Сансрын уудамд мөрөө гаргасан анхны хүн

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хүн төрөлхтөн сансрын уудамд гарсан өдөр. Тэрхүү баатарлаг үйлсийн эзэн нь аугаа их Зөвлөлтийн ажилчин ардын төлөөлөл Ю.А.Гагарин билээ. Одоогоос 54 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байна.

Цаг болжээ. 1961 оны 4-р сарын 12-ны өдөр Ю.А.Гагарин “Восток-1” сансрын хөлгөөр хөөрөлт хийхээр болж нислэгийн буудалд бэлэн байдалтай ирлээ. С.Королёв өмнөх нислэгүүдийн үр дүнгээс дүгнэлт хийн энэ удаа Ю.А.Гагарины амьд үлдэх боломж маш бага байгаа хэмээн бодож байв. Ю.А.Гагарин хүн төрлөхтөний түүхэнд нэрээ үлдээх түүхэн даалгавар биелүүлэхээр “Восток-1” хөлгийн бүхээгт суухдаа "Я все равно вернусь, друзья мои" хэмээн хэлсэн юм. Сансрын станцын бэлтгэл ажил дуусч, Ю.А.Гагариныг хөлөгт суулган нисгэх агшинд тэрээр эх дэлхий дээрх сүүлчийн үгээ хэлсэн юм.

1961 оны 4-р сарын 12-ны өдрийн өглөөний 9 цаг 6 минут " Поехали..."

Таван минутын дараа хүн төрлөхтөний түүхэнд Ю.А.Гагарин эх дэлхийг сансараас харсан хамгийн анхны хүн болсон юм. Найман минутын дараа тэрээр жингүүдлийн байдалд орсон бол дөчин минутын дараа гүн нойрондоо автаж буй Америкчуудын дээгүүр нисч өнгөрсөн юм. Нислэг эхлэсэнээс хойш 60 минутын дараа Ю.А.Гагариныг дэлхийд буцаан авчирах ажиллагаа эхэлсэн. Улмаар “Восток” хөлгийн капсулыг тойрог замаас гарах тийрэлтэт хөдөлгүүрийн ажилд залгасан юм. Байконурын сансрын буудлын удирдлагын өрөөнд байсан бүх хүн итгэл найдвар өвөрлөн чив чимээгүй радио холбоо орж ирэхийг хүлээн зогсоно.

Саратов мужийн Сталинград хотоос 110 км зайд орших агаарын эсэргүүцэх цэргийн анги нэгтгэлийн радарт үл мэдэгдэх биет ойртон ирж байгааг мэдээллэсэн байна. Энэхүү үл танигдах нисдэг биетэд сууж яваа үл таних хүн нь сансарт 108 минут ниссэн зоригт сансарын нисгэгч Ю.А.Гагарин байлаа. Түүнийг эх дэлхийдээ газардахад хамгийн анх уулзсан хүмүүс нь хамтралын ажилчин эмэгтэй Анна Акимовна Тахтарова болон түүний 6 настай зээ охин Рита нар байсан юм.

Энэхүү түүхэн нислэгийн талаар дэлхийн улс орнууд янз бүрээр мэдээлэл хүлээж авсан. Он цаг улиран өнгөрөвч хэзээ ч мартагдашгүй гайхамшигт нислэгийн талаар бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна.

Ю.А.Гагарин: Сансарт хүний оюун санаа хямралд ордог ч би хүүхэд тэвэрсэн эх хүн харсан

Хүн төрөлхтний дундаас анх сансарт ниссэн Ю.А.Гагарины амьдрал тэр чигээрээ онцгой өнгөрчээ. Түүний хүүхэд ахуй наснаас эрийн цээнд хүрэх бүх амьдрал нь жинхэнэ коммунист үзэл суртал дунд өнгөрсөн юм. Үүний нөлөөгөөр чөтгөр шулам хий үзэгдэл, далдын хүчинд огт итгэж байгаагүй гэхэд болно. Мэдээж тийм ухамсартай хүн л тухайн үедээ ЗХУ-ын хамгийн өндөр боловсон хүчин бэлтгэдэг сургууль дүүргэж олон сая хүний бахархал болон сансрын уудамд гарч чадсан байх. Гэхдээ сансарт нисээд ирсэний дараа Гагарины итгэл үнэмшил нь өөрчлөгдсөн гэдэг. Ю.А.Гагарин анх сансарт нисээд эсэн мэнд буусаны дараа ЗХУ-аар тогтохгүй дэлхий нийтэд алдартай хүн болсон. Дэлхий нийтэд алдар нь түгсэн орчин үеийн сансрын төхөөрөмжийн нууцыг мэддэг хүн АНУ зэрэг хөрөнгөтөн улс орон руу цагаачлан гарч магадгүй гэж хардсанаас хэд хэдэн чекист дэргэд  нь ажиглаж байсан тухай хожим бичжээ.

