“1072”-оос татгалзсан хүмүүс хөөрхий

Twitter Print
2015 оны 04-р сар 17-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Засгийн газар 2011-2012 онуудын хооронд бүх иргэддээ Тавантолгойн хувьцаа авах “алтан” боломжийг олгосон. Гэсэн ч Тавантолгойн гэрээ хэзээ байгуулагдаж, хэзээ бидэнд ногдол ашгаа тараах вэ дээ гэж эргэлзсэн ард түмний зарим хэсэг нь Засгийн газраас санал болгосон өөр нэг сонголт болох сая төгрөгөө авъя гэсэн сонголтыг хийчихсэн. Ийм сонголт хийсэндээ харамссан зарим хүмүүс би буруу боджээ 1072 хувьцаагаа авъя гэж халамжийн газарт өргөдөл бичицгээж байлаа. Үнэндээ аль нь зөв болохыг ард түмнээс хэн нь ч мэдээгүй.

Өнөөдөр ч гэсэн энэ хувьцаа хэрхэх нь тодорхойгүй, эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй үхмэл хувьцаа хэвээрээ л байна. Гэхдээ сүүлийн үед Засгийн газар Тавантолгойн гэрээг урагшлуулах гэж хэрэндээ хичээж байгаа энэ үед хүн бүр нээрээ миний 1072 хувьцаа хаана байгаа билээ, би чинь дансаа нээлгэлүү яалаа гэж сандарцгааж эхэллээ. Тиймээс Тавантолгойн 1072 хувьцаатай холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүсээс дараах тодруулгыг авлаа.

Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, 1072 хувьцаа эргэлтэд орох дөхсөн талаар сайхан мэдээ дуулдаад байна. Иргэд 1072 хувьцаагаа мөнгө болгож авах, эсвэл хувьцаагаа буцааж авахаар танайд өргөдөл бичиж өгч байсан. Одоо энэ ажил явагдаж байгаа юу?

- Энэ ажил бүрэн зогссон. Иргэд маань 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хувьцаагаа авахгүй, Засгийн газраас санал болгож байгаа 1 сая төгрөгөө бэлнээр авъя гэсэн өргөдлөө өгч эхэлсэн. Ингэж өргөдөл өгсөн иргэдийн тоо нэлээд өндөр байсан. Дараа нь сая төгрөгөө авахгүй, хувьцаагаа буцааж авах хүсэлтэй байна гэсэн өргөдлүүдийг иргэдээс мөн манай байгууллага авч байсан. Гэхдээ энэ ажил хуулийн хүчинтэй хугацаа болох 2012 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд явагдаж дууссан. Дахиж ийм өргөдөл иргэдээс аваагүй. Ингээд энэ бүх өргөдөл, хүсэлтийг бид нэгтгээд мэдээллийн сан үүсгэж Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ нэрсийг хүргэсэн байгаа.

-Тэгвэл сая төгрөгөө авахаа болилоо, хувьцаагаа буцааж авъя гэж өргөдөл өгсөн хүмүүсийн хувьцааны данс нээгдээгүй байна гэсэн иргэдийн гомдол байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай халамжийн газар 1072 ширхэг хувьцааны асуудалтай холбоотой иргэдийн өргөдөл гомдлыг нэгтгэх, зуучлах үүрэг л хүлээж байсан. Энэ үүргээ биелүүлээд  ҮЦТТТХТ-д мэдээллийн сан үүсгээд явуулсан. Тэгэхээр иргэд энэ асуудал хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ҮЦТТТХТ-өөс лавлах хэрэгтэй.

-1072 ширхэг хувьцаанаасаа татгалзаж, сая төгрөг авах хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг Засгийн газар Хүний хөгжлийн сангаар дамжуулан олгохоор шийдвэрлсэн. Энэ утгаараа танайд энэ мөнгийг хэзээ олгох талаар ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Одоогоор манайд ийм мэдээлэл ирээгүй байна. Хэзээ олгохыг Засгийн газар шийдэх байх. Одоо бол ер нь халамжийн газарт Засгийн газрын 98 дугаар тогтоолын дагуу  Хүний хөгжлийн сангийн дэвтрийн хойно бичилт хийх л үүрэг үлдсэн. Энэ бичилт хийх ажил 2012 онд нэг хэсэг хийгдэж байсан. Одоо бас энэ ажил зогсчихсон байгаа. Тиймээс 1072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээлэл халамжийн газрын хувьд зогсонги байгаа гэдгийг хэлмээр байна.

Монголын Хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Т.Ганбат

-Өнөөдрийн байдлаар 1072 ширхэг хувьцаагаа авах эрхтэй хичнээн иргэн байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүн байгаа гэсэн судалгаа бий.

-Брокер, диллерийн компаниуд иргэдэд 1072 хувьцааны дансаа яаралтай нээлгэх хэрэгтэй гэж зөвлөн иргэн тус бүр дээр 5000 төгрөгөөр данс нээх үйлчилгээ үзүүлээд эхэллээ. Гэтэл Засгийн газар автоматаар 1072 ширхэг хувьцааг Хөрөнгийн бирж дээр байгаа иргэдийн данс уруу байршуулчихсан байгаа гэсэн мэдээллүүд яваад байна. Аль нь үнэн юм бэ?

-90-ээд оны үед тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа иргэд хувьцаа болгож, хувьцаагаа байршуулахаар данс нээлгэж байсан. Тухайн үед нээлгэсэн данс нь одоог хүртэл Хөрөнгийн бирж дээр байршиж байдаг. Ийм данстай хүмүүс дахиж данс нээлгэх шаардлагагүй. Иргэд энийгээ мэдэхгүй хоёр данстай болоод байна.  Харин зарим айл өрх тухайн үед зөвхөн эцэг эхийнхээ нэр дээр данс нээлгэсэн тохиолдол бий. Ийм тохиолдолд шинээр данс нээлгэх шаардлагатай гэсэн үг. Ер нь бол хувьцаагаа байршсан эсэхээ https://net.schcd.mn сайт уруу ороод регистрийнхээ дугаараар шалгах бүрэн боломж нь нээлттэй.

