Борлуулалтаараа тэргүүлж буй 10 ном

Twitter Print
2015 оны 04-р сар 09-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Номонд дурлагсдад зориулан "Интерном" дэлгүүрийн бестселлерт орж буй 10 номыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

1. Нойрсож буй гүнж

Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...

2. Очир эрхшээгч, Б.Батрэгзэдмаа

Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ. 

Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.

3. Өөдөө тэмүүл, Ш.Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.

Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. 

Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

4. Сорхугтани, Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

5. Би өөрөө, №173 2-3 нас, 4-6 нас

Монсудар хэвлэлийн газар, "Би өөрөө" сэтгүүлийн редакциас хамтран 3-6 насны хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулан энэхүү сэтгүүлийг сар тутам гаргадаг билээ. Сэтгүүлийн дугаар бүрт бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгаварууд байхаас гадна монгол ёс зан заншлыг таниулах танин мэдэхүйн ач холбогдол бүхий эх, дуу, шүлэг, үлгэр бүгд багтсан байдаг.

6. Бөмбөрцгийн дотор гадна (Сургуульд ормогц үзээрэй)

"Сургуульд ормогц үзээрэй" иж бүрдэл нэвтэрхий толь нь хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэлтэй, өвөрмөц арга барилаар сонирхолтой хэлбэрээр бичигдсэн ном юм. Уг номыг хүүхэд аав, ээж, ах, эгчтэйгээ хамт харилцан ярилцаж унших учраас танай гэр бүлийн дотор соёлч харилцааг хөгжүүлэх таатай нөхцлийг бий болгож, хамтдаа чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөж байх болно. "Бөмбөрцгийн дотор гадна" гэдэг энэ номонд чиний мэдэж авах сонирхолтой сэдвүүдийг 6 бүлэгт хуваан оруулсан болно. Үүнд: Газрын гадарга, Байгалийн үзэгдэл, Хувцас, хоол хүнс, Нийгмийн амьдрал, Эрүүл энх өсч торнихуй, Байгаль орчноо хамгаалах.

7. Шилийн Богд, Г.Мэнд-Ооёо

Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд байх аж. Дарьгангын хээр тал дахь монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй, үлгэр домог, өвөг дээдсийн бүтээсэн өв соёлын ай сав дотор үйл явдал өрнөж, хорвоогийн гэрэл сүүдэр эрээн бараан дундах дэнсэнд хүмүүний хувь заяа, эр зориг, хүн чанар, хайр хорсол, ариун сэтгэл, ад шунал, зовлон жаргалыг нэн сонирхолтойгоор гаргаж тавьсан байна. “Шилийн Богд” романд Агшуу хэмээх шонхор тэргүүт жигүүртний ертөнц хүмүүстэй нэгэн ай сав дотор зэрэгцэн оршиж, шувууны нүдээр амьдралыг тольдох аж. Өргөн утгаар хэлбэл Манжийн ноёрхлын цаг үеийн толинд өнөөдрийнхөө нүүр царайг харах боломжийг уншигчдад олгож, онгон байгаль, үндэсний дархлаа, өв соёлоо түүхийн бэрх цаг үед авч үлдэж, хойч үедээ өвлүүлж байгаа жирийн хүмүүсийн алжаал ядрал, зовнил шаналал, хайр бахархлыг энэхүү романд томруун үзүүлжээ.

8. Oxford Monsudar Англи-Монгол толь бичиг

90000 гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтсан энэ толь дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг давхар хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг багтааснаас гадна 70 гаруй захидлын загварыг оруулсан байна. Уг номыг Монсудар хэвлэлийн газар толь бичгээр дэлхийд тэргүүлэгч Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газартай хамтран бүтээжээ.

9. Хорлоогийн Чойбалсан I-II (Түүхэн эрхмүүдийн цадиг), Баабар

Чойбалсангийн намтар бол XX зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дахь магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй. Ийм учраас эл Хорлоогийн Чойбалсан хэмээх энэ бүтээл нь Чойбалсангийн намтраар дамжуулан өгүүлэх XX зууны монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэх учиртай. Энэ үе нь монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх юм.

10. Үзэхийн хязгаар, Л.Өлзийтөгс

Яруу найрагч, зохиолч Л. Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Буурьтай санаа, хувь дотоод ертөнцийн онцлогоор халгиж цалгин буй энэ эсээнүүдийн эзэн өөрийн тухай биш өөр нэгний тухай л хүүрнэж буй мэтээр зоримог, шуудхан бичсэнийг та олж харна. Зохиолч хүний уран сэтгэмжээр баяжиж, яруу найрагч хүний зүрхээр дамжин бидэнд ирж буй дээрх түүхүүдээс ямагт "чин сэтгэл" мэдрэгдэж байгаад уг номын үнэ цэнэ оршино.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.