О.Тэмүүжин: Над шиг буржгар үстэй, эргэчихсэн сормуустай баатар гэж юу байхав

Twitter Print
2015 оны 04-р сар 26-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

"Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжин буюу Тэмкаг тайз, дэлгэцийн бүтээл сонирхогчид андахгүй танина. Түүний уран бүтээлч, жүжигчин болох үндэс нь "Boom town" хамтлаг, "Х-түц" продакшнтай салшгүй холбоотой. Урлагийн гараагаа амжилттай эхлүүлсэн тэрбээр "Гурван найз" инээдмийн цуврал уран бүтээлээр Солонгос киноноос уяатай байдаг үзэгчдийг жинхэнэ утгаар байлдан дагуулсан гэхэд хилсдэхгүй юм. Дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмс студитэй хамтран “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болжээ. Ингээд жүжигчин О.Тэмүүжинтэй ярилцсанаа хүргэе.  

-“Эрчүүдийг уучил” тоглолтоор бие даасан продакшн гэдгээ зарлаж байсан цаг саяхан. Гэтэл үзэгчид “Эмоци” продакшны уран бүтээлээр оюуны цангаагаа тайлаад хоёр дахь жилтэй золгосон байна. Чамлахааргүй цаг хугацааг өнгөрч шүү?

-Хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшны хоёр жилийн ой ирэх сард тохиох гэж байна. “Эрчүүдийг уучил” тоглолтын хувьд бидний анхны уран бүтээл маань байлаа. Цэвэр драмын жүжиг биш. Тайзны олон төрөл үзэгдлүүдээр баяжуулсан шоу драм юм. Гараа сайн бол бариа сайн гэдэгтэй адил бидний анхны жүжгийн маань агуулга эрчүүдэд хувь хүн, нийгмийн байдалтай холбогдсон зөвлөгөө маягаар тусах бол, бүсгүйчүүдэд эрчүүдээ уучилж байгаарай гэсэн мессежийг хүргэх нь гол байлаа. Харин одоо МҮСТО-нд “Тоглож болохгүй тоглоом” инээдмийн шоугаа тавьж байгаа. Хажуугаар нь цоо шинэ дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөн авах гээд энэ хавар их ачаалалттай явна даа.

-Шинэ уран бүтээл ярьсных үзэгчдийг орой бүр телевизийн урд уяж байсан “Гурван найз” инээдмийн цуврал киноны талаар яриагаа өрнүүлье. Солонгосын киног хулгайлаад хийчихлээ гэх янз бүрийн шүүмжлэлүүд үзэгчдээс ирж байсан шүү дээ?

-Үзэгчид гэдэг ямагт уран бүтээлийн шүүгчид байдаг. Тэр утгаараа манай уран бүтээлийг маш сайн шүүн тунгааж үзсэн байна лээ. Таны хэлдэгээр орой бүр цэнхэр дэлгэцээр манай кино үзэгчдийг уяж байсныг телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар “Гурван найз” олон ангит кино өнгөрсөн оны тэргүүлэгч контентын нэг болж чадсан. Тэр дундаа 25-34 насны үзэгчдийн дунд хамгийн өндөр рейтинг авсан тохиолдол болсон. Кино зохиолын хувьд Бид анхнаасаа Солонгосын “Найз” гэдэг киноны албан ёсны эрхийг нь аваад монголынхоо хөрсөнд буулгахыг зорьсон. Гэхдээ эх зохиолоос нь өөрчилсөн зүйл олон байгаа. Тухайлбал төгсгөлийн 40-р ангийг найруулагч С.Баттулга ахтайгаа ярьж байгаад өөрчилсөн. Мөн 40 анги гараад дууссаны дараа хүмүүс кино хийгээч гэсэн санал их ирүүлсэн. Энэ саналын дагуу бид 40 ангит киног 6-7 сарын турш зүтгэж байж хийсэн. Өдөр, шөнөгүй ажиллаж байж бүтээсэн болохоор бид ярилцаад, 40 ангит уран сайхны киноныхоо үргэлжлэлийг нэг ангид багтаахаар шийдсэн. Дээрээс нь бүрэн хэмжээний уран сайхны кино гэдэг бол тодорхой хэмжээнд шат ахиж байгаа нь нэг илрэл юм даа.

