ОССК-аас ТОСК, ТОСК-аас Үл хөдлөх хөрөнгийн газар болгоод ялгаа гарах уу, сайд аа

Twitter Print
2015 оны 04-р сар 10-нд 19:11 цагт
Мэдээний зураг,

Үе үеийн эрх баригчдийн хараанд өртөлгүй өнгөрч чаддаг нэн сонин байгууллага бол одоогийн Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК. Гүйцэтгэдэг үүрэг, улс эх оронд оруулж байгаа хувь нэмэр гэх юм бараг байдагггүй энэ “цус сорогч” байгууллагыг анх Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайд байхдаа байгуулж байсан түүхтэй. 2006 оны наймдугаар сард Засгийн газрын 200 дугаар тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК байгуулагдаж байсан. Засгийн газрын гаргасан “40 000 орон сууц” хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлэх зорилгоор  байгуулагдсан ОССК үнэн хэрэгтээ Улаанбаатарт хоёрхон орон сууц бариулсан байдаг. Тэгсэн ч гэсэн энэ байгууллага байсаар л байсан. Бүхэл бүтэн яам, тамгын газраа ядах юмгүй татан буулгачихдаг төр ОССК-ийг огтхон ч анзаарсангүй юу аль эсвэл санаатай үлдээсэн үү. Үе үеийн төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад энэ сайхан сул байгууллага ямар нэгэн байдлаар таалагдсаар иржээ. Тийм ч учраас өнөөдөр ч гэсэн амь бөхтэй оршин тогтносоор байна. Чухам яагаад таалагдах болов.

Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой “40 000 орон сууц” хөтөлбөр хэрэгжиж дууссан гэх боловч үнэн хэрэгтээ зорилтот бүлэгт хүрч чадаагүй, ард түмэнд ашиггүй төсөл болсон гэж иргэд үздэг. Тухайн үед Сангийн яам бонд гаргаж, арилжааны банканд 7 хувийн хүүтэй өгч харин банкууд ОССК-д 11 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдүүлэх замаар иргэдийг орон сууцжуулсан. Ийнхүү “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” хийх ямар шаардлагатай байсан нь тодорхойгүй. Энэ асуудлаар тухайн үедээ л нэлээд маргаан дагуулж байсан ч дамжуулан зээл олгосоор хөтөлбөрийг дуусгасан. Энэ бүхнээс харахад олигархуудын мөнгө идэх нэг арга байсан гэж хардах үндэслэл бий. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн банк, барилгын компаниудыг санхүүжүүлж, барьсан орон сууцыг нь дуртай хүндээ хуваарилах гээд шийдвэр гаргагчдад ашигтай олон үйл ажиллагаа болж байсан юм.  

“40 000 орон сууц” хөтөлбөр арайхийж дууссаны дараа төрийн албан хаагчид болон иргэдэд орон сууцны урт хугацаат зээлийг олгох зорилготой хэмээн Засгийн газар 2009 онд Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөрт Засгийн газар 180 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар болсноо зарлаж байлаа. Хэдийгээр хамгийн чухалд тооцогдоод байсан орон сууцны квотыг ОССК шударгаар зохион байгуулсан гавъяатай ч зээл олгох журам нь бас л бүтэшгүй мянгуужингийн үлгэр байлаа. Метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөс хямд, улсын комисс хүлээж авсан, арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа гэсэн “аймшигтай” журмыг 4200 айл тэмцэн байж давж гарсан. Ямар ч байсан тэдгээр айлууд орон сууцтай болсон нь авууштай ч зээл олгох тогтолцоо  хуучнаараа хэдэн байгууллага, салбарыг дамнан олгогдсон хэвээрээ л байлаа. Мөн 4200 айлын хэдэн мянган хүн цөхрөнгөө бартал хайж байж хамгийн муу, хамгийн хямд, хамгийн чанаргүй орон сууцуудыг худалдаж авсанаар энэ хөтөлбөр дуусав.     

Ингээд хоёр ч бүтэлгүй хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад ажилгүй, анхиагүйгээрээ дуудуулан ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан хөлбөмбөгийн нэвтрүүлэг хөтөлсөн шигээ нэг хэсэгтээ ажилгүй суув. Эргээд харахад төсвийн мөнгөөр хэдэн арван хүнээ цалинжуулаад суугаа ОССК-ийн хэрэг ер нь байсан юм уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Анхандаа ч яахав Засгийн газар бүх эрх мэдлээ ОССК-д өгч “дархан эрх” эдлүүлж байсан. Харин сүүлд бол арилжааны банк, барилгын компанийг Засгийн газар өөрөө заагаад өгчихдөг болсон. Тэд нь өөрсдөө иргэдэд зээл олгоод, барилгаа барьчихна. ОССК ямар хэрэгтэй байсан гэж. Гэхдээ л хэрэгтэй байж.

Засгийн газраас 2010 оны 12 дугаар сард “100 000 айлын орон сууц” хөтөлбөр баталж, 2012 оны 2 дугаар сарын 21-нд жилийн 6 хувийн хүүтэй зээлийн журманд Сангийн сайд байсан Д.Хаянхярваа, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагч Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурснаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. 100 мянган айлын орон сууцны зээлд 1000 гаруй иргэн хамрагдаж амжсан бол 2000 гаруй иргэний материал, урьдчилгаа мөнгө хоёр Төрийн банкинд үлдсэнээр дараагийн Засгийн газар солигдов. Хашаа байшин, эд хогшил юу байдаг бүхнээ зараад хөтөлбөрт хамрагдах болсон чинь санхүүжилт байхгүй “хад мөргөв”. Анхнаасаа л улстөрчдийн хоосон шоу байсныг хэзээ хойно ойлгосон 2000 иргэн хэвлэлийн хурал зарлан, өлсөнө гэдгээ мэдэгдсэнээр ОССК-ийн зохион байгуулсан бас нэгэн хөтөлбөр төгсөв.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сард ОССК-ийг ТОСК болгон нэрийг нь өөрчлөх тогтоол баталлаа. Өөрчлөлт нь гэвэл ТОСК Засгийн газрын шууд эрх мэдлийн хүрээнд удирдагдана гэнэ. Гэтэл өчигдрийн “Сайдын цаг” уулзалтаар БХБ-ын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийг Үл хөдлөх хөрөнгийн газар болгох тухай яриа дэлгээдэхэв. Юу ч хийдэггүй, ямар ч үүрэг рольгүй энэ байгууллагыг салбарын сайд “ичсэн” нүүрэндээ нэрийг нь өөрчилж үүрэгтэй байгууллага мэтээр харагдуулахыг зорьсон бололтой. Сайд аа, урд нь ОССК-ийг ТОСК болгон нэрийг нь өөрчлөөгүй биш өөрчилж байсан түүхтэй. Тэглээ гээд ялгаа гарах уу?

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.29.206) 2015-04-10 17:31
      • 0
      • 0

      энэ бүтэхгүй замаар дахин дахин орох хэрэг юу байна даа. Зүгээр л хувийн сууц барих хүмүүс нь итгэсэн банкнаасаа зээлээ аваад сууцаа барьвал болоо юум биш үү та минь Үүнийг л хийгээд чадвал банкууд маань сэргээд ирнэ, хүмүүс ажил хийгээд сурна жинхэнээсээ хумийн өмчтөн болох юум

      Хариулах