
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр талууд Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Корво хотод байрлах үйлдвэрт 600 мянга гаруй АК-203 автомат бууг хамтран үйлдвэрлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн даваа гарагт уулзаж, уг гэрээнд гарын үсэг зурцгаасан ба "Калашников" компанийн Ерөнхий захирал Владимир Лепины онцолсноор Энэтхэг дэх АК-203 автомат бууны үйлдвэрлэл ойрын саруудад эхлэх аж.
Өмнө нь Энэтхэгийн Хиндустан Таймс сонин хоёр улс нийт 677 сая ам. долларын үнэ бүхий 500 мянга гаруй АК-203 автомат буу үйлдвэрлэх гэрээ байгуулсан талаар бичиж байсан аж.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх өарийн твиттер хуудаснаа хоёр улс батлан хамгаалахын салбарт хэд хэдэн гэрээ байгуулсан явдалд баяртай байгаагаа илэрхийлсэн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хийсэн хэлэлцээрүүд "үр өгөөжтэй, өргөн хүрээний агуулгатай" байсныг онцолжээ.
Энэтхэг улс ОХУ-ын зэвсгийн гол импортлогч орон бөгөөд тус улс 1991 оноос хойш ОХУ-аас нийт 70 тэрбум ам. долларын үнэ бүхий зэвсэг, цэргийн техник худалдан авчээ. 2018 онд Энэтхэг улс ОХУ-аас пуужин устгах С-400 систем худалдан авах гэрээ хийсэн ба гэрээнд Энэтхэгийн тал нийт 5.43 тэрбум ам. долларын үнэ бүхий 5 нэгж С-400 систем худалдан авах тухай тусгагдсан байжээ.
Өнгөрсөн сарын 15-нд "Рособоронэкспорт" ОХУ-ын төрийн өмчит компанийн Ерөнхий захирал Александр Михеев ОХУ Энэтхэг рүү С-400 системийг нийлүүлж эхэлсэн талаар мэдэгдсэн ба түүний мэдэгдсэнээр энэ оны сүүл гэхэд Энэтхэгт эхний С-400 системийн хэсгүүдийг бүрэн нийлүүлж дуусах аж.
Өнөөдрийн байдлаар Энэтхэгт ОХУ-ын Т-90С танк, Су-30МКИ 4 дэх үеийн сөнөөгч онгоц, "БраМос-2" дуунаас хурдан пуужингийн үйлдвэрлэл тус тус явагдаж байна.
Мөн Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр ОХУ-ын "Ростех" холдингтэй хамтарсан үйлдвэрт АК-203 автомат буу, Ка-226Т нисдэг тэрэг үйлдвэрлэж эхлээд байгаа аж.
Тэрчлэн Энэтхэгт зөөврийн зенит пуужингийн "Игла-С" комплексийг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. ОХУ Энэтхэг улсад МиГ-29, Су-30 сөнөөгч онгоц, Ка-31 нисдэг тэрэг худалдах гэрээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.