-Өнөөгийн стресстэй нийгмийг бүхэлд нь өөрчлөнө гэдэг хэцүү. Урлагаар дамжуулж хүнийг төлөвшлүүлдэг гэж ярьдаг даа. Тэгэхээр энэ бүтээл үзэгчдийн зүрхэнд хүрч байна гэхээр яах аргагүй манай улсад инээдмийн хошин жанр үгүйлэгддэг юм шиг ээ?

-Маш сайхан халуун дулаан энергийг бид өөрсдөөсөө эрж хайх хэрэгтэй. Монголын өнөөгийн нийгэмд тохирсон сайхан бүтээл хийнэ гэдэг аз жаргал шүү дээ. Бид хүмүүст энерги, сайхан инээмсэглэл бэлэглэхийн хэрээр урмын үгээр эргээд цэнэглэгддэг учраас хүн хоорондын холбоо тийм агуу хүчтэй гэдгийг мэдрэх хэрэгтэй. Үг өөрөө хүйтэн зэвсэг шүү дээ. Ялангуяа шинэ уран бүтээл туурвиж байгаа хүмүүсийг сайн кино болсон байна гэж олон хүмүүс магтаж байгаа. Түүнийхээ хэрээр бас сөрөг мессежүүд ч байна. Тэр нь юу гэхээр архидалт шоу цэнгээнийг их үзүүлж байна, залуу хүмүүс гэхээрээ олон хүүхэнтэй орооцолддог юм уу, солонгосын киног хуулаад хулгайлаад хийчихлээ гэсэн янз бүрийн шүүмжлэлүүд ирсэн. Монгол орныхоо 21 аймгаар аялан тоглолт хийгээд явж байхад олон хүн бидэнд урмын үг хайрласан.

Бид энэ киноноос маш их урам авч байгаа. Монголд өмнө нь гарч байсан телевизийн олон ангит сериалуудын бүгдийг нь ардаа орхисон албан ёсны судалгаа гарч батламж гардуулан өгсөн.  Олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийнхээ үр шимийг нь хүртсэнд их баяртай байдаг.

-Киноны нэр их өвөрмөц санагдлаа. “Яасан байх нь уу” гээд. Энэ үгний юунд болов?

-Залуучуудын хамгийн их хэрэглэдэг үгээр киногоо нэрлэе гэсэн санаа төрсөн. Тэгээд “Максима медиа”-гийн судалгаагаар үзэхэд залуучуудын дунд “Яасан байх нь уу” гэдэг үг эхний тавд багтсан байсан учраас нэрлэсэн. Мөн “Гурван найз” цувралыг үзсэн хүмүүс киноны үргэлжлэл хэсгийг яасан бол гэсэн сонирхол төрөх нь дамжиггүй. Тиймээс их зөв сонголт хийсэн гэж бодож байгаа.

-“Гурван найз яасан байх нь уу” кинонд хамтран ажилласан уран бүтээлчид болон өмнөх цувралд тоглосон бүх уран бүтээлчид нэгдсэн үү?

Телевизийн олон ангит сериал хүмүүст нэлээдгүй хүрч, дуртай кино нь болсон учраас бид энэ киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино  болгохоор шийдсэн. Гурван найзад тохиолдож байгаа цоо шинэ адал явдал, адармаа ээдрээтэй хэрэгт хэрхэн орооцолдож байгаа тухай өгүүлэх болно. Кино баг маань маш олон чадварлаг уран бүтээлчдтэй хамтран ажилласан. Өмнө 40 ангит кинонд тоглосон бүх уран бүтээлчид гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон байгаа. Мөн дээрээс нь “Х-түц” продакшны жүжигчин Т.Бархүү, А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Н.Батаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Ганбаа, дуучин Мино манай хамтлагийн залуу уран бүтээлчид зэрэг олон авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарлаа. Сонирхуулахад, өмнөх 40 ангит кинонд тоглоогүй манай продакшны жүжигчин Баатархүү ах маань энэ киноны голлох дүр болох баян Барсаагийн дүр бүтээсэн.

-Телевизийн ситком гэдгээр нь анхдагч гэж хэлж болох уу?

