
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины хоёр дахь том хот болох Харьковыг их буугаар дахин бөмбөгдөж эхэлжээ. Украины зэвсэгт хүчнийхэн Харьков хотын ойролцоох хот, тосгодыг эргэн хяналтандаа авч, хоёр долоо хоногийн турш Оросын талаас ямар нэг халдлагад өртөөгүй Харьков хотын оршин суугчид хэвийн амьдралдаа дөнгөж орж эхэлж байжээ.
Украины эрх баригчдын мэдээлснээр оросууд Харьков хотын хойд хэсгийг их буугаар галласны улмаас 7 хүн нас барж, 17 хүн шархджээ.
ОХУ Украин руу довтолсноосоо хойш хоёр улсын хилийн ойролцоо байрлах Харьков хотыг хяналтандаа авахын тулд тасралтгүй цохилт үзүүлсээр байсан билээ.
Өнгөрсөн 6 долоо хоногийн хугацаанд Украины зэвсэгт хүчнийхэн Харьков хотын ойролцоох хот, тосгодын хяналтыг эргүүлэн авч, Оросын цэргүүд ухарсан ч хотыг их буугаар буудах зайд байрласаар байна.
Өнгөрсөн пүрэв гарагийн турш Харьков хотод их их буун дуу тасралтгүй дуугарч, байшин барилгууд чичирхийлж, машинуудын дохиолол хангинажээ.
Зарим кафе зоогийн газрууд хаалгаа нээж, иргэд хүүхдүүдээ дагуулан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, өнгөрсөн саруудад хорогдох байраар ашиглагдаж байсан метроны буудлууд ажиллаж эхэлсэн байсан ба өнгөрсөн пүрэв гарагт оросууд хотыг их буугаар галласны улмаас энгийн иргэд тэр дундаа 5 сартай хүүхэд амиа алджээ.
ОХУ-ын зэвсэгт хүчний Киев болон Харьков хотыг эзлэх төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараагаар Москва Украины зүүн хязгаар дахь Донбассын бүс нутагт явуулж буй давшилтаа идэвхжүүлсэн билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.