Ш.Гүрбазар: Өөрийнхөө нэрээр овоглосон ток шоу хийе гэж бодож байгаа

Twitter Print
2015 оны 04-р сар 09-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.

-Уран бүтээлчид дуугаа л дүрсжүүлдэг болохоос биш барагтай бол шүлэгдүрсжүүлээд байдаггүй. Та яагаад “Тайтгарахуй” шүлгэндээ клип хийлгэхболов оо?

-Олон нийтийн байгууллагын уран бүтээлч залуус миний шүлгийг клип болгож өгье гэсэн санал тавьсан юм. Тэгэхээр нь би шүлгийн түүврээ үзүүлтэл “Тайтгарахуй” шүлгийг дүрсжүүлье гэсэн. Би ч мэдээж хэрэг дуртай зөвшөөрсөн. Өчигдрөөс үзэгч олонд хүрч байгаа байх.

Олонд хүрч байгаатай нь холбогдуулаад хэвлэлийн бага хурал хийлээ. Зүгээр нэг хайрын тухай юм уу, эх орны сэдэвтэй шүлгийг дүрсжүүлсэн бол би ингэж хэвлэлийн бага хурал хийхгүй л дээ. Үг тун аюултай гэдгийг би өөрөө сэтгүүлч хүний хувьд сайн мэднэ. Сайхаан сайхан гээд хоёр удаа хэлчихвэл хэрэгт орчих жишээтэй. Ганц үг ч үнэ цэнтэй байдаг. Харин энэ клипний тухайд гарч байгаа цаг үе нь сонин таарч байна. Хүмүүсийн тэмцэл хөдөлгөөн өрнөөд, засаг төрдөө шаардлага тавиад Ерөнхий сайд нь эвийг хичээе, дотроо учраа олъё гэлцэн тал тал тийшээ харсан үед энэ шүлгийг гаргаад ирэхээр олон нийт “Энэ Гүрээ тэмцлийг зогсоогоод тайван байя” гэж уриалаад шүлэг бичин тарааж байна гэж ойлгох ч юм билүү.

-Энэ шүлгээ та хэзээ бичсэн юм бэ?

-2012 онд бичсэн шүлэг юм шүү дээ. 2013 онд гаргасан “Шанзны хавар” шүлгийн түүвэрт минь багтсан. Миний хувьд бид нар өнөөдөр жаахан зогсосхийгээд, хүлээзнэх цаг болсон юм шиг ээ. Зөв зүйлээ дэмжих шиг дэмжээд, буруу тохвол буруутгасан шиг буруутгаад өөр хоорондоо учир начраа олоод урагшаа явбал Монгол Улсын заяа өндөр юм чинь хөгжинө шүү дээ. Нэг их тэгтлээ сөнөчихнө гэж айгаад байх зүйл алга байна. Жаахан бод.

Адраад яахав дээ, амьдрал дандаа ийм байхгүй

Адгаад яахав дээ, амьдрал болдгоороо л болно

Давчдаад яахав дээ, дандаа ийм байхгүй

Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж

Алсаас сайхан сураг ирнэ

Үймрээд яахав дээ, үнэн гадаа чинь ирнэ

Зүсэрсэн бороо татарч норсон дээл чинь эгшинэ

Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ

Хар дараад сэрэхэд ээжий чинь хажууд байгаа юм шиг

Хамаг бүхэн сайхан болно

Хормой сэмэрсэн уулынхаа оргилыг харсан хүн

Хомхой сэтгэлээ татна

Эх нь булингартсан гол усныхаа урсгалыг харсан хүн

Энэ яваа насаараа мөргөлчин болно

Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт

Өөр юм хүмүүс боддог болно

Адгаад, давчдаад, уймраад, үймрээд, эмзэглээд, эргэлзээд яахав дээ

Энэ Монгол Улс маань сайхан болно

Хөдөлж яваа хөсөг зогсож байж ачаагаа чангалдаг юм

Хүний ухаан заавал сайхныг бараадна. Ийм л шүлэг.