-Ситком киноны анги бүрт өөр өөр хөгжилтэй, сонирхолтой үйл явдлын талаар өгүүлдэг учраас анхдагч гэж хэлж болно. Яагаад гэхээр телевизийн ситком нь гурав дөрөвхөн павилонд зураг авагддаг. Жишээ дурдвал, дэлхийн шилдэг ситкомуудын тоонд “Найзууд” хэмээх зургаан найзын хөгжилтэй амьдралыг харуулсан киног үзэгчид маш сайн мэднэ. Үүнтэй адил ситком төрөл жанраар монголдоо анхдагч киног “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшн хамтран анхлан хүргэлээ.

-Ямар ч уран бүтээлийг хийхэд санхүүгийн асуудал тулгарна. Тэгэхээр киног 250 сая төгрөгөөр бүтээсэн гэсэн. Ийм их төсвөөр бүтсэн юм чинь чанартай уран бүтээл болж чадсан болов уу?

-Бид чанартай уран бүтээл хийхийн тулд мөнгө зарцуулж байж сайн бүтээл төрнө. Гэхдээ зарим хүмүүс их өрөөсгөл ойлголттой явдаг л даа. Гадны кино шиг олон арван машин мөргөлдүүлж дэлбэлсэн үйл явдалд их хэмжээний мөнгө зарцуулдаг, энгийн үйл ядал өрнөж байгаа үзэгдэлд мөнгө нэг их гарзаддаггүй гэдэг. Яг үнэндээ тийм биш. Тухайн кинонд ямар уран бүтээлч ажиллаж байна гэдгээс их зүйл хамаардаг. Өнөөдөр Монголд ажиллаж байгаа хамгийн чадвартай уран бүтээлчдийн цалин хөлс, үнэлэмж өндөр болсон шүү дээ. 

Бид кинондоо хамгийн чадвартай, чансаатай гэсэн уран бүтээлчдийг урьж ажиллуулсан. Дээрээс нь киноны зураг авалтыг чамгүй удаан хугацаанд хийсэн. Киноны арын албанд маш олон хүн ажилласан. Тэр утгаараа киноны өртөг ийм өндөр гарсан. Гэхдээ манайхаас өндөр зардалтай кино Монголд олон л хийгдэж байгаа.

-Жүжигчин Д.Түвшинтөр та хоёр зохиол дээр ажилласан гэсэн үү?

-“Гурван найз” киноны зохиол ингэж үргэлжилвэл яасан юм бэ гэсэн анхны тойм зургийг би гаргасан. Түүнээс биш миний зохиол бичих гэж юу байх билээ. Гэхдээ л бид дор бүрнээ тоглолтынхоо номерыг зохиогоод явдаг учраас манай уран бүтээлчид нийтээрээ л оролцсон. Төтө, би, ерөнхий найруулагч Ч.Ганзориг ах маань санаагаа нэмэрлэсэн. Тэр бүх санааг зангидаад, зохиолч Ж.Оргил кино зохиолыг бичиж дуусгасан. Зохиолд хамгийн түрүүнд найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ, хэцүү үед хаяад явдаг нөхөд гэж байхад юу ч тохиолдсон хамт байх найз гэж байдаг. Киногоороо дамжуулан хүмүүст зөвхөн инээд бэлэглэхээс гадна залуу үеийнхэнд ухаарал хайрлахыг хичээсэн. Хүн чанар муудсан өнөөгийн нийгэмд жинхэнэ найз ямар үнэ цэнэтэйг ойлгуулахыг зорьсон.

-Амьдрал дээрх Тэмка найз нөхөрлөлийн хувьд хэр үнэнч вэ?

-Би чинь их олон найзтай. Найзууд маань намайг мэднэ дээ, олон нүүр гаргаж байгаагүйг. Миний амьдралдаа баримталдаг нэг том зарчим бий. “Хүн хэзээ ч нэг хэвийн байхгүй. Гэхдээ урд нь хэн байснаа мартаж болохгүй” гэж. Тийм ч учраас хар багадаа найзалж байсан найз нөхөдтэйгээ анх яаж танилцсан тэр үе шигээ одоо хүртэл харьцдаг. Нөхөрлөлийн үнэ цэнийг найз нөхөдтэй ярих их дуртай.

-Хошин урлагийнхан нийгэмд тулгамдсан асуудлыг хошин маягаар хүргэдэг. Ер нь шинэ санаа үргэлж хайж эрэлхийлдэг байх?

