Эс мэдвээс элэг доог болохын зовлон буюу... /Цуврал - 3/

Twitter Print
2015 оны 04-р сар 14-нд 21:46 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт, Монголч эрдэмтэн, Хэл бичгийн ухааны доктор, орчуулагч, нэрт зохиолч Б.Ринчений мэндэлсний түүхт 110 жилийн ой энэ онд тохиож байна. Б.Ринчен “Цогт тайж” кино зохиол бичиж 1945 онд төрийн шагнал хүртсэн. Мөн “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээсэн юм.

“Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Энэ удаа нэрт орчуулагч, зохиолч Б.Ринченгийн тухай “Эх хэлээ эс мэдвээс элэг доог болохын зовлон буюу” хэмээх нийтлэлийг уншигч танд цувралаар хүргэж байна. Дээрх нийтлэлийг Монгол телевизийн ахмад сэтгүүлч Магсарын Чойжил багш минь “Зохист Аялгуу” сонины 1993 оны зургаадугаар сарын дугаарт гаргаж байжээ.

Үргэлжлэл

Тэрээр гялалзтал арчсан самбарын дэргэд цэрд барин зогсох нь номын олон шавьтай эрдэмтэн багшийг арга буюу санагдуулна.

-Одоо чинь гүүг хараад “эмэгтэй морь” гэж айлддаг хүн бий болжээ. Нэг ч илүү дутуу үггүй, өөрөөр хэлбэр сул үггүй хэл бичгийн хэлээр ярьж сурах хэрэгтэй. Олон цөөн тооны талаар ярихад “нуудын” бөөс, хуурс их байна гээд самбар дээр “хонь” гэдэг үгээр жишээ аван ганц тоо-төрөл тоо, олон тоо, хэсэг тоо гэж дугуйлан хооронд нь сумаар зааж холбон тайлбарлав. Монгол хэлний нэр үгийн тооны ай энэтхэг, европ хэлнийхээс эрс ялгаатай. Монгол хэлэнд ганц олон тоо ай байхгүй, төрөл тоо, хэсэг тоо гэж байдаг гээд монгол хэлэнд хонь гэдэг нэр үг ганц ширхэг хонийг нэрлэсэн зүйл огт биш, бусад малаас ялгаатай нэгэн төрлийн амьтныг нэлээр нь тэр гэж хонь хэмээн нэрлэсэн нэр болж байга юм.

Ингэхээр тооны айг монгол хэлэнд илэрхийлж буй арга тогтолцоог дан ганц хэл зүйн ай болох талаас нь бус утгазүй, өгүүлбэр зүй, мэдээллийг бие биедээ дамжуулах байдал зэрэг олон талаас нь авч үзвэл зохих ажээ.

-Та нар олон “уудыг” зад самнаж хаях хэрэгтэй. Малууд гэвэл хэсэг тэнэг хүнийг хэлж байна. Нэг тоон дээр нэр, хоёр тоон дээр хоч болох нь тэр. Үхэр гэдэг том амьтан, таван хошуу малын нэг, тэнэг хүн, үхэр буу, үхэр бүрээ,

Онгоц гэсэн хонхор юм ажээ. Худгийн онгоц, халуун усны онгоц, хүжний онгоц гэх жишээтэй. Төмс гэж хүнсний ногоо, засаа, сараана (сэрвэлгэнэ). Сангийн аж ахуйд тарьдаг төмс, салтайнд байдаг төмс аль аль нь бөөрөнхий. Нэг орос докторт миний төмс (картошка) өвдөж байна гэхэд нь гайхаад ойлгоогүй гэдэг. Гавьжийн дугуй гэвэл шар тосонд чанасан гурилан боов. Салтайнд хавчдаг дугуй гэвэл унаж давхидаг дугуй.

-Банзал гэдэг үг гучаад оны дундуур гарчээ. Гомбожавын лаборант бүсгүй Дариймааг Намын төв хорооны дарга Лувсаншарав эргүүлдэг байжээ. “Юбка” эргүүлдэг гэсэн үнгээс үүсчээ. Ингээд банзал Дариймаа гэсэн хочтой болжээ. “Гууль нь цухуйна” гэдэг нь дархчуулаас гарчээ. Алтадсан бурхны гууль цухуйжээ гэсэн үг.

