Орос хоол, гал тогоо

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Манай гариг дээр түгээмэл тархсан хоол, гал тогоотой улс, үндэстний нэгд ОХУ зүй ёсоор багтдаг. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, Европ, Азийн олон улстай хил залгаж, эргэн тойрон далай, тэнгисээр хүрээлэгдэн оршдог, эртний түүх, соёлтой Орос оронд хэдэн арван үндэстэн, ястан нэгэн их гэр бүлд хамтран амьдарч, аж төрдөг. 

Иймд  орос үндэстний  уламжлалт хоол хүнс, зочлох ёс нь олон үндэстэн, ястны түүх, соёл, зан заншил, хамтын оюун ухаан, хөдөлмөр, аж төрөх ёс, материал  баялаг, үнэт зүйлийн  цогц  болон  хөгжиж ирсэн түүхтэй юм. Байгаль, цаг уурын янз бүрийн бүсэд амьдарч аж төрдөг том, бага үндэстэн ястнууд өөрийн онцлогтой хоол, хүнсний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн ч  тэдгээрийн хооронд тогтсон ах дүүсэг олон талт харилцаа нь шинэ шинэ хэрэглээг бий болгосоор оросын хэмээх нэгэн том гал тогоог бий болгосон билээ. Ийм болохоор зөвхөн орос үндэстний хоол төдийгүй украйны хүрэн шөл, узбекийн плов, гүржийн харчо, казахын бешбармак, киргизийн лагман, кавказын улсуудын шорлог, азербайжаны довга, молдавын мамалыга, белорусийн мачанка, балти хавийн орнуудын гахайн махан хоол бүгд л оросуудын хувьд түгээмэл хэрэглэж заншсан төрөлх хоолны төрлүүд байдаг.

Орос үндэстний хоол, ундаа нь жор найрлага, бэлтгэх, амт оруулж чимэглэх ажиллагааны хувьд зохистой, энгийн байдгаараа онцлог юм. Оросууд эрт дээр үеэс хөх тариа, улаан буудай, арвай, овъёос, бог будаа зэрэг үр тарианы зүйлийг боловсруулан хоол, хүнсэндээ түгээмэл хэрэглэж ирсэн бөгөөд одоо ч гол хүнс хэвээр байна. 

Пирог, расстегаи гэж нэрлэдэг, мах, загас, ногоо, мөөг, будаа, аарц, өндөг зэргээр шанзалсан гурилан бүтээгдэхүүн, пирожки (хөөмөл хуушуур), олгой талх (кулебяка), банш, цутгамал (оладьи), орос давхраат бялуу ( курник), хуймаг ( блин, блинчик), мөөхий (пряник, кулич) зэрэг нь зөвхөн орос үндэстний уламжлалт гурилан бүтээгдэхүүн юм. Эдгээр нь оросуудын зочны ширээнд хүндтэй байр эзэлдэг билээ.

Тухайлбал, "масленица" гэж нэрлэдэг шар тосны баяр (славяны христос шажинтнуудын өвлийг үдэх баяр )-ын ширээнд  дээрх бүтээгдэхүүн, түүнчлэн "жаворонки" нэртэй гурилан боовыг заавал тавьдаг заншилтай. Хамгийн эрхэм зочноо талх, давс барьж угтдаг орос заншил ч дээрхийг бас гэрчилнэ. Оросын умарт нутгийн хүн амын өдөр тутмын хоолонд шар будаа чухал байр суурь эзэлнэ. Тэд шар будаагаар гурил хийж, шар айраг, квас исгэж, шар будаатай шөл, амтлаг хоол бэлтгэж ирсэн өнө эртний уламжлал одоо ч хадгалагдан үлджээ. Шар будаа нь илчлэгийн хувьд бусад төрлийн будааг гүйцэхгүй тул түүнийг сүү, аарц, малын элэг, хулуу зэрэгтэй хольж хоол бэлтгэдэг. 