-Хошин урлаг гэдэг бол хамтын бүтээл байдаг. Бид бүтээлийнхээ санааг өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаас ярьж түүнээс ургуулан санаа төрдөг. Хамтлагийн тоглолтын хувьд өнөөдөр инээдмийн төрөл жанр, тайзны бүтээл дээр зохиол бичиж байгаа хүн ховор. Тийм ч учраас гадны инээдмийн зохиолуудыг орчуулж, монголын хөрсөнд буулгах, хоорондоо хөгжилтэй явдлуудаа ярих гэх мэтчилэн зүйлүүдээс зохиолоо гаргаж авдаг. Амьдрал дээр тохиолдсон энгийн хөгтэй явдал хүнд их хүрдэг. Энэ удаагийн “Гурван найз яасан байх нь уу” кино маань манай найзад тохиолдсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн учир амьдралд илүү ойрхон бүтээл болсон.

-“Эмоци” продакшн бие даасан дэлгэцийн дахин уран бүтээл туурвих уу?

-“Гурван найз” кино маань “Боловсрол суваг” телевизтэй хамтарсан анхны дэлгэцийн олон ангит бүтээл байлаа. Эмоци продакшн дангаараа хүч үзэх бодол төрөлгүй яахав. Гэхдээ бидэнд цаг хугацаа шаардлагатай. Нэгт отгон хамтлаг учраас туршлагатай уран бүтээлчидтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байдаг. Цаашид бид олуулаа хүч үзэхийг зорьж яваа. Дан ганц тайзан дээр жүжиг тавихаас илүүтэйгээр телевизийн нэвтрүүлэг, шинэ жилийн баярын дугаар хийдэг. Цаашид жүжиг, мюзикл хийх зорилготой ажиллаж байна.

-“Эмоци” продакшны өнгө төрх. Бусад хамтлагаас ялгарах гол давуу талаа дурдаач?

-Бид бүгд адилхан л уран бүтээлчид, өрсөлдөгчид учраас аль нэг хамтлагийг илүү давж, онцгойрч цойлоод байгаа юм байхгүй. Манай продакшны өнгө төрх өнгөлөг, хөгжимлөг, дуу хөгжим ихтэй, мюзикл, энтертайнмент хэлбэрийг барьж уран бүтээлээ хийдэг. Тоглолтыг маант алгасалгүй үзэж байсан хүмүүс мэдэх байх. Тоглолтын тайз засалт хүртэл хөгжим дуугаар илэрхийлсэн байдаг. Цаашид ч гэсэн шинэлэг зүйлсийг сэтгэж, илүү чанарын өндөр түвшинд хийхийг зорьдог.

-Уран бүтээлч гэр бүл хамт ажиллахад сайхан ч гэсэн асуудал гардаг биз?

-Бид хоёр уран бүтээлийн талд дээр сайхан маргалдана шүү дээ. /инээв/ Ажлын байран дээр эхнэр нөхрийн харилцааг гаргадаггүй. Ажил бол ажил. Хэдий хамтдаа нэг газар ажиллаж байгаа гээд хүндрэл бэрхшээл гараад байдаггүй. Яахав гэр бүлдээ цаг зав гаргах нь хомс учраас хоёулаа урлагийн хүмүүс байхад хэцүү. Урлагийн хүн байна гэдэг өөрөө маш их зүйлийг золиослох болдог.

-Жүжигчин О.Тэмүүжинд түүхэн кинонд тоглох хүсэлт ирвэл?

-Жүжигчин хүний ганц хүсч мөрөөддөг зүйл түүхэн кинонд тоглох хүсэл байдаг. Даанч намайг түүхэн кинонд авахгүй. Ийм буржгар үстэй, эргэчихсэн сормуустай баатар гэж юу байхав. Ямартай ойр дотны найзууд маань “Чи хэзээ ч түүхэн кинонд тоглохгүй” гэж шоолдог. Санал ч авч үзээгүй. Магадгүй нас жаахан ахиад хүний гаднаас харагдах төрх /дипаж/ гэж байна. Тэр өнцөг арай өөр болсон үед тоглох санал орж ирвэл шууд зөвшөөрнө.

