Хүүхдийн хоолны онцлог

Twitter Print
2017 оны 10-р сар 16-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн эрчимтэй өсөлт, хөгжилттэй уялдан уургийн хэрэгцээ нь насанд хүрсэн хүмүүсийнхээс их бөгөөд энэ нь хүүхдийн биеийн 1 кг жинд 1,3-1,5 г уураг ногдоно гэсэн үг. Сургуулийн бага ангийн сурагчдын уургийн хэрэгцээ 1 кг жинд 2,5-3 г, дунд, ахлах ангийнхад 2 г-аас багагүй байх ёстой гэж үздэг. 

Уургийн хэрэгцээг ихэвчлэн амьтны гаралтай уургаар хангана. Амьтны гаралтай уургийн гол эх булаг нь мах, загас, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн байдаг тул эдгээр бүтээгдэхүүн оролцсон хоол өсөж яваа организмыг уургийн хэрэгцээгээр бүрэн хангаж чадна. Ер нь сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны орцод амьтны гаралтай уураг нийт уургийн 60 хувийг эзлэх ёстой гэж үздэг. Харин ургамлын гаралтай уургийн эх булаг нь будаа, гоймон, төмс, талхан бүтээгдэхүүн тул эдгээрийг хачир, бие даасан хоол байдлаар бэлтгэж хүүхдийн хоолны цэсэнд оруулах нь зүйтэй.

Хүүхдийн хоол тэжээлд өөх тос чухал ач холбогдолтой. Энэ нь хүүхдийн организмын өсөлтийг уян налархай болгож сайжруулах, ялангуяа тархи мэдрэлийн эд эс бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Өөх тос нь А, D, К, Е зэрэг аминдэмийн шингэцийг идэвхжүүлэх уусгагч болж өгдөгөөрөө онцлог юм. Түүнчлэн өөх тосны нэлээд хэсэг нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай фосфатид болон ханаагүй өөхний хүчил, дээр дурдсан аминдэмүүдийн эх булаг болдог. 

Хүүхдийн хоолонд өөх тос дутагдах нь тэдний эрүүл мэнд, ялангуяа дархлал тогтох шинж чанарт муугаар нөлөөлнө. Өөх тосны дутагдлаас болж хүүхэд хүйтэнд тэсвэр муутай, гаднын нөлөөнд цочромтгой болох, амьсгалын замын өвчинд хялбар өртөх нь олонтой байдаг. Өөх тосны дудагдлаас шалтгаалан  хүүхдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч өсөлт удаашрах сөрөг талтай болохыг шинжлэх ухаан аль хэдий нь нотолсон билээ. Иймд хүүхдийн хоолонд фосфатид, А, D аминдэмийг агуулсан цөцгийн тосыг өргөн оруулах нь зүйтэй. Түүнчлэн тосны ханаагүй хүчлүүдээр баялаг байдаг ургамлын гаралтай тос (хоногт хэрэглэх өөх тосны 10-15 хувь)-ыг хэрэглэх нь зохимжтой. Харин хүүхдэд хэмжээнээс хэтэрсэн ханаагүй өөхний хүчлийг өгөх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг тул ургамлын тосыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Хүүхэд насны нэг онцлог нь тэд байнгын хөдөлгөөнд байж илч их зарцуулдаг явдал юм. Иймд тэдний булчингийн үйл ажиллагааны илчлэгийн эх булаг болох нүүрс ус чухал ач холбогдолтой. Хүүхэд хоногт хэрэглэх уургаасаа 4 дахин их нүүрс ус хэрэглэх шаардлагатай бөгөөд үүнийг хялбар шингэдэг нүүрс ус болох сахар, зөгийн бал, жимс, жимсгэнэ, чанамал зэргээр хангана. Түүнчлэн цардуулаар харьцангуй баялаг будаа, талхны зүйлээс нүүрс усныхаа хэрэгцээгний зохих хэсгийг хангадаг. Ер нь хүүхдийн хоногт алдаж байгаа илчлэгийн 50%-ийг нүүрс ус нөхөж байвал зохимжтой гэж  үздэг.

