Жүжигчин С.Болд-Эрдэнэ: Бүсгүйчүүдийг хэрхэн "агнадаг" талаар хэлж болох л юм

Twitter Print
2015 оны 04-р сар 18-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин, орчин үеийн "Гамлет" гэхээр хүн бүхний санаанд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ буух биз ээ. Тэрбээр “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг” зэрэг драм гэхээсээ илүү дэлгэцийн урлагт одтой нэгэн гэж дуудуулах нь элбэг. Сүүлийн үед тэрбээр хамгийн үнэтэй жүжигчний нэгт зүй ёсоор тооцогдох болсон. Тайз, дэлгэцийн олон бүтээлээр үзэгчиддээ уулзан, хүмүүст ухаарал, инээд баясал бэлэглэдэг энэ гайхалтай эрхэм анх удаагаа инээдмийн кинонд тоглосон тухайгаа хуучилсан юм. 

-Таны тоглосон “Анчид” киноны талаар яриагаа эхлүүлье. Их өвөрмөц утга агуулгатай кино шиг санагдлаа?

-“Анчид” кино маань их сайхан уран бүтээл болсон. Анчид гээд нэрнээсээ л их утга учиртай. Эр хүн ан агнаж, овоон дээр гарч хийморио сэргээдэг. Харин манай киноны хувьд ан гөрөө хийж, үргээлэг тавих уу, үгүй юу гэдгийг үзэгчид маань өөрсдөө үзэж нэгийг тунгаан бодох бизээ. Дуучин, жүжигчин П.Баярцэнгэлтэй анх удаа хамтран “Анчид” кинонд тоглосон. Инээдмийн хөнгөн жанрын уран бүтээл учраас бид инээдмийн баярын өдөр киноныхоо нээлтийг хийсэн. Миний хувьд Батаа гэх залуугийн дүрд тоглосон. Киноны утга санаа нь хүн амьдралынхаа аз жаргалыг үргэлж хайж байдаг. Тэр аз жаргал дэргэд нь байгааг төдийлөн анзаарахгүй өөр ертөнцөөс хайж байдаг санааг үзүүлэхийг зорьсон. 

-“Анчид” онилно, отно, уяраана, урхидна, үргээнэ, агнана. Харин бодит амьдрал дээр тэд эмэгтэйчүүдийг хэрхэн яаж агнадаг бол?
 
-Амьдрал дээрх С.Болд-Эрдэнэ огт өөр хүн. Киноны хувьд өөртөө тохирох эмэгтэйчүүдийг тэд хэрхэн яаж агнадаг, тэр нь хэрхэн бүтэлгүйтдэг тухай гардаг. Харин миний хувьд аль хэдийн заяаныхаа ханиа агначихсан шүү дээ. Миний гэр бүлийн хүн эдийн засагч мэргэжилтэй хүн л дээ. Гурван охин, нэг хүүтэй. Би эхээс дөрвүүлээ. Манай гэрийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс бий. 

-Таныг УГЗ С.Сугарын хүү гэдгээр хүмүүс сайн мэднэ. Урлагийн төлөө яваа гайхалтай гэр бүл юм?

-Нэг эгч минь л өөр мэргэжилтэй бусад нь урлагийн хүмүүс бий. Аав маань СУИС-д багшилдаг, найруулагч, багш ,УГЗ С.Сугар, ээж маань жүжигчин А.Нэргүй гэж хүн бий. Эгч маань С.Болормаа гэж Кино урлагийн дээд сургуулийн кино драмын тэнхимийн эрхлэгч, багш хүн. Ах маань цахилгаан хөгжим дардаг хүн бий. 

-Таны эгч жүжигчин С.Болормаа хэд хэдэн кино зохиол бичсэн. Тэр дундаа “Орхидос”, “Хөлтрөг” уран бүтээл нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Та “Хөлтрөг” уран бүтээлд ерөнхий найруулагчаар ажилласан. Төрсөн эгч дүүсийн хамтын уран бүтээлийн талаар эргэн дурсвал?