Өөрийг нь тандах зорилгоор болздог болсон КГБ-ын офицер А.Людмила хэмээх залуухан бүсгүйд “би ахиад хэзээ ч зүглэхгүй” гэж хэлж байжээ. Энэ бүгд нь “Арай АНУ-ын сансрын нисгэгч нартай хиймэл дагуул дотор уулзсан юм биш биз дээ” гэж хардсан хөгийн яриа гаргахад хүргэсэн аж. Учир нь тухайн үед ЗХУ, АНУ хоёр сансар огторгуйг эзэгнэх гэж улайран өрсөлдөж, Америкийн хэдэн хүнгүй хиймэл дагуул нэгэнт тойрог замд орчихсон байсан юм. Дэлхийг тойроход 109 минут буюу бараг 2 цагын хугацаа байсан тул ингэж хардах боломжтой байв.

“Восток” хөлөг 30 дахь минут эхэлсэний дараа тохиолдсон талаар ярих боломжгүй гэж эрс татгалзаж байгаа нь сонирхолтой. Ю.А.Гагарины тэмдэглэлд: “Төвтэй холбоо барьсаны дараа хөлгийн бүх систем хэвийн ажиллаж байна 19:30 минут. Энэ үед би нүдэндээ ч итгэсэнгүй. Хөлгийн цонхон дээр хүүхэд тэвэрсэн эх хүн зогсож байхыг би өөрийн нүдээр харлаа. Сансарт хүний оюун санаа хямралд орж элдвийн зүйл харагдаж болох ч энэ яг бодит зураг байв. Би ахин төвтэй холбоо барих гэсэн ч систем ажилласангүй. “Та юун хүн бэ?” гэж асуусан боловч хүүхэд тэвэрсэн бүсгүй хуруугаа уруулдаа хүргэж чимээгүй байхыг сануулсанаа доош нь хүүхдээ унагаачих нь тэр. Үүнийхээ дараа “чи анхны төмөр хөлөг сансарт авчирсан хүн боллоо. Дахиж ийм хөлөгтэй битгий наашаа гараарай. Сансарт хөлөгөөр биш өөр зүйлээр ирдэг юм” гэж хэлсэнээ хөлгийн бүхээгнээс гараараа түлхэн цааш жингүйдэн харанхуйд уусан алга болсон. Үүний дараа сэхээ орвол холбоо хэвийн ажиллаж төвөөс намайг дуудаж байсан. Би харсан зүйлийнхээ талаар юу хэлсэнгүй “бүгд хэвийн сайн ажиллаж байна гэж хариулсан” гэжээ.

Тухайн үед ЗХУ-ын дээд удирдлага Ю.А.Гагариныг хашир туршлагатай хүн тул дахин сансарт нисгэж илүү хүндхэн даалгавар биелүүлүүлэхээр төлөвлөж байв. Гэвч Байконурын орчим цэргийн жижиг онгоцоор сургуулийн нислэг хийх үедээ дэлбэрч амь үрэгдсэн билээ. Тэрбээр ахин нисэх дургүй байсан учраас зориуд амиа хорлосон гэж зарим нь ярьдаг. Дээд коммандлал нь Ю.А.Гагарин сэтгэл санаа нь тогтворгүй болоод сансрын нууц алдах магадлалтай болсон тул онгоцны системд гажиг суулган нисгэж хорлосон гэдэг таамаглал ч байдаг. Түүнчлэн Ю.А.Гагариныг онгоцтойгоо сүйрэх үед хажууд нь нисдэг таваг шиг зүйл үзэгдсэн тухай шуугиан ч гарч байжээ. Ямар ч байсан дэлхийн анхны сансрын нисгэгч тойрог замд юу харсан, чухам яагаад удалгүй осолдсон зэрэг нь өнөөг хүртэл тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн юм.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.