
Энэ хорвоо ертөнц тэр чигээрээ, одоо Таны уншиж байгаа энэ мэдээлэл, ашиглаж байгаа компьютерээс авахуулаад юм бүхэн ердөө голограмын тусгал гэвэл та итгэх үү. Энэ бол онолын физикч Хуан Малдесенагийн 1997 онд бүтээсэн маргаантай онол юм. Өнөөдрийг хүртэл энэ хачин жигтэй онол бодит байдалд батлагдаагүй боловч математик загвар нь толгой эргүүлсэн энэ онолыг үнэн байж болно гэж үзэхэд хүргэж байна. Уг онолоор орчлонгийн таталцал чичирхийлэх нарийхан утаснаас ирдэг аж. Гэтэл уг утас энгийн хавтгай орчлонд болж буй үйл явдлын голограм тусгал юм байна. Мөн орчлон ертөнц орон зайн 8, цаг хугацааны 1 хэмжээстэй гэж үздэг. Бурханы шашны гүн ухаанд ертөнц тэр чигээрээ оргүй хоосны үзэгдэл гэж сургадаг нь зайлбаргүй үнэн болж таарч байгаа юм. Тэгвэл японы эрдэмтэд голограм орчлонгийн онол үнэн эсэхийг математик загвар ашиглан шалгахыг оролдсон тухай өгүүлэл "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Голограмын онол нь гурван хэмжээст огторгуйн талаар тодорхой ойлголт өгөх бүхий л мэдээлэл буюу бидний оршин буй орчлон ертөнцийг зээлийн картны хамгаалалтын чип мэт хоёр хэмжээст гадаргууд хадгалагддаг гэж үзжээ. Мэдээлэл нь хүн, сүүлт од зэрэг хавтгайд нуугдсан сансарын биетийн тодорхойлолтыг агуулдаг. Тухайлбал бүхнийг сорогч хар нүх бүхэлдээ гадаргын хэлбэлзэлд агуулагдана. Энэ нь тухайн объект бодит ертөнцөд оршин байхаас илүүтэйгээр бүхэлдээ санах ой, эсвэл мэдээллийн хэсэг хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. Илүү өргөн утгаар авч үзвэл бүхий л орчлон дэлхий ердөө сансрын хавтгай дахь хоёр хэмжээст бүтэц хэлбэрээр харагдах боломжтой. Өөрөөр хэлбэл бид өөр нэгэн 2D ертөнцийн 3D тусгалд амьдарч байгаа хэрэг болно.
Японы Ибараки их сургуулийн професор Ёшифүми Хякүтакэ хар нүхний дотоод энергийн хэмжээг тооцоолж, энэхүү голограф онолын математик баталгааг олсон байна.Тэрээр огторгуйн хар нүхний хил хязгаар болон хийсвэр бөөмийн нөлөөллийг судлажээ. Мөн таталцалгүй хавтгай орчлонд агуулагдах энергийн хэмжээг тооцоолсон байна. Хачирхалтай нь компьютер загварчлалаар онолын үндэслэл болон хар нүхний хил хязгаарын тооцоо яв цав таарч, орчлонгийн хоёрдмол шинж чанарын баталгаа болж байна. Харин профессор Малдесена "тусгаар мэт санагдах 2 бүсийн энэхүү тоон баталгаанд үндэслэн шинэ онолын хүрээнд бидний оршин байгаа орчлонгийн таталцлын шинж чанар хэзээ нэгэн цагт квант механикаар батлагдах найдлага төрүүлж байна" гэжээ. Энэ онол, судалгааны ажил амьдралд удалгүй батлагдаж мэднэ.
Бид хүрээлэн орчин, хорвоо ертөнцийн нууцыг тайлж, таньж мэдэхийг оролдсоор өнөөг хүрсэн. Өнөөдөр бидний хүрэлцэн барьж, тавьж байгаа бодит биет бүхэн харж сонсож байгаа бүхний хажуугаар огт таньж мэдэхгүй хий хоосон биетүүдтэй давхцаа ертөнц байсаар ирсэн гэдгийг шашны номлол нотолсоор байгааг нухацтай эргэцүүлж бодох цаг иржээ.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.