-“Хөлтрөг” киноны зохиол 2012 онд бичигдсэн. Манай төрсөн эгч С.Болормаа зохиолыг нь бичээд тэрнээс хойш киноны бэлтгэл ажлаа хийгээд, ямар жүжигчид тоглуулах, ямар дүрүүд байвал зүгээр вэ зэрэг асуудлаа бодож, наадмын дараахан зураг авалтандаа орсон. Киноны дүр сонголтын хувьд гол дүрийн жүжигчин Н.Ялалт, О.Долгор, Төрийн соёрхол гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, залуу жүжигчин Баттогтох, Мөнхсоёл, бяцхан хүүхдийн дүрд н.Бат-Эрдэнэ, Ирмүүн зэрэг уран бүтээлчид тоглосон. Сэтгэхүйн драм чиглэлийг баримталж хийх гэж оролдсон уран бүтээл болсныг кино шүүмжлэгчид анзаарсан лавтай. Кино дэлгэцнээ гарснаас хойш гадуу аймшгийн кино гэх яриа гаргаад авсан. Яг үнэндээ үзэхэд манай кинонд нэг ч аллага, хүчирхийлэл, сексийн буруу сурталчилгаа, банк ухах, буу шийдмээр оролдсон, буруу зүйлд уриалан дуудсан ямар ч зүйл байхгүй. Харин хүний амьдралд тохиолддог ер бусын зүйлийг харуулахыг зорьсон доо. 

-“Драмын 4”-ийнхэн тус тусынхаа уран бүтээл туурвиад маш олон жил боллоо. Саяхан жүжигчин Г.Эрдэнэбилэг “Аав” киноны ерөнхий найруулагчаар анх удаагаа ажиллаа. Таны хувьд ч гэсэн дэлгэцийн уран бүтээлийн анхны найруулга байх?

-Манай Г.Эрдэнэбилэгийн анхны уран бүтээл нь маш сайн болсон. Эцэг хүн гаднаа хэдий хатуу боловч дотроо хичнээн уужим, зөөлөн хүн байдаг билээ. Эби маань киноныхоо нээлттэй зэрэгцэн шинэ хүнээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгасан. “Аав” анхны уран бүтээлээр аав гэж дуудуулах үрээ өлгийдөн авна гэдэг бол маш сайхан билэгдэл юм. 

“Хөлтрөг” кинонд би ерөнхий найруулагчаар ажилласан. Продюссерээр нь миний багын найз Энхбаяр гэж залуу ажилласан. Миний хувьд одоогоор 20 орчим кино, 60 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон байна. Харин “Хөлтрөг” найруулж үзсэн анхны кино маань байсан. Найруулагч хийнэ гэдэг бүх хариуцлагаа үүрээд, сонголтоо хийгээд, бүх шийдлээ гаргаж байдаг. Тухай киноны хувь заяа найруулагчтай шууд холбоотой байдаг юм билээ. 

-Театр, дэлгэцийн уран бүтээлээс хамгийн анхны дэлгэцийн инээдмийн бүтээлд тоглосон. Дахин энэ жанрын бүтээлд тоглох бодол бий юу?

-Театрын хувьд тайзнаа инээдмийн жүжигт тоглож байсан гэхээс биш инээдмийн уран сайхны кинонд тоглож байгаагүй юм байна. Анх удаагаа дэлгэцийн “Анчид” дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаа. Дахин киноны санал ирвэл тоглох бодол төрж байгаа шүү. 

-Театрын уран бүтээлээсээ гадна хувийн уран бүтээл хийхийг зөвшөөрдөг үү, яаж зохицуулдаг вэ?

-Ер нь бол хэцүү. Бид драмын театрын тайзнаа амилсан дэлхийн сонгодог жүжгүүдээс үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн. “Эдип хаан” эмгэнэлт драм, “Парисийн дарь эхийн сүм”, “Нора”, “Кихот ноён”, "Гамлет" зэрэг сонгодог жүжгийн өдрүүд явагдсан. Мөн УДЭТ-ын хамт олон маань Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд зориулж аялан тоглолтоо хүргэх гээд маш их завгүй ажиллаж байна. Бид залуу байгаа учир өөрсдийнхөө үзэл бодол, сэтгэлгээ, хийж бүтээе гэсэн чин хүслээр нэгдэж хэдэн уран бүтээлчид хувиараа кино бүтээл хийдэг л дээ. Гэхдээ энэ ажлыг амжуулахын тулд театрынхаа ажлаа хаяна гэж байхгүй. Тийм болохоор театр зун амарч байх үед нь киноны уран бүтээлээ хийж аль болох зохицуулаад явахыг хичээдэг дээ.

-Таныг их хатуу ширүүн хүний дүр бүтээдэг гэж хүмүүс ярьдаг. Та санал нийлэх үү?

-Угаасаа жүжигчний мэргэжил их хэцүү. Бүтээсэн дүрээ хүнд хүргэх, дүр болгох үүднээс нь ажилладаг. Жүжигчин хүн дүр голох ёсгүй. Тиймээс ямар дүр ирнэ түүнийг амилуулах ёстой. Тэр ч утгаараа дүрийн судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Яахав хүмүүс тоглосон дүрээр нь сэтгэлдээ тод буулгаад авчихдаг. Гэхдээ амьдрал дээр тийм ширүүн, дорвиун зан байхгүй.