Орос үндэстний хоолыг төмс, хүнсний ногоогүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Оросууд 17-р зуун хүртэл байцаа, манжинг хоолондоо хамгийн түгээмэл хэрэглэж  байжээ. Эдгээрийг хоолонд шинэ байдлаар хэрэглэхийн зэрэгцээ давслах, цуужуулах зэргээр  боловсруулж  нөөшилдөг орос арга дэлхийн бусад орнуудад тархсан түүхтэй. Оросууд байцаагаар олон нэр төрлийн хоол бэлтгэж ирсэн уламжлалтай бөгөөд зөвхөн "Щи" гэж нэрлэдэг байцааны шөл гэхэд л түүнийг хийх 60 гаруй жор, технологи  байдаг ажээ. 

Манжинг  усанд чанасан, улайссан цог, халуун ууранд цогнож болгосон, жигнэсэн байдлаар хэрэглэхийн зэрэгцээ бусад хоолны хольц, шанз зориулалтаар бэлтгэдэг. Түүнчлэн манжингаар квас хэмээх алдарт ундааг бэлтгэж байжээ. Хожим нь Оросууд төмсийг хоолондоо хэрэглэх болсноор Өмнөт Америкаас гаралтай энэ  ногоо тэдний хувьд хамгийн түгээмэл хүнс болжээ. Орост дан төмсөөр болон түүнийг оролцуулан маш олон нэр төрлийн  хоол бэлтгэдэг байна. Үүний нэг жишээ нь 1990 онд Орост хэвлэгдсэн нэгэн номд төмсөөр хийх 777 хоолны жор, технологийг багтаажээ.

Төмс, байцаа, манжингаас гадна гэрийн нөхцөлд тариалахад хялбар, глюкозид, эфирийн тосны агууламж сайтай улаан лууванг оросууд хоол, хүнсэндээ өргөн хэрэглэдэг. 

16-р зууны үеэс Орост өргөст хэмх нэвтэрч энэ ногоог давслах, дарах олон аргаар боловсруулан хоол хүнсэндээ хэрэглэх болсон байна. Дэлхийн бусад орны хоол, кулинарын ном, зоогийн газрын хоолны цэсэнд орос шанцай (Russian salad), орос шөл (Russian soup) нэрээр бичигддэг ногооны холимог шанцай (винегрет), өргөст хэмхтэй шөл (рассольник)-ний жор найрлагад  давсалсан өргөст хэмх ордог билээ. Ер нь орос үндэстний хоол, зоогийг өргөст хэмхгүйгээр төсөөлөх аргагүй юм.

Оросууд эрт дээр үеэс жимс тариалан хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Тухайлбал, алим, лийрийг квас бэлтгэх, байцаа дарах, түүнчлэн бусад хоолны хольц болгон хэрэглэдэг байна. 

19-р зууны үеэс Орост улаан лооль тариалж  эхэлсэн тухай  ном хэвлэлд дурдсан буй. Орос орон ой модоор баялаг учир мөөг, жимсгэнэ, самар зэргийг хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг. Орос үндэстний хоолонд амт оруулагч ургамал, халуун ногоо чухал байр суурь эзэлдэг. Хоолондоо ногоон гоньд, яншуй, цоохор майлз, анис, гаа, тонх, саримс, повоор, чинжүү, шанц, шафран, лаврын навч зэрэг амт оруулагчийг түгээмэл хэрэглэнэ.

Мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс үхэр, гахай, хонь, ямаа, тахиа, галуу, нугасны мах, дотор эрхтэн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнийг голчлоно. Түүнчлэн ан амьтан, агнуурын шувууны махаар төрөл бүрийн хоол бэлтгэдэг. Орос орон далай тэнгисээр хүрээлэгдсэн, дотооддоо олон мянган нуур, гол мөрөн, цөөрөмтэй. Иймд  далай, тэнгис, нуур, гол мөрний загас, бусад амьтдын махыг хоолондоо өргөн хэрэглэдэг. Загасыг давслах, борцлох, утах, хатаах зэрэг олон аргаар боловсруулна. Орост савлаж бэлтгэсэн загасны улаан, хар түрс дэлхийн тансаг идээнд зүй ёсоор тооцогддог билээ.

Дулааны боловсруулалтын  зонхилох төрөл нь өөрийн нь шүүсэнд болон сүмсэнд  жигнэх, битүү хайрах, махыг том зүсмээр шарах, цуужуулаад улайссан цог дээр шарах, их тосонд шарах арга байдаг. Шарах ажиллагаанд амьтны болон ургамлын гаралтай өөх тосыг хэрэглэнэ. 

