуулж чадсан. Түүний Австралийн “Космополитан” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн бэлтгэлээ. 

- Таны хамгийн шилдэг цомог буюу “Өсвөр насны мөрөөдөл”  цомгийнхоо аль дуунд нь илүү дуртай вэ?

- Би “Pearl" буюу "Сувд” гэдэг дуундаа хамгийн их дуртай. Энэ дуунд хайр дурлалаас болж өөрчлөгдөж байгаа нэгний тухай гардаг юм. Урьд нь цорын ганц “сувд” шиг эрхэм нэгэн байсан бол дараа нь тэр зөвхөн өөрийнхөө сүүдэр төдий болж хувирдаг. Хайртай хүнээсээ болж өөрийгөө элээж байгаа тухай дуу юм л даа.

- Энэ дууг та өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн юм биш биз?

- Би зүгээр л ямар олон эмэгтэй хүн хайр дурлалаасаа болж өөрийгөө алдаж байгааг олж хараад уг дууг зохиосон юм. Надад ч бас ийм зүйл тохиолдож байсаан.

- Та алдар нэрд хүрэхээсээ өмнө олон удаа татгалзсан хариу сонсч байсан. Бууж өгөх талаар бодож байв уу?

- Би 21 настай байхдаа өөртөө “Би 17 настайгаасаа хойш хийсэн дуунуудаа 25 нас гэхэд олны хүртээл болгож чадахгүй юм бол, урлагаас өөр замыг хөөх болно” гэж хэлж байсан. Гэвч энэ салбарт гарч ирэхийн тулд эхний үеүдэд “Үгүй” гэсэн хариултыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх хэрэгтэй. Учир нь анхандаа татгалзсан хариуг маш олон удаа сонсох хэрэгтэй болдог. Би өөрийнхөө хэн болох, ямар хүсэл мөрөөдөл тээж, түүндээ яаж хүрэх талаараа их хүчтэй төсөөлөлтэй байсан. Анх удаа дууг минь бичиж үзчихээд, тэмүүллийг минь тусгаж аваагүй хүмүүс цөөнгүй байсан. Тэд миний доторхи эрчим хүчийг мэдрээгүй хэрэг. Би хүмүүст дуугаараа ямар нэг болсон явдлыг хүүрнэхийг оролддог юм. Хүний зүрх сэтгэлд ойр уран бүтээлч болох нь надад хамгийн чухал байсан.

- Таны дотор ямар нэг онцгой зүйл байгаа гэдгийг мэдэрсэн гэсэн үг үү?

- Тийм ээ. Хүн бүрийн зүрхэнд нэг тийм гал оршиж байдаг. Яг л салют шиг. Түүнийг асааж, тэнгэрт хөөргөх эсэх нь өөрөөс нь л хамаарна. Бид өөрөө өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчилбал их зүйлд хүрч болно, гэвч энэ нь мэдээж хэцүү л дээ. Эхлээд төрөлхийн авъяас, бас бэлтгэл сургуулилт байх хэрэгтэй. Дараа нь энэ хоёр боломжийг шүүрч авахдаа ашиглавал хэзээ нэг өдөр амжилтад хүрч л таарна.

- Таны эцэг эх Христийн сүмийн пасторууд. Тэд таны одоогийн карьерийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Ихэнх хүмүүс шашны мөр хөөсөн эцэг эх нь поп дуучин охиноо хүлээн зөвшөөрөх ёсгүй гэсэн тэнэг бодолтой байсан. Гэвч миний хувьд тийм юм тохиолдоогүй. Тэд үнэндээ маш тайван хүлээж авсан. Миний аав бие дээрээ Есүсийн гурван шивээстэй, харин ээж маань аавтай учирч сахил хүртэхээсээ өмнө бага зэрэг рок амьдралын хэв маягтай хүн байсан. Бид хоорондоо маш сайн ойлголцдог. Мэдээж бүх зүйл дээр санал нийлдэггүй ч болоод л байдаг юм. Би гэр бүлтэйгээ хэвийн харилцаатай.

- Та сүмийг урлагийн тайзаар яаж сольсон бэ?

- Сүмд ч бас тайз байсан юм шүү! Би есөн настайгаасаа хойш сүмд Бурханы магтуу дуунууд дуулж эхэлсэн. Тэгээд 15 настайдаа магтуу дуугаа студид бичүүлсэн ч ямар ч амжилт олоогүй л дээ. “Сүмийн” гэсэн нэр тодотгол нь намайг унагаачихсан юм. Тиймээс би Лос Анжелес явж, бага багаар шашны хэв маягаасаа хагацан, шинэ зүйлийг эрэлхийлэх болсон.

- Таны урлагийн имидж бол гал халуун. Гэвч Кейтигийн сэтгэлийн гүнд романтик охин нуугдаж байдаг юм биш биз?