-Манайхан сүүлийн үед “замаар”, “арга хэмжээ” гэдэг үгийг их ярьж бичдэг болжээ. Аягүй бол дарга нар “Би авгайтайгаа хайрлах замаар танилцсан”, “хоол хийх арга хэмжээ ав” гэж ярьдаг байх. Мөн ашиглалт, хураалт, хадгалалт, эсхүл явагдаж, хийгдэж, зохиогдож гэх мэт идэвхгүй үг их хэрэглэж байна. “Би хүргэгдэхийг хүсэж байна. Үдийн цай уултын цаг болчихлоо” гэх нээ. Таалагдаж гэж өөрөө өөрийгөө хүндэтгэсэн хэрэг. “Богд хатнаа таалдаг байсан” гэвэл өөр хэрэг. Хоолоо чихээд хонхойгоорой. Хоол гудраад ширгээрэй гэж нэг нь ярихад нөгөө нь “Та хоолоо зооглоод нойрсоорой” гэнэ.

-Нөхөр (нөхөх) дутууг нөхөх гүйцээж өгөх, хүч нэмж, сэтгэл гонсойсон бол сэргээх гэсэн утгатай бол сохор, ёдор гэж өөрөө л тийм болчихсон юм гэсэн санаа агуулжээ. Хөтөвч гэж туригээр бөгсөө шургуулдаг юмыг хэлжээ. Бод-бодь-бодис гэсэн үг үүснэ. Хээр морь, хээрэгч гүү. Хүрэн шар-хүрэгч үнэ. Жин, чин гэсэн эм хүйс байжээ. Уйгаржин бичгээр малч-эр, малж-эм гэх нь бий.

Дээр үеийн захын чавганц нар шүлэглэн ярилцдаг байжээ. Гэтэл та нар монцамэ-гийн модон хэлээр ярьж жингийн сүүлийн нохой мэт чирэгдэж байна. Аялгуу, царай нь Монгол мөртлөө гарч буй үг нь хаашаа юм бэ дээ гэж гайхмаар. Орос хэлийг хараагүй буугаар чиглүүлэн бууддаг улс орон болжээ.

Хичээнгүй сайд (Ерөнхий сайд асан Цэрэндорж) нэг удаа орос хэл мэддэг Цэвээн Жамсранов, Батхаан бидний хэдэн хүнийг дуудаад “Академия науки” гэж Монголоор юу гэсэн үг вэ гэж асуухад нь ядаад орчуулж чадсангүй. Их ухаантан Платон анхны сургуулиа эртний Грек домгийн баатар Академийн нэрэмжит цэцэрлэгт байгуулснаас энэ үг үүсчээ.

-Арван жилийн дараа (поступь) –Арван жил алцайтал алхжээ. Ядахдаа хамуутай хар даага унахгүй яав даа. Нэгдлийн гишүүд явгарчээ. Үүнд үгийг нь олж чадсангүй. Прошу-гуйна. Ард ганцхан юм гуйж байв. Амь гуйж байлаа. Балар засгийн үед гуйгаагүй юмаа гэгээн засгийн үед гуйх муухай яа.

Жить-амьдрах, суух, амь зуух, амь залгах, амь зогоох. Хулан говьд байдаг гэхээс биш амьдардаг, суудаг гэхгүй. Өвгөн эмгэн хоёр байжээ гэхээс биш амьдарч байжээ гэдэггүй. Любовь-хайртай гэсэн үг. Дурлал гэдэг нь орооны үг гэж боддог. Золотая руки-алтан гартай гэх юм. Энэ чинь хиймэл гартай гэсэн үг. Уран гэвэл болно. Эрхийдээ эрдэмтэй, хуруундаа хувилгаантай. Ойрын өдрүүдийг мөд гэвэл авсаархан. Дайны жилүүдэд, ардын засгийн жилүүдэд гэвэл хэмжээтэй болжээ. Яагаад гэвэл он жил хоёр ялгаатай. 1-р сарын 1-нээс 1-р сарын 1 хүртэл он, 7-р сарын 11-нээс 7-р сарын 11 хүртэл нэг жил юм. Зудын жил, ардын засгийн үед гэвэл болно.

-Чучело-садага. Дөрөв таван эвэртэй ямааг богдод бэлэглэж байжээ. Классический язык-номын хэл гэхээс биш сонгодог хэл гэдэггүй. Великий сын-хоёр хүүгийн том нь гэсэн үг. Хүү гэж дүү хүнээ хэлнэ. Великий сын гэж их хүн гэсэн үг. Ленинг оросын ард түмний их хүү гэвэл энэ хүн нас бартлаа хүн болж чадаагүй хүү байсаар байгаад өнгөрчээ гэж бодох сон. Прямая кишка-шулуун гэдэс гэм юм. Хөдөөний авгайд,

-Шулуун гэдэс чанаад өгөөч гэвэл инээдэм болно. Хошного, гургалдай, жонгой гэж янз янзаар ярьдаг. Красный уголок-улаан булан гэсэн үг биш хүндэтгэлийн хойморь гэсэн юм.

Үргэлжлэл бий...

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.