-Та “Бодоход инээдтэй юм” тоглолт хийснээс хойш уран бүтээлийн цэнгүүнхийсэнгүй. Одоо үзэгч олонтойгоо уулзах цаг болсон гэж боддог уу?

-Бие даасан сэтгүүлчийн гэдэг юм уу, үзэл бодлын лекц хийе гэж бодоод байгаа. Заавал рок, попынхныг дуулуулдаг тоглолт биш оюуны лекцээр уулзъя гэж бодож байна. Хүмүүс сайхан зүйл сонсох дуртай шүү дээ. Ярианы урлаг сонирхдог хүний хувьд иймэрхүү зүйл хийе гэж бодоод байгаа юм. Сүүлдээ бас Ш.Гүрбазар ийм гоё зүйл ярьдаг шүү гээд хүлээдэг болох ч юм билүү.

-Хэзээ зохиох гэж байна вэ?

-Хурдхан хиймээр л байна. Сая өнгөрсөн Мартын 8-наар “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй” гэсэн нэртэйгээр зохион байгуулах гэж байгаад больсон. Хоёр цаг гучин минут сайхан ярихад тэнд очсон хүн ижийнхээ тухай бодож байгаад л гарна биз. Одоо харин нэг их удалгүй олон түмэнтэйгээ уулзъя гэж бодож байгаа. Бас нэг санаа байна. Тэр нь МҮОНТ-д юм уу өөр газар байх нь уу өөрийн гэсэн ток шоу хийе гэж бодоод байгаа. Ш.Гүрбазарын гэсэн нэртэй... Би чинь бас Монголын сэтгүүлзүйд 40-өөд жил ажиллачихлаа. Туршлага бол туршлага байна. Яг сайхан идэвхтэй ажиллах дөрөв, таван жил үлдсэн байж ч мэдэх юм. Т.Галсан гуайн хэлдгээр “Одоо л нэг сайхан юм хиймээр байна” гэдэг шиг л.

-“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээс ямар ялгаатай байх вэ?

-Шал ондоо байх юм. “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийнхээ хаалтын дугаарыг хийгээд албан ёсоор жаргаасан. Одоо харин үзэгчтэй, заалтай, гадны ток шоу шиг байлгая гэж бодож байна. “Дээр нь хөтлөгчийн дамжаа байгуулах санаатай. Өөрийнхөөрөө хөтлөх урлагийг хүмүүст хэлж өгмөөр байна. Хүнд заана гэдэг өөрөө хөтлөхөөс сайхан санагдаад байгаа юм. Яагаад гэхээр би аргыг нь мэдэх юм. Өөрийгөө мундаг хөтлөгч гэхгүй ч яаж хөтөлдөг вэ гэдэг аргыг сайн зааж чадна. Тэрнээс гадна жүжиг, шүлэг бичээд ер зүгээр суухгүй байгаа. Зурхайгаар энэ жил миний сэргэлтийн цаг юм гэнэ лээ. Тэгэхээр хонь жилд үзэгчдээ баярлуулсан олон зүйл сонсгох байх.

-Жүжгийн зохиол гэснээс урлагийнхантай уулзахаар сайн жүжгийн зохиололдохгүй байна гэж ярих юм?

-Би сүүлийн үед нэг жүжиг бодоод л явна. Ч.Найдандорж найруулагчтай утсаар ярьсан. Одоо харин хоёр гурав хоног суух санаатай байна. Захиалгын биш, өөрөө бодсон жүжиг хийе гэж бодоод байгаа юм. Ерөнхийдөө надад захиалгын жүжиг их орж ирдэг. Студи, хүнд нь тааруулж олон жүжиг бичсэн. Харин одоо өөрийнхөө бодож байгаагаар, жүжгийн зохиол гэж яг ийм зүйл байх болов уу гэж сэтгэж байгаад дуусгаад Драмын театрт очъё гэж бодож байгаа.

