Төрийн түшээдийн “дуэль” буюу үзэл бодлын тулаан

Twitter Print
2015 оны 04-р сар 10-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед манай төрийн түшээд, төрийн дээд албан тушаалтнууд төрийн албаны соёл, ёс зүйг уландаа гишгээд хээв нэг хэрэлдэж уралдах болж, үүнийг нь ард түмэн өдөр бүр шахам цэнхэр дэлгэцээр харах боллоо. Жирийн иргэдийн хэрүүл нэг удаа болоод өнгөрдөг бол боловсролтой, соёлтой, бидний сор манлай гэж сонгогдсон төрийн түшээдийн зөрчил хэдэн жил, сараар үргэлжилдэг аж. Тэдгээр эрхмүүдийн сонгодог жишээ бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар юм.

Энэ хоёр эрхмийн дунд байдаг хэрүүлийн гол “алим” бол шүүгчдийн цалинг тогтоох асуудал. Энэ асуудлаар боломж олдох бүр гишүүн, зөвлөлийн дарга хоёр хаана байгаагаа умартан хэрэлдэж уралцдаг болсоор удаж байна.  

2013 онд Шүүгчдийн Ерөнхий зөвлөлийн даргаар МУИС-ын Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор Н.Лүндэндорж томилогдсон. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2013 оноос эхлэн шүүгчдийн цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл дур мэдэн шүүгч нарт өндөр цалин тогтоох болсон. Энэ нь шүүгч нарын цалинг тогтоосон УИХ-ын тогтоолыг зөрчиж байна гэж үздэг. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болохоор Цэцийн гишүүд болон бүх шатны шүүгчдийн цалинг тус тусын хуулиар тогтооно гэж заасан. Энэ хуулийн дагуу л тогтоож байгаа гэж тайлбарладаг.

Энэ сарын 8-нд болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүгчдийн цалингийн тухай яригдсан. Энэ сайхан “боломж”-ийг хоёр эрхэм бас л алдсангүй, хэвлэлийнхний өмнө эрээ цээргүй, ичих булчирхаагүй хэрэлдээд авлаа.  Гишүүн “…УИХ дарга шүүгчдийн цалингийн саналыг оруулж ир гээд гурван жил өнгөрлөө. Энэ Лүндэндорж гэдэг нөхөр 3 жил гэмт хэрэг үйлдэж байгаа хүн. 15 тэрбум төгрөгийг та нар дураараа зарцууллаа. Угаасаа гэмт хэрэг үйлдчихсэн байхдаа дарга болчихсон. Та нар энэ нөхрийг хэзээ зайлуулах юм. Надтай яваад заргалдаарай, чи. Сургуулиа хоёр жил сурч төгссөн хүнийг хэн хуульч гэхийн. Чамаар 76 гишүүн тоглуулахгүй. Чи зүгээр өргөдлөө өгөөд явж үз. УИХ шүүгчийн цалинг тогтоодоггүй юм” гэхчлэн зогсоо зайгүй хэрүүлийн үг чулуудлаа. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга “…Би хууль зөрчөөгүй. Тийм ч болохоор танаас бусад нь дуугүй байна. Хуулийн дагуу үйл ажиллагааг дандаа шүүмжилдэг. Ц.Нямдорж та намайг юм л бол гэмт хэрэгтэн гэж дуудаад байна. Шүүхээр гэм буруутайд тооцоогүй хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй гээд хуульд заачихсан байгаа. Гэтэл удаа дараа миний нэр төрд бүдүүлгээр халдах юм. Төрийн түшээ хүн ингэж болдог юм уу” гэхчилэн биенээ “хэмлэж”, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг багагүй тасалдуулаад авсан.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гэж хэн бэ? 1980-1985 онд Монгол Улсын Их сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр, 1995-1997 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, дэд захирал, тэнхмийн эрхлэгч, Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан тэрээр 2013 оны 5 дугаар сарын 07 -ны өдөр Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтсан хүн гэж улс төрд нэрлэгддэг түүнийг Ерөнхийлөгч өнөөдөр чуулганы индэр дээрээс шүүхийн шинэчлэлд хувь нэмэр оруулагчдийн тоонд оруулан дурдаад авлаа.

Ойрын үед улс төрийн хүрээнд анхаарал татаад байгаа Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нарын зөрчилдөөн унтрах нь байтугай дүрэлзэх нь тодорхой болоод байна. Учир нь сүүлийн үед хүмүүсийн хүсэн хүлээдэг, олон асуултанд хариулт болдог “Цензургүй яриа” ярилцлагын цагаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж оролцох болсон тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цахим хуудаснаа зарлажээ. Энэ ярилцлага Шүүхийн шинэтгэл, шүүгчдийн цалин, бас бус төрийн түшээдийн талаар олны анхаарлын төвд байгаа олон асуултанд хариу өгнө гэсэн хүлээлт нийтийн дунд үүсгээд байна.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.