Хүүхдийн хоол нь төрөл бүрийн аминдэм, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Хоол хүнсний илчлэг, эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийн дутагдлаас болж бага насны хүүхэд оюун ухааны хомсдолд орж, оюуны чадамж сулран биеийн дархлаа үхжихээс гадна сульдаа болон бусад олон төрлий өвчинд нэрвэгддэг байна. 

Судалгаанаас үзэхэд дэлхий дахинд гурван төрлийн бичил тэжээлийн дутагдал хамгийн их байдаг ажээ. Үүнд төмөр дутлын цус багадалт, йод, Д аминдэмийн дутагдал орж байгаа бөгөөд дээр дурдсан өвчлөлийн гол эх үүсвэр болдог байна. Тэгвэл хүүхдийн өсөлт хөгжилтийг хангах, эрүүл чийрэг өсөн торниход чухал шаардлагатай эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийг ямар хүнсээр дамжуулан хангаж болох вэ?

Хүүхдийн өсөлт, ачаалалд чухал үүрэгтэй A аминдэмийн хэрэгцээг цөцгийн тос, зөөхий, загас, түүнчлэн хүнсний ногооны найрлага дахь каротин, Д аминдэмийг загас, загасны тос, цагаан идээний зүйл, В бүлгийн аминдэмийг ургамлын гаралтай хүнс, будаа, сүү, бяслаг, үхрийн мах, элэг, бөөр, өндөгний шар, вандуй, шар буурцаг, РР аминдэмийг гурвалжин будаа, вандуй, шош, хонь, үхрийн мах, С аминдэмийг нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ, яншуй, ногоон сонгино, цэцэгт байцаа, улаан лооль, бууцай, төмс, алим, жүрж, нимбэг, гадил жимс, Е аминдэмийн хэрэгцээг ургамлын тос зэргээр тус тус хангана.

Организмын үйл ажиллагаа, хөгжилтөд чухал ач холбогдолтой эрдэс бодисууд нь цус, гормон, фермент зэрэг системийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, эд эсэд шүүрэх даралтыг барьж байх бодисын солилцооны процесст оролцох, булчин, мэдрэл, ясны эд эс бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. 

Хүүхдийн ясны эд эсийн бэхжилтэнд гол үүрэг гүйцэтгэдэг кальцийн хэрэгцээг сүү, сүүн бүтээгдэхүүн, түүнчлэн байцаа, хар чавга, зэс, төмрийн хэрэгцээг малын элэг, тархи, өндөгний шар, фосфорыг мах, загас, овъёосны будаа, буурцаг, өндөг, бяслаг, фторыг сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, цай, ундны усаар дамжуулан хангана. 

Түүнчлэн хүүхдийн хоол хүнсний найрлагад натри, йод зохих хэмжээгээр агуулагдсан байх шаардлагатай. Зөв зохистой хооллолтын горим, дэглэм баримталж, олон нэр төрлийн хоол, ундаа хэрэглэснээр хүүхдийн организмд шаардлагатай эрдэс бодис болон бичил элементүүдийн хэрэгцээг хангаж чадна. 

Сургуулийн насны хүүхэд өдөрт 4-5 удаа хооллох дэглэмийг баримтлах нь тэдний биеийн өсөлт хөгжилт, ажиллах чадварт тохирно хэмээн үздэг. Хооллох үеийн хоорондын зай 4 цагаас хэтрэхгүй байх ёстой. Нэг удаад хэрэглэх хоолны хэмжээг оновчтой зохицуулж, нэг дор хэт их буюу дутмаг хооллохоос аль болох зайлсхийх  хэрэгтэй.

Физиологийн хэрэгцээг хангасан найрлага, илчлэг сайтай олон нэр төрлийн хоол, хооллолтын зохистой дэглэм нь хүүхдийн биеийн болон оюуны хэвийн хөгжлийг хангаж, эрүүл чийрэг, ухаан төгс, гоо үзэсгэлэнтэй болгох үндэс болж өгнө.

Нийтлэлч Ж.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.