-Дуу, бүжиг, хошин урлаг гэх мэт чамгүй олон зүйлд авьяас чадвараа сорьж явсан “Boom town” хамтлагийнхан өрх тусгаарлаад олон хаврыг үджээ. Тэд эргэн нэгдэж кино урлагт дутагдаж байгаа шинэ хувьсал хийх болов уу?

-Сайхан асуулт байна. Манай Б.Тамираагийн найруулга, М.Баяраа, Э.Алдараа нар гол дүрд нь тоглосон “Fantastic” продакшны найзуудын хийсэн кинонууд бий. Яг хамтлагаараа Г.Ган-Очир ах нийлээд хамтарсан уран бүтээл бол байхгүй. Ирээдүйд хамтдаа ажиллах тэр сайхан мөч ирнэ. Урд нь бид энэ асуудлаар хоорондоо ярилцаж байсан. Хамгийн гол нь бид тусдаа өөрийн гэсэн байр сууриа бат найдвартай олсны дараагаар уран бүтээл хийвэл чанар ханхалсан сайн бүтээл хийх болов уу даа гэж боддог.

-Төрөөс хошин урлагийнхныг шагнаж урамшуулах нь бага гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Төрийн хайр хишиг эзнээ олсон бол хүнд сайхан урам өгч буйн хэрэг. Урлагийнхнийг шагнаж урамшуулах нь бага гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Би нэг их шагнал урамшууллын араас хөөцөлдөөд явдаггүй болохоор мэдэгдэхүүн багатай л даа. Хувь хүн уран бүтээлчийн хувьд дүгнэхэд гадуур дэндүү залуу, ганц хэдэн уран бүтээл туурвиад төрийн шагнал хүртэж байна гэж ярьдаг. Харин ч эсрэгээр хийж бүтээх эд насанд нь яагаад том шагнал өгч болохгүй гэж. Тэд эндээс зоригжиж, ард түмний хүндлэлийн хариуг барих онцгой үүрэг хүлээж авч байгаа. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг шиг уран бүтээлч хүнд урам өгөх нь зүйтэй л гэж боддог. Хожимдсон шагналыг мянга дахин аваад яах юм. Хэзээ хойно өнхрөөд ойчсны дараа манайхан харамсдаг шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

-Баярлалаа, Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МАШ НУУЦ ОХИН

      (202.9.41.193) 2015-12-08 21:17
      • 0
      • 0

      Бүх монголчуудаа улам их баясгаж ,инээлгэж байгаарай Уран бүтээлд нь амжилт

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛ

      (122.201.24.19) 2015-04-24 14:51
      • 0
      • 0

      бүх монглчууддаа төрийн шагнал өгөөд урам хайрлаж өгөөсэй

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛ

      (122.201.24.19) 2015-04-24 14:46
      • 0
      • 0

      бүх монглчууддаа төрийн шагнал өгөөд урам хайрлаж өгөөсэй

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛТ дуучин БОЛД

      (122.201.24.19) 2015-04-24 14:41
      • 0
      • 0

      төрийн шагналыг бүх монголчууддаа тарааж өгөөд бүгдийх нь урмыг сэргээх юмсандаа Тэмка миньдээ

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛ

      (122.201.24.19) 2015-04-24 14:41
      • 0
      • 0

      бүх монглчууддаа төрийн шагнал өгөөд урам хайрлаж өгөөсэй

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛ

      (122.201.24.19) 2015-04-24 14:41
      • 0
      • 0

      бүх монглчууддаа төрийн шагнал өгөөд урам хайрлаж өгөөсэй

      Хариулах

    • ТӨРИЙН ШАГНАЛ

      (122.201.24.19) 2015-04-24 14:41
      • 0
      • 0

      бүх монглчууддаа төрийн шагнал өгөөд урам хайрлаж өгөөсэй

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.185) 2015-04-24 00:05
      • 0
      • 0

      уран бүтээлийн амжилт. Найзуудад дуртай шүү. Илүү сайхан уран бүтээл зөндөө хийгээрэй

      Хариулах

    • кккк

      (202.21.96.178) 2015-04-23 14:24
      • 0
      • 0

      төрийн шагналыг урам өгөх гэж өгдөг юм биш гэдгийг мэддэггүй юм байхдаа хөөрхий.....

      Хариулах