Гэр бүлээрээ хооллодог хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь хоёр дахин бага байдаг

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлээрээ ширээнд ярилцаж суугаад хооллох нь өсвөр үеийнхнийг муу зуршлаас хамгаалдаг байна. Колумбын их сургуулийн мансууруулах бодистой тэмцэх төвөөс явуулсан “гэр бүлээрээ хооллохын ач холбогдол” гэсэн сэдэвт судалгаагаар гэр бүлээрээ хооллох тэр дундаа оройн хоолыг хамтдаа сууж идэх нь хүүхдийн хөгжилд эерэг нөлөөтэй болох нь дахин нэг удаа батлагджээ.

Уг судалгаанаас үзэхэд, 7 хоногт 3 удаа хамтдаа хооллодог ба огт хооллодоггүй хоёр төрлийн гэр бүлүүдийг харьцуулж үзэхэд гэр бүлээрээ хооллодоггүй гэр бүлд өссөн хүүхдүүд нөгөө бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь хоёр дахин их байгаа нь илэрчээ.

Энэ судалгаанд нийт 2055 хүнийг хамруулж үзэхэд мансууруулах бодисны хэрэглээ талаасаа ч ижилхэн үр дүн гарч байлаа. Мөн л гэр бүлээрээ хооллож, хооллох явцдаа гэр бүлээрээ ярилцаж суудаг айлын хүүхэд муу зуршилд өртөх нь цөөхөн, мансууруулах бодис хэрэглэх нь ч бага байсан ажээ.

Сүүлийн үед ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын 12-оос дээш насны хүүхдүүд муу зуршилд ихээр хэвшиж, гэмт хэрэгт орж, мансууруулах бодис ихээр хэрэглэдэг болсон болохоор эцэг эхчүүдэд энэ асуудалд анхаарал хандуулах цаг нэгэнт иржээ. Иймээс өнөө үед гэр бүлээрээ сууж, оройн хоолоо зооглож “Хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдрал, сургууль, найз нөхдийнх нь талаар ярилцах нь” маш чухал болоод байна. Энэ оройн хоол таны хүүхдийг муу муухай бүхнээс холдуулах ид шидгүй ч гэлээ, эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмын төлөв байдлын талаар ерөнхий ойлголттой болно. Ингэснээр хүүхдээ сайн мэдэж, түүнийг зөв чиглүүлж, тулгарах саад бэрхшээлийг амархан туулж чадах болно.

Мөн энэ судалгааны үр дүнд өөр нэгэн зүйл ажигдагджээ. Оройн хоолоо гэр бүлтэйгээ иддэг хүүхдүүд, өөртөө найз сонгохдоо муу зуршилгүй, мансууруулах бодис хэрэглэгдэггүй хүүхдүүдийн хүрээнээс сонгож байв.

Гэр бүлийн харилцаа нь “маш сайн” хэмээн томьёологддог хүүхдүүд аль болох муу зуршлаас холуур явдаг байна. Орой бүр гэр бүлээрээ сууж хооллодог хүүхдүүд эцэг эхтэйгээ асуудлаа, нууцаа дотно хуваалцдаг болох нь уг судалгаагаар нотлогджээ.

Мөн уг судалгааны дүнд: 7 хоногт 5 удаа болон түүнээс дээш удаа гэр бүлээрээ хооллодог хүүхдүүд сурлага сайтай, сурах идэвх чармайлт ихтэй, онц сайн дүнтэй суралцдаг байна. Энэ нь гэр бүлээрээ хооллодоггүй хүүхдүүдтэй харьцуулахад онц сайн суралцах магадлал нь 30 хувиар илүү байжээ.

Энэ судалгаанд оролцсон 10 хүүхдийн 8 нь өөрийнхөө амьдралын талаар хамгийн их хамт хооллох үедээ эцэг эхтэйгээ хуваалцдаг байхад 10 эцэг эхийн 9 нь хүүхдийнхээ талаарх мэдээллийг хооллож байхдаа олж мэддэг гэсэн хариултыг өгсөн байна.

Судалгааны багийнхан, 21 нас хүртлээ архинд донтоогүй, тамхи татаагүй, мансууруулах бодис хэрэглээгүй хүүхэд залуус ирээдүйд эдгээр муу зуршилд автах магадлал нь ч харьцангуй бага байдгийг онцлон тэмдэглээд эцэг эхчүүдийг орой бүр хүүхдүүдтэйгээ хамтдаа сууж хооллож, халуун дотно яриа өрнүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: НЭМХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.