-Та тэр болгон сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Магадгүй таны дотоод ертөнцийг таньж мэдэх амаргүй юу?

-Нэг их нууцлагдмал биш шүү дээ. Урлагийнхан бид чинь цаг наргүй л ажил ихтэй хүмүүс. Театр, хувийн уран бүтээл, гэр бүлийн амьдрал гээд л нэг мэдэхэд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд байдаггүй. 

-Урлагийн гэр бүлээс өөрийнхөө мэргэжлийг сонгосон. Харин хүүхдүүдээ урлагийн хүн болоосой гэх бяцхан хүсэл төрөх юм уу? 

-Хүүхдүүд маань өөрсдийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох байх. Том охин маань хөөрхөн өгүүлэмжтэй өгүүллэг энэ тэр их сонирхож бичдэг л дээ. Гэхдээ охидуудаа жүжигчин мэргэжил сонгох вий гэж эмээдэг шүү. Эмэгтэй хүн жүжигчин байх хэцүү. Цаг наргүй л ажиллаж, хөдөө гадаа их явдаг учраас ар гэрийн асуудал хаягдах гээд байдаг. Гол нь эцсийн сонголтыг тэд өөрсдөө л шийднэ.

-Сүүлийн үед Монгол кинонууд борооны дараах мөөг шиг олшрох болж. Үүнийг дагаад болсон болоогүй уран бүтээлүүд гарч байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манайд кино урлагийн салбар өсөн дэвжихийн хэрээр уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн гарч ирж байгаад би хувьдаа сайшаадаг. Гэхдээ хэт нэг талыг барьсан кинонууд их болж дээ гэсэн сэтгэгдэл төрдөг шүү. Хамгийн гол нь муу байна гэж шүүмжлэхээсээ илүү кино урлагаа дэмжсэн төрийн бодлого дутагдалтай байна. Хичнээн их хөрөнгө мөнгө зарцуулна, төдий чинээ сайн кино бүтнэ. Тиймээс киночдыг буруутгаад байх зүйлгүй. Тэд чинь чадлынхаа хэрээр л шинэ уран бүтээл гаргаж үзэгчиддээ хүргэж байгаа.

-Монгол жүжигчид эхнээсээ Холливудын кинонд тоглоод эхэллээ. Энэ үеийг Монголчууд бид их хүлээсэн. Магадгүй дараагийн баярт мэдээг та дуулгах тэр сайхан ерөөл хүсье. 

-/инээв/ Баярлалаа. Сайхан билэгшээлтэй ерөөл байна. Манайхан гадны киночдод ямар уран бүтээлчид вэ гэдгээ харуулах цаг нь болсон. Эхнээсээ Холливудын улаан хивснээ алхаж, үндэснийхээ дээл хувцсаараа гоёж, улс орныхоо нэрийг гаргаад ирлээ. Энэ бол дэвшилт. Монголчууд бид гайхалтай бахархмаар сайхан түүхтэй ард түмэн гэдгээ байнга санаж явах хэрэгтэй. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • neeree shuu

      (203.194.118.47) 2015-09-17 09:42
      • 0
      • 0

      sain jujigchin

      Хариулах

    • selii+

      (112.72.6.174) 2015-04-16 14:50
      • 0
      • 1

      Egel mortloo aguu.Xunii xair xundlel tatsan sain ch saixan ch jujigchin shu.Amjilt.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.150) 2015-04-16 00:31
      • 0
      • 2

      юун кино урлаг дэмжих төрийн бодлого вэ, цэвэр зах зээл, үнэхээр сайхан кино бол үзнэ, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх киног зөвхөн мөнгөөр хийдэггүй юмаа, юм болгон дээр төр төр гэхээ больмоор юм, кино бол цэвэр сонирхогчдын түвшинд байгаа, мэргэжлийн кино үнэндээ алга. яваандаа шигшигдээд шалгараад гараад ирэх байлгүй дээ. энэ киноны хувьд яахав дээ байдаг л нэг, тиймэрхүү л кинорхуу юм болсон байна лээ, гэхдээ зөвхөн нэг л үзэгчийн бодол, зохиол дажгүй ч найруулга, жүжиглэлт жаахан тиймхэн санагдсан.

      Хариулах

    • Зочин

      (79.82.4.225) 2015-04-16 00:16
      • 0
      • 2

      nadad taalagddag

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.100) 2015-04-15 23:35
      • 0
      • 2

      Mongol Gamlet! Great!

      Хариулах