Амтлаг хоол, ундааны төрлөөс хамгийн түгээмэл нь төрөл бүрийн нарийн боов, жимсний чанамалтай ундаа, цай, кисель, компот, квас, шар айраг, мөхөөлдөс байдаг. Окрошка, свекольник, ботвинья зэрэг хүйтэн шөл, цэлцгий (студень)- нь орос үндэстний өвөрмөц хоолны төрөл мөн. Ийнхүү орос үндэстний хоол, хэрэглээ, зочлох ёс нь өнө эртнээс уламжлагдан ирсэн баялаг түүхтэй, өөрийн өвөрмөц онцлогтой юм. 

Гэхдээ Орос оронд олон арван үндэстэн ястан аж төрдөг учраас  тэдгээр тус бүрийн хоол, гал тогоо өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, башкир, татаар, якутчууд хоолондоо адуу, цаа бугын махыг, карель, чуваш, марий, мордовчууд загас, тэнгис, далайн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг.

Сонирхуулахад 19-р зуунаас Орост  Европын орнууд, юуны өмнө Францын хоол, гал тогоо хүчтэй нэвтэрсэн бөгөөд  энэ нь орос үндэстний хоол, ундааны нэр төрлийг ихээхэн өргөжүүлсэн билээ. Дашрамд тэмдэглэхэд Орост 1638 онд Монголоос буцаж харьсан Москвагийн элч Василий Старковт манай улсын хаанаас 200 боодол (64 кг) цай бэлэглэж энэ нь хааны ордныхонд ихээхэн таалагдсан тул Орост цай хэрэглэх явдал дэлгэрсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг.

Вареник  (Орос аргаар  чанасан  аарц)

Нухаж  жигдрүүлсэн аарцыг түүхий өндөг, давс, элсэн чихэр, гурилтай хольж зуурч нухна. Нухсан аарцыг 10-12  мм  зузаантай  хавтгайлан элдэж 25 мм-ийн өргөнтэйгээр туузлан зүснэ. Энэхүү туузан зүсмээ дөрвөлжин буюу  гурвалжин  хэрчиж буцламгай  усанд чанаж  болгоно. Таваглаж  зөөхий  буюу цөцгийн  тос  дусаана.



Орос хуймаг

Жор: улаан  буудайн  гурил  95,  өндөг  1/4, сүү буюу  ус  150, элсэн  чихэр 5, холимог  тос 5, хөрөнгө  5, хайлуулсан  цөцгийн тос 20,  зөөхий  40, давс

Бүлээн ус буюу сүүнд элсэн чихэр, давс, исгүүр хөрөнгө  зэргийг  уусгаж  гурил, түүхий өндөг  нэмж  бөөнгүй  болтол  хутгаад  хайлуулсан цөцгийн тос нэмж найруулна. Дараа нь зуурмагаа дулаан газарт 3-4 цаг тавьж исгэнэ. Исгэх хугацаанд зуурмагаа хэд хэдэн удаа хутгаж найруулна. Хуймгийг сайтар халааж өөхөөр тосолсон ширмэн хайруулд хайрч болгоно. Таваглаж  олгохдоо цөцгийн тос буюу зөөхий  дусаана.

Орос запеканк (Хөндий  гоймонгийн  хучмал)

Жор: хөндий  гоймон  60, өндөг 1/4, холимог тос 10,  махны буюу элэгний таташ 100, талхны нунтаг хатаамаг 5, цөцгийн тос  10, давс

Хөндий гоймонг давстай усанд чанаж болгоод хүйтэн усаар сойж цөцгийн тос, өндөг нэмж багсарна. Тосолж нунтагласан хатаамаг цацсан тэвшинд гоймонгийнхоо талыг жигд зулж дэвсээд  дээр нь  махан буюу элэгний шанзаа жигд тараан зулж  дээрээс нь үлдсэн гоймонгоо зулж гадаргууг тэгшилнэ. Үүн дээрээ талхны нунтаг хатаамаг цацаж тос шүршээд халаасан шарах шүүгээнд  хийж  болгоно. Бэлэн болсон хучмалыг хувилж хэрчээд  таваглаж дээр нь  хайлуулсан  тос  дусааж  өгнө.

Нийтлэлч Ж.Октябрь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.