-1072 ширхэг хувьцаанаасаа татгалзаж сая төгрөг авах хүсэлт гаргасан зарим иргэд буцааж хувьцаагаа авъя гэсэн өргөдөл өгсөн. Энэ өргөдөл хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Өргөдөл өгсөн иргэдийн асуудал одоогоор шийдэгдээгүй, хувьцааг нь олгоогүй хэвээрээ байгаа. Өргөдлүүд нь хураалттай, шийдвэр иртэл хадгалагдаж байна. Одоогийн байдлаар манайд энэ талаарх шинэ мэдээлэл ирээгүй байна. Ер нь бол маш олон хүн асууж ирж байгаа. Өргөдлийн байнгын хороогоор энэ асуудал яригдаж байгаа гэсэн.

-Иргэдээс дахиж хувьцаагаа авахыг хүссэн өргөдөл авч байгаа юу?

-Энэ ажил зогссон. Өргөдөл шинээр авахгүй байгаа. Өргөдөл өгөх хүсэлтэй иргэд ирж байгаа. Гэхдээ өмнө нь ирсэн өргөдлүүдийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан, өргөдөл дахин авах эсэх асуудал яригдах байх.

Тавантолгойн ордын 1072 хувьцаагаа авахаас татгалзаж, оронд нь Засгийн газрын санал болгосон сая төгрөгийг авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдээс эхний ээлжинд оюутан, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр мөнгийг нь  олгочихсон. Үлдсэн хүүхэд, залуучуудад олгоогүй байгаа. Одоогийн байдлаар тэдгээр хүмүүст сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Харин сая төгрөг авахаа больж, 1072 хувьцаагаа буцаан авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ. Хамгийн сүүлд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “...УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Монголын ард түмний эзэмшлийн 1072 хувьцааг ямар ч байсан блансад тусга, хоёдугаарт сая төгрөгөө авах уу, сургалтын төлбөрөө төлөх үү гэж асуугаад “тэгье” гэсэн мөртлөө ямар ч хариу аваагүй олон иргэн байгаа. Тэдний 1072 хувьцааг буцааж хүчинтэй болгон блансад нэмж ав гэсэн чиглэл өгсөн. Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар л гэхэд 5000 өргөдөл ирсэн учраас Засгийн газарт чиглэл өгчихөөд байна” гэж мэдэгдсэн.

Өргөдлийн байнгын хороо 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 тоот тогтоолыг хүргүүлжээ. Тэрхүү тогтоолын  хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Таван толгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгахыг даалгасан байна. Тухайн үед энэ тогтоолд иргэн бүр баярлаж байлаа. Учир нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байсан ч 1072 хувьцааны талаар хэн ч, юу ч мэдэхгүй байсан юм. Яг энэ үед гарсан 05 тоот тогтоол хонгилын үзүүрт гэрэл асаасан явдал болсон юм.

Харамсалтай нь өнөөдөр УИХ-д өргөн баригдаж байгаа Тавантолгойн гэрээний төсөлд иргэдийн 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч зүйл заалт байхгүй байна хэмээн УИХ-ын дарга болоод эдийн засагчид мэдэгдэж байгаа. Гэхдээ гэрээ батлагдаж, талууд үзэглэснээс хойш 10 хоногийн дотор хөрөнгө оруулагчдын өгсөн урьдчилгаанаас хувьцаатай иргэн тус бүрт 100 мянган төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Харин 1072 ширхэг хувьцаанаас татгалзсан, татгалзсан хүсэлтээ буцаах өргөдөл өгсөн иргэдэд одоогоор хувьцаа ч ногдол ашиг ч олдохгүй болох нь ээ, хөөрхий.  

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.91.97) 2016-06-17 17:57
      • 0
      • 0

      minii bodloor law har torj bna hudlaa hdhen togrog ogch baigaad daraa in geree baiguulj noogdol ashig ntr geh gej l baigaa hahhahah

      Хариулах

    • Зочин

      (104.143.12.50) 2015-04-18 17:06
      • 0
      • 1

      1072gesen chini miniih 1063 baih yum

      Хариулах

    • irgen

      (103.14.36.18) 2015-04-17 13:57
      • 0
      • 1

      ene odoo yag yu geh geed bgaa yum bol, mal chine bichij bgaa zuilee oilgohgui bj hutsaad, jaahan mongo avch iimerhuu teneg yum bicheed hehe, hyamdhan novsh ve, tavan tolgoi odoo geree hiigdehgui za

      Хариулах

    • Батмөнх

      (112.72.11.117) 2015-04-17 13:22
      • 0
      • 3

      Сая төгрөг олгоно гэсэн иргэдийн толгой тархийг угааж, өргөдөл гаргуулсныхаа хариуцлагыг төр өөрөө хүлээх ёстой, үүний дагуу хувьцаагаа мөнгө болгоё гэсэн иргэдийн өргөдлийн дагуу Засгийн газар 1000000 төгрөгийг олгох ёстой, үүний дараа л хувьцаатай иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудал яригдах ёстой, эсвэл хувьцаагаа мөнгө болгож авья гэсэн нийт өргөдлийг хүчингүйд тооцож, хувьцааны ногдол ашгийн 100 мян.төг-ийг олгох хэрэгтэй, мэдээж үүнд урьд нь хувь хишиг хүртсэн ахмадууд, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамаарахгүй нь ойлгомжтой

      Хариулах