Ч.Бямбажав: ОСНААУГ-ын 32 тэрбум төгрөгийн өрийг шийдэж өгөхийг Засгийн газраас гуйна

2015 оны 04-р сар 09-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр болж байгаа Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавтай салбарын цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шийдвэр гаргагчид, салбарынхан нийтийн аж ахуйн салбарт шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзэцгээж байна. Тийм ч учраас нийслэлээс зарим дулааны шугам сүлжээг шинэчлэхээр болж, зардлыг нь төсөвт тусгалаа. Шинэчлэлтийг хаанаас эхлүүлэх ёстой юм бэ, бүтэц зохион байгуулалтаас эхлүүлэх ёстой юм уу, шугам сүлжээгээ солихоос эхлэх ёстой юм уу?

-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг ер нь урдын бүтэц тогтолцоогоор үргэлжлүүлэн авч явах боломжгүй болсон. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед хуучин бүтэц зохион байгуулалтаар ажиллана гэдэг бол өрөөсгөл болоод байна. Тиймээс эхний ээлжинд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хэмжээнд бүтцийг өөрчилье гэдэг асуудлыг ярьсан. Бүтцийг өөрчилье гэдэг маань, хуучин гэмтэл гарахад дуудлага өгөөд дуудлагын дагуу нэг засварчин очиж засаад явдаг байсан нь болохгүй юм байна гэж үзсэн. Энэний оронд хангах, түгээх гэсэн 1, 2 дугаар контороор нь ялгаад хэрэглэгчиддээ очиж үйлчилье гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь 0 үлдэгдэлтэй орлогын данстай болъё гэдэг асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл төвлөрсөн орлогыг зориулалтын бус зүйлд зардаг ингэснээр эргээд засвар үйлчилгээ хийх мөнгөгүй болдог, үүнээсээ шалтгаалаад өр зээл тавьдаг ийм асуудлууд конторуудад байсан. Энэ мэт болохгүй зүйлүүд байгаа учраас эхний ээлжинд бүтцийн өөрчлөлт хийе гэдэг асуудал яригдаад бүтцийн өөрчлөлтийг хйисэн. Үүнийг барууны оронд маш их мөрдөж ажилладаг.

-Хангах, түгээхээр нь ялгана гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Түгээх, хангах гэдэг нь нөгөө эх үүсвэрээс ирж байгаа дулаан хангамжийг айл өрхүүдэд түгээх, хангах утгаар нь бид ингэж нэрлэж байгаа юм.

-Нийслэлд ХҮТ буюу Хэрэглэгчдэд үйлчлэх төв гэдэг шинэ нэр томъёотой байгууллагууд бий болсон харагдсан. Таны ярьж байгаагаар бүтцийн өөрчлөлтөөр эдгээр төвүүд байгуулагдаж. Үр дүн гарч байна уу?  

-Өмнө нь ОСНААУГ 21 орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай байсан. Бүгдээрээ захиран зарцуулах эрх нэгтэй байсан. Тэгвэл толгой компанийг ОСНААУГ болгоод наана хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгууллаа. Ингээд бид 2014 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхлээд явж байна. Ингэснээр үйлчилгээнд тодорхой хэмжээний үр дүн дэвшил гарч байна гэж би харж байгаа. 2014 оны эцсийн байдлаар 824 сая төгрөгийн ашигтай ажилласныг баланс харуулж байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад шинэ бүтэц зохион байгуулалт үр дүнгээ өгч байна гэж үзэх бүрэн боломжтой юм. Энэхүү шинэчлэлтийг нийслэлийн удирдлагууд ч дэмжиж ажиллаж байгаа. Түүний нэг нь энэ онд 2 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээ шинэчлэх ажил хийгдэх гэж байна. Мөн нийслэлийн төсвийн тодотголоор 890 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах асуудлыг шийдэж өглөө.

-Та шинэчлэлт хийгдсэнээр нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа талаар ярилаа. Гэтэл өнөөдөр нийтийн ахуйн үйлчилгээний чанар, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байдаг. Энэ талаараа хуучнаар конторууд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, хаанаа ч хүрэхгүй байна. Бид нөөц боломжоо ашиглан ажиллаж байна гэж хариулдаг. Энэ талаар та ямар хариулт хэлэх вэ?

