Хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр ээ...

Twitter Print
2021 оны 05-р сар 03-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Франкфуртын амьтны хүрээлэн дэх монгол тэмээний тухай өр өвтгөм мэдээлэл их шейрлэгджээ. Их төстэй явдалтай би 2008 онд учирч билээ. Египетэд амьтны хүрээлэнд тарчилж байсан монгол тэмээний тухай "Тамд унасан тэмээ" гэдэг тэмдэглэл бичиж байснаа оруулав.

...Кайрын амьтны хүрээлэнгээр зугаалж явсан Монголын сэтгүүлчдийн чихэнд “Танай нутгаас ирсэн тэмээ энд бий” гэх үг хачин содон сонстож нэг бөхт тэмээний нутагт үзмэр болж буй хоёр бөхтөө үзэхээр сониучирхан очицгоов. Тэнд бид юу харсан гэж санана. Нүд халтирч самсаа борхироод өөрийн эрхгүй нүүр бурууллаа. Тэнүүн говьдоо нүд хужирлаж явсан тэнгэрийн амьтан маань энд усны амьтан шиг улаан шир болчихсон, ширхэг ч үс хялгасгүйн дээр ширээ бөх нь гүрдгэр хөх биеэ дагаж унаад тамд унасан зовлонтын дүрийг энэ насанд мартахааргүй шингээн угтлаа.

Төмөр торон хашааны хаягдмал буланд эвдэрч тарж уначихсан тэмээний амьд шир, бурхан минь тэмээ гэж хэлэхэд ч хэцүүтэйеэ амьтан хүзүүгээ сунгаад амь тавих цаг мөчөө тоолон хэвтэж байлаа. Азиас ханьтайгаа ирсэн гэх тэр амьтны “эр нөхөр” нь хэдийнэ хүний нутагт ясаа тавьжээ. Үр зулгзага нь болох нүцгэн хөх ботго далайн байцааны навчинд амиа тавьж өөрийг нь үзэхээр ирсэн гадныхны гараас навчийг булаахаар хомхойрон үхэлдэх нь эгээ л нохой шиг. Монгол мал гэж хэлэх арга алга. Баян арабууд хүүхдүүдээ зугаацуулан мөнөөх тэнэг амьтныг байцааны навчаар хууран хүссэн газар руугаа нохой шиг дагуулан очиж торны наанаас патиар татуулцгаах аж. Нүд хальтирч зүрх шимшрэм эл зургийг харж алмайрсан бидний хэдэн нөхөд сэтгэлээ өвтгөн байж тэмээгээ дуудлаа. “Сөөг сөөг, сөөг сөөг”.

Гэтэл хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус, зовхио нээхээс ч түүртэж байсан тэр муу амьтан элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр. Дэнхэн данхан гэж гуйвж ганхсаар салгалаад ирэхдээ бөн бөн нулимстай байлаа. Бүсгүйчүүд нь орь дуу тавин халаглаж эрчүүд маань хүртэл шимшрэлийн гашуун нулимсаа гүдхийтэл залгисан шүү. Хий дэмий л ам нь ангалзан хүзүүгээ гүрдийтэл зүтгэлэх тэмээний нүднээс бөөн бөөн нулимс унасаар.

Дотор сэтгэлдээ орь дуу тавихын хэрээр дуу хоолойгоо түгжин бүлхэрч зогссон надад “Буу байгаасай. Хөөрхийг зовлонгоос нь салгаж буян үйлдчихээд буцах сан” гэх арга барагдсан бодол элэг мэрж байлаа. Бурхан минь, бүү үзэгд. Амьтны хүрээлэн гэдэг чинь амьтны тамюм байна шүү дээ хэмээн өөр хоорондоо эрээнтсэн хоолойгоор ярилцах зуураа тэмээнийхээ аманд байцааны навч дөхүүлцгээсэн ч навч ч зажлах тэнхэлгүй болсон тэр амьтны нүдэнд Монголын уудам нутаг театрын хөшиг хаагдах шиг харанхуйлан үзэгдээд зүгээр л гашуун усан дуслууд бөмбөрөн хулжиж байлаа. Энэ насанд бодол сэтгэлээс арилахгүйгээр яс маханд хагадаж үлдэх эмгэнэлт зураг.

Амьтны хүрээлэнд анааш үзэхээр зорьж ирсэн эх газрын хэдэн монголд анааш заанууд арилан одож, ахиад юу ч үзэж харах хүсэл сонирхол хэдийнэ мартагдан хөшицгөөжээ.

Удтал зовлон ярьж тарчлан зогссон бид “Буцъя, больё” гэж үг солилцоод эргэхүй сөөнгөтөн дуугарах зовлонт тэмээний буйлаан яг л золбин жингэр тарчлан гинших шиг гаслантай сонсогдов оо. Дэмий л дотор сэтгэлээ сэмлэж, урагдах дуунд нь хоргодсоор автобусандаа суугаад буудлаа зорин явахдаа бид хэлж боломгүй хүнд гунигт цөмөөрөө автаж дуу шуугүйхэн харьсан билээ.

Ийн үзэхүй монгол хүн, монгол нутаг хоёр хэзээ эртийн, хэний ч таашгүй тийм амин холбоотойгоо ухаарч бурхадын шүншигт нутагтаа бушуухан эгэхийн далд хүсэлд автаж явсан. Бас нэгэн ухаарал гэмшиглэн хальт зурсхийсэн нь, хэзээ ч бид монгол малаа харьд өгч болохгүй юм байна, нэгэнт монгол нутгаа олж төрсөн амьд амьтныг ухаант хүн ингэж тарчлаан зовоож, тамд өгчилгөх нь хэдэн төрөлд өршөөгдөмгүй нүгэл болно гэж бодогдсон шүү.

Манайхан сүүлийн үед гадаадын төр засгийн томчуул болоод нэр хүндтэй нэгнийг айлчлан ирэхэд шандаст хурдан хүлгүүдээ хадаг сүүтэй барьж, ёслон хүндэтгэдэг болсон нь нүдэнд харагдаж, учир төөргийг нь мэдэхгүй алс руу унаа хүлгээ ийн блэг болгон илгээх нь хичнээн гунигтай тухай эрхгүй санааширч явлаа. Буянт малдаа буруу санадаггүй монгол түмний их ухаанаар энэ асуудалд хандах ёстой юм байна гэдгийг хаа холын халуун орны бүгчим тэнгэр дор мэдэрснээ та бүхэнтэйгээ цухасхан хуваалцахад ийм буюу.

Б.Занданхүү

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.