- Тийм шүү. Би анх Расселд сэтгэлээ илчлэхдээ сүүлт онгоцоор тэнгэрт үг бичүүлж байсан. Тэр надад хайртай гэдгээ хараахан хэлээгүй байсан л даа, гэхдээ би түрүүлж боломжийг ашиглахыг хүссэн юм. Тэр өдөр би Расселийн гэрт байхдаа “Тэнгэр лүү хар даа” гэж хэлсэн. Түүнийг дээшээ харахад нь тэнд “Би чамд хайртай” гэсэн бичиг байсан. Тэр бүр гайхаж орхисон шүү! Тэр үдэш Рассел ч бас надад хайртай гэдгээ хэлсэн. Бурханы авралаар (инээв).

- Түүнийг өөрийнхөө заяаны хань гэдгийг хэзээнээс эхэлж мэдэрсэн бэ?

- Уулзаад нэг их удалгүй мэдэрсэн. Би өөрөөсөө хүчирхэг эрийг хүсдэг байсан. Харин тэр оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодийнхоо аль алинаар надаас хүчирхэг нэгэн.

- Рассел Брэнд их л зөрчилдөөнтэй имиджтэй хүн. Харин тэр бодит амьдрал дээрээ ямар бол?

- Тэр бол өөрчлөлтөд бэлэн байдаг эр. Миний эцэг эх ч хүн өөрчлөгддөг гэдэгт итгэдэг учраас түүнийг баяртайгаар хүлээж авсан. Тэр гэр бүлтэй минь анх уулзахдаа их сэтгэл хөдөлмөөр байсан шүү.

- Та түүнийг хүмүүжүүлээ юу?

- Хүн болгон л “Чи яаж түүнийг номхруулаа вэ?” гэж асуудаг. Гэвч би тэгээгүй ээ. Зүгээр л түүний өөрчлөгдөх цаг нь ирчихсэн байсан юм. Тэр ч үүндээ бэлэн байсан.

- Тэр танд гэрлэх саналаа яаж тавьсан бэ?

- Энэтхэгт, хамгийн романтик аргаар. Шинэ жилийн үдэш, усан оргилуур, хэдэн мянган цэцэгсийн дэргэд. Би үүнийг хэзээ ч мартахгүй.

- Расселыг саяхан таны араар тавьсан гэсэн цуу яриа гарсан байсан. Бас түүний эргэн тойронд олон арван охид “зүүгдэж” байдаг. Түүнийг огт харддаггүй гэж үү?

- Тэр намайг энэ харилцаандаа итгэл дүүрэн байлгаж чаддаг. Тэр хэзээ ч надад хардах шалтгаан гаргаж байгаагүй. Би чинь эмэгтэй хүн болохоор мэдрэнэ ш дээ. Би зөн совиндоо их итгэдэг юм. Бид одоо бурхны бас, хайртай хүмүүсийнхээ өмнө тангараг тавих гэж байгаа. Энэ миний хувьд маш чухал. Олон хүмүүс хуримыг хоцрогдсон зүйл гэж хүлээж авдаг ч, энэ нь миний хувьд маш гайхалтай сайхан зүйл.

- Таны хувцаслалт өхөөрдөм, секси бас халуухан гурвыг хослуулдаг. Энэ стилээ юунаас санаа авч бүрдүүлсэн бэ?

- Би хүүхэд байхаасаа л 40, 50-иад оны эмэгтэйчүүдийн стильд дуртай байсан юм. Би тачаангуй бариу юбка, олон янзын тод өнгийн хувцаслалтанд дуртай. Эхэндээ би өхөөрдөм харагдахыг хичээдэг байсан, гэвч миний сонирхол өөрчлөгдсөн юм л даа. Одоо миний стиль Бетти Бүүп гэхээсээ илүү Бетти Пейжийн халуухан төрх рүү дөхөж очсон байх. Одоо би өөрийн бие галбиртаа илүү сэтгэл хангалуун болсон. Дурлал надад улам их эрч хүчийг өгч, би өөрийн хийж буй бүх зүйлдээ бүрэн итгэлтэй байх болсон.

- Хувцас сонголтын тал дээр хэнээс зөвлөгөө авдаг вэ?

- Ихэнхдээ өөрөө өөртөө найдахыг илүүд үздэг. Би үргэлж шинэ материал, шинэ өнгийг туршиж үзэхийг хүсдэг. “Хамгийн муухай хувцасласан од”-ын жагсаалтанд хэдэн удаа орж байсныг минь бурхан л мэдэх байх. Гэхдээ үүнийг тоож байгаагүй ээ. Би зүгээр л өглөө босоод юу өмсмөөр санагдана, тэрийгээ углаад л гарах дуртай.

- Та Лейди Гагагийн "Алехандро" дууны клипийг шүүмжилж байсан. Яагаад?

- Тэр хүн Мадонна байна уу, миний найз залуу байна уу, надад хамаагүй. Тачаангуй байдал, шашин хоёрыг нэг шилэнд хийгээд сэгсрэнэ гэдэг чинь сайхан юм биш. Тэд Будда, эсвэл Аллахаар оролдоогүй мөртлөө яагаад заавал Христийг сонгоно гэж? Секс үзэгдэл бол зөвхөн оюун санааны зүйл хэдий ч Христийг секстэй холих нь миний хувьд утгагүй зүйл.

Д. Энхнаран

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.