-Манай салбар өөрөө их онцлог салбар. Ер нь бол орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг инженерийн шугам сүлжээтэй салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Бидний зүгээс ажилчид, боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх, чадавхыг сайжруулах тал дээр гойд анхаарч байгаа. Энэний үндсэн дээр ч бид бүтэц зохион байгуулалтыг хийлээ. Хуучин бол дуудлага өгөөд 3, 4 цагийн дараа ирдэг, барьдаг гэсэн тийм зүйл байсан. Тэр үед менежментээр хувьд өгчихсөн байсан. Тийм учраас би хийсэн ч яахав, байсан ч яахав гэсэн байдалтай байлаа. Одоо бол тийм зүйл байхгүй ээ. Одоо бол ОСНААУГ дээрээ “Call center” буюу дуудлага хүлээн авах төвийг нээн 24 цагаар ажиллуулж байна. 70005454 гэсэн утсанд залгаад хэрэглэгчид асуудлаа тавьж болно. Дуудлага хүлээн авах төв таны дуудлагыг хүлээж аваад шууд салбар ХҮТ буюу хэрэглэгчдэд үйлчлэх төв рүүгээ холбогдоод таны дуудлагыг дамжуулна. Ингээд тухайн төвийн инженер, техникийн ажилтнууд танайд очиж засвар, үйлчилгээгээ үзүүлж дуусаад эргээд дуудлагын төвдөө холбогдож ямар үйлчилгээ үзүүлсэнээ мэдэгдээд тэр нь бүртгэгдээд явах юм. Гэх мэтчилэн бид үйлчилгээгээ сайжруулахын тулд арга хэмжээнүүд авч байгаа. Гэхдээ өргөс аваад хаячихсан юм шиг гэв гэнэт бүх зүйл ок болохгүй шүү дээ.

-Та салбарын үйлчилгэээ, чанар хүртээмжид оноо тавибал хэдэн оноо тавих вэ?

-Би одоо оноо тавьдаг хүн биш, гэхдээ тавибал дундаас дээш л оноо одоогоор тавьж байна. Гэхдээ манай салбарын үнэлгээг иргэд л мэдээж тавих байх. Дуудлага бол харьцангуй багассан. Нийт дуудлагын 35 орчим хувийг хувийн конторуудтай холбоотой дуудлага эзэлдэг.

-Яг одоо нийт хичнээн төрийн болон хувийн хэвшлийн конторууд нийслэлд үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсн, нарийн тоог нь мэдэхгүй байна. Манай ОСНААҮГ Улаанбаатар хотын хэмжээнд 92 мянган айл өрхөд үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон нийт айл өрхийн 55 хувь гэсэн үг. Эдгээр айл өрхүүдэд шинэ бүтэц зохион байгуулалтаар 16 ХҮТ, 3 Түгээх төв ажиллаж байна. Түгээх төвүүд инженерийн шугам сүлжээгээ хариуцан ажиллаж байгаа. Харин ХҮТ нь яг айл өрх бүртээ хүрч, засвар үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр би чиний ажлыг хийчихлээ, чи миний ажлыг хийчихлээ гэсэн барьцах зүйлгүй болсон гэсэн үг.

-Таны урд өмнө хэвлэлүүдэд өгч байсан ярилцлагандаа орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар уналтад ороод байна. Өр зээлнээс гарч чадахгүй, төр дэмжихгүй байна гэсэн мэдээллүүдийг өгч байсан.Гэтэл өнөөдрийн зөвлөгөөнөөр та нэлээд ашигтай ажиллаж байгаа талаараа ярилаа. Энэ ямар учиртай юм бэ, та бүхэн сайн ажилчихав уу, төр дэмжчихэв үү?

-Яахав, ашигтай ажилласны тухайд бол өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд ажилласан үр дүнгийн талаар ярьсан юм. Тэрнээс өмнөх зээл, зээлийн хүү өр шир бол одоо хэвээрээ байгаа. Өнөөдөр манайх 32 тэрбум орчим төгрөгийн зээл, зээлийн хүүгийн өртэй байгаа. Энэ нь дулаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр авсан зээл юм. Энэ зээл, зээлийн хүүг шийдэж өгөөч гэдэг саналаа Засгийн газарт өнөөдрийн зөвлөгөөнөөр дамжуулан тавих гэж байна. Бидний зүгээс энэ өр авлагаа барагдуулах тал дээр өөрийн дотоод нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа гэж бодож байна. 

-Танд баярлалаа.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.