Улаанбурхан өвчний чухал шинж тэмдгүүд

Twitter Print
2019 оны 03-р сар 28-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

IX зууны үед Арабын эмч Rhazes улаанбурханы эмнэлзүйн тухай бичиж Morbilli гэж нэрлэж байсан. Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас 4 хүүхэд дутмын нэг нь нас барж байсан. XX зууны эхэнд улаанбурхан өвчнийг вирусийн гаралтай  болохыг тогтоосон бөгөөд 1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийг анх ялган авчээ. 1967 онд Оросын эрдэмтэн  А.А Смородинцевын удирдсан эрдэмтэд  Улаан бурханы вакциныг  гаргаж  авсан  байна.       

Үүсгэгч болох Morbillivirus нь Парамиксовирусийн овгийн РНХ агуулсан хөхлөг гадаад бүрхүүлтэй, нуклеокапсид гемагглютинин агуулсан вирус юм.

Хэрхэн халдварлаж тархдаг вэ?

- Халдварын эх уурхай өвчтэй хүн

- Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.

- Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх  сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.

Улаанбурхан өвчний нууц үе нь дунджаар 9-11 хоног / халдвар авснаас хойш анхны шинж илрэх хугацаа/. 

Өвчин цочмог байдлаар өндөр халуурч, бие сулрах, цочромтгой, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх шинжээр эхэлж нус гоожих, хоолой сөөж олон удаа хуцуулж ханиалгах, нүд улайж, нуухдах, нулимс гоожих, гэрлээс гялбах  зэрэг  шинжүүд илэрч өвчний 1 дэхь хоногийн сүүлч 2 дахь хоногт бага арааны харалдаа завьжинд шар будааны чинээ цайвар шаргал өнгөтөй толбон тууралт гардаг. Энэ тууралт өөр ямар ч өвчний үед гардаггүй. Энэ тууралт нь 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна.

Улаанбурханы тууралтын онцлог 

Дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байх ба чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дахь өдөр их биеэр, 3 дахь өдөр мөчдөөр том толбон гүвдрүүт тууралт гарах ба энэ үед тууралт  дээрээсээ доошоо бүдгэрч хогжруут гуужилт бүхий хүрэн нөсөө үлдэнэ. Зарим өвчтөнд эрүүн доорх, хүзүүний булчирхайнууд томорч эмзэглэлтэй болно.

Өвчний  эхний  үед  вирусийн хатгаа хожуу үед нь нянгийн  гаралтай уушигны хатгаа,  зүрх судасны талаас судасны цохилт цөөрч, зүрхний авиа бүдгэрэх шинж гарч, дунд чихний үрэвсэл, ам гэмтэх, төвөнхийн үрэвсэл,  хоолойн хуурамч бачуурал, менингоэнцефалит, бүдүүн гэдэсний үрэвсэл  зэргээр хүндэрч  амь насаа алдаж болдог.

Иймээс улаанбурханаар өвчлөхгүйн тулд Улаанбурханы эсрэг товлолын вакцинд хүүхдээ хамруулах насанд хүрэгсэд өвчлөөгүй бол  дархлаажуулалтанд хамрагдаж болно.

www.uvs.moh.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.