Допинг илэрсэн бөхчүүдийн бүх давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгоно

Twitter Print
2019 оны 10-р сар 25-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Энэ жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд, тав давж, цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Үндэсний бөхийн салбар хорооныхон хуралдаж, дээрх хоёр бөхийн цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. 

Харин өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооныхон хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Энэ талаар Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Д.Цэрэнтогтох В сорьцоо шинжлүүлсэн нь А-тайгаа таарсан. Харин Э.Оюунболд В сорьцоо шинжлүүлээгүй. Ер нь допингийн шинжилгээний хариу зөрсөн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм билээ. Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаад дээрх хоёр бөхийн бүх давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор болсон.

Тэгэхээр А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгоно. Мөн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан эл шийдвэр эцсийнх биш. Бид саналаа Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл шалтгаална” гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.