-Таныг жүжгийн зохиол руу хөтлөн оруулсан багш тань Д.Намдаг гуай.Багшийнхаа тухай ярихгүй юу?

-Д.Намдаг гуай их олон хүний багш шүү дээ. Зарим нь багшаараа эрдмийн зэрэг ч хамгааллаа. Миний багш гээд ярихаар зарим хүмүүс “Энэ Ш.Гүрбазар өмчилчихлөө” гэж дургүйцээд байдаг юм. Миний тухайд Д.Намдаг гуайд шавилсны буян гэж бий. Надад “Ер нь бүх зүйл драм. Яруу найраг ч драм, жүжгийн зохиол ч драм, нэвтрүүлэг ч драм” гэдэг. Юмыг драмтай сэтгэх чанарыг надад суулгаж дээ гэж боддог юм. Миний нэвтрүүлэгт ч драм бий, дуунд ч драм бий. Драмтай сэтгэ гэдэг байлаа. 1975 онд “Утга зохиол” сонинд Б.Явуухулан гуай “Монголд драмын яруу найраг хэрэгтэй байна” гэж бичиж байсан юм шүү дээ. Тэгж сэтгэх сэтгэлгээг надад шагнал болгон өгчээ гэж боддог. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг драмтай. Дуунуудыг ч гэсэн драмгүй гэж хэлэхгүй байх.

Яв даа чи минь, яв даа чи минь

Би ямар азтай байх ёстой юм уу

Чимээгүйхэн ганцаар уйлаад яахав

Чи бид хоёр хэн хэндээ буруугүй ээ гэдэг чинь драм шүү дээ. Ийм л сэтгэхүйг багш минь надад өгчээ.

-“Хүний амь” киног хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэлээ. Нэг хийсэн киногоояагаад дахин хийх болсон юм бэ?

-Зохиогчийн эрх гэдэг шиг бүх л эрх нь Г.Жигжидсүрэн найруулагчид байдаг юм. Г.Жийгээ найруулагч П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар бид гурвын багш. Бид нар багшийнхаа далайсан газар далд орж, далласан газар ил гарах ёстой улс. Бидний өдий сайхан яваа нь багшийн гавьяа. “Хүний амь” киног анх хийхэд бид гурав оюутан байлаа. Тэгсэн өнөөдөр ардын жүжигчин, төрийн шагналт, гавьяат болчихож. Тэр кинонд тоглож бидний уран бүтээлийн гараа эхэлсэн л дээ. Харин дахин тоглохыг багш санаачилсан хэрэг. Багшийнхаа даалгавраар очоод тоглосон.

-Та залуудаа хэд хэдэн кинонд тоглосон. Харин сүүлийн үед дэлгэцийн уранбүтээлд тоглоогүй байх. Ямар санагдаж байх юм?

-Бараг 40-өөд жилийн дараа кинонд тоглож байгаа минь энэ. Чадлынхаа хэрээр дүрээ бүтээсэн. Удахгүй бас шүлгийнхээ цомгийг хэвлүүлье гэж бодож байна. 2002 онд “Үзэгний чимээ” цомгоо гаргаж байлаа. Одоо уг нь нэг цомог бэлэн болчихоод байгаа ч дан ганц цомог гэлтгүй нөгөө талд нь дүрстэй DVD гаргая гэж бодож байна. Бас л сонин байлгүй дээ. Долоо, наймдугаар сард гаргая гэж бодож байгаа. Ингэж цомог гаргах сайхан. Зарж борлуулаад баяжаад сүйд болохгүй ч гэлээ хүмүүст хүрнэ гэдэг сайхан. Олон хүн сонсоод, цахим ертөнцөөр тарах нь гоё байдаг юм.

С.Алтанцэцэг, Өдрийн сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Githa

      (188.143.232.27) 2016-12-21 14:59
      • 0
      • 0

      I just hope whvoeer writes these keeps